Сонгуульд санал өгнө гэдэг эгшин зуурын сонголт биш
“Сонгогчдын боловсрол төв”-ийн гүйцэтгэх захирал С.Оюунтуяа
2015.12.15

Сонгуульд санал өгнө гэдэг эгшин зуурын сонголт биш

 “Сонгогчдын боловсрол төв”-ийн гүйцэтгэх захирал С.Оюунтуяа

Сонгогчдын боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ийн захирлын хувьд иргэд ямар хүнийг сонгох нь зүйтэй гэж зөвлөх вэ?

Монголчууд итгэл даах хүнийг сонгох хэрэгтэй гэж их ярьдаг. Өөрөөр хэлбэл, биеэ зассан, гэрээ зассан, төр барих эрдэмд суралцсан гэх үү дээ. Өөрийн эрх ашгийг өчүүхэн төдий, өргөн олны эрх ашгийг өндөр тэнгэр мэт санаж зүтгэж чадах хүнийг л хэлнэ дээ. Энд худлаа ярьдаггүй, худал амлалт өгдөггүй хүнийг ойлгох байх. УИХ-д биднийг төлөөлж, биднээс авсан эрх мэдлийг бидний эрх ашгийн төлөө хэрэгжүүлж чадах хүнийг сонговол хамгийн сайн төрийн түшээг сонголоо гэж ойлгож болно.

Сонгогчдын улс төрийн мэдлэг ямар түвшинд байна?

Сонгогчдын боловсрол бол хамгийн чухал асуудал. Монголын төр хариуцлага, ёс зүйтэй түшээдтэй байх эсэх нь иргэдийн улс төрийн боловсролоос шууд хамаардаг. Улс төрийн мэдлэгтэй иргэдтэй бол тэр хэмжээний чадавхитай төр бий болно.

Тэгвэл танай байгууллага сонгогчдод улс төрийн боловсрол олгох чиглэлээр ямар арга хэмжээ авч байна?

Бид өөрийн нөөц, боломжийн дагуу сонгогчдын сонгуулийн боловсролын асуудалд анхаардаг. Ингэхдээ санал өгөх алхмууд гэж юу болох, сонгогч ямар эрх, үүрэгтэй, хариуцлагатай ухаалаг сонголт гэж ямар байх талаар зөвлөгөө, мэдээлэл өгдөг.

Сонгуульд саналаа өгнө гэдгийг нэг өдрийн хэдхэн минутын ажил гэж ойлгож болохгүй. Дөрвөн жилд иргэдийг, биднийг төлөөлөн ажиллах хүнийг сонгох учраас маш хариуцлагатай байх ёстойг анхааруулах олон ажлыг хийж байна. Агшин зуурын сонголт хэмээн ойлгож, хайхрамжгүй байдлаар сонголтоо хийснээр ойрын дөрвөн жилд араас нь хөөцөлдөх, шүүмжлэх хэрэг гардаг.

Хэрэв иргэдийн сонгосон УИХ-ын гишүүн хариуцлагагүй ажиллавал түүнийг солих эрх нь иргэдэд бий.

Таны бодлоор төрийн түшээ гэж ямар хүнийг хэлэх вэ? Өнөөгийн улс төрд дүйцэхүйц хүн  байна уу?

Түшмэл бол хаан төрийн долоон эрдэнийн нэг. Тэр утгаараа төрийн түшээ хүнд байх эрхэм шинж бол итгэл дааж чадах, ноён нуруутай байх гэж ойлгодог. Хүн бүрийн харах өнцөг өөр л дөө. Минийхээр дээр хэлсэн шинжид тохирох хүн тун цөөн харагддаг. Энэ нь олон учир шалтгаантай байх. Түүнчлэн, Сонгуулийн хууль, нөгөө талаасаа “Улс төрийн намын тухай” хууль, намын төлөвшилтэй ч холбоотой. 

Улс төрд орж буй эмэгтэй улстөрчдийг юу гэж хардаг вэ?

Одоогийн парламентийн онцлог нь анх удаа 11 эмэгтэй гишүүнтэй боллоо. Эмэгтэйчүүд бодлого тодорхойлох бүрэлдэхүүнд багтсанаар эрүүл мэнд, нийгэм, боловсролын асуудалд бодлогын нааштай шийдвэр гарахад нөлөөлж чадаж байна. Тиймээс эмэгтэй гишүүд олон болох тусам нийгмийн асуудлыг тэр хэрээр шийдэх боломж бүрдэнэ гэж хардаг.

Ирэх сонгуулиар шинэ хүн гарч ирэх магадлал хэр байгаа бол?

Уг нь парламентад гурав, дөрвөн удаа сонгогдож болохгүй гэсэн хууль байхгүй л дээ. Гэхдээ олон удаа сонгогдлоо гэдэг нь сайн төрийн түшээ гэсэн үг бас биш болов уу.. Шинэ хүн сонгогдох нь нээлттэй. Гол нь тэд зөв, хариуцлагатай, хуулийн хүрээнд ажиллах ёстой.

Сонгогчид олж авсан мэдээлэл, үнэлэмж, итгэл үнэмшилдээ тулгуурлан сонголтоо хийдэг. Дахин хэлэхэд сонгогчид сонгуульд хариуцлагатай хандах ёстой.

Төрийн зүгээс сонгогчдыг мэдээллээр хангаж өгөх хэрэгтэй.

Тэгвэл та сонгуульд нам, нэр дэвшигчийг дугуйлахдаа ямар шалгуур тавьдаг вэ?

Миний хувьд улс төрийн туршлага, итгэл даах чадварыг харж, саналаа өгдөг.