ЭСРЭГ БАЙР СУУРЬ

Сонгуулийн хуулийн өөрчлөлт шинэлэг болсон

2016.01.11
Сайт: Vip76.mn
Дугаар : 37768
Сонгуулийн хуулийн өөрчлөлт шинэлэг болсон
Сонгогчдын боловсрол төвийн гүйцэтгэх захирал С.Оюунтуяа

-Өмнө болсон шат шатны сонгуулийг угтаад хуулиа өөрчилж ирсэн нь цаг үе, мэдээллийн цар хүрээ, улс төрийн амьдралтай холбоотой боловч үүнийг буруу гэж бодохгүй байна. Харин эдгээр өөрчлөлт нь өмнөхөөсөө боловсронгуй болж, сайжирч чадаж байгаа эсэх нь өөр хэрэг. Энэ удаагийн өөрчлөлт нь нэлээд хэдэн давуу талтай, шинэлэг боллоо гэж үзэж байна.

Тухайлбал, Сонгуулийн хуулийн дөрвөн ч хувилбарыг нэгтгэж нэг хууль болгосон ч хуучин тогтолцоогоо хадгалж чадсан нь сонгогчдод илүү ойлгомжтой, саналаа илэрхийлэхэд дөхөм байх болов уу. Нөгөө талаар олон намын оролцоо анх удаа бодитоор биеллээ олсон гэж бодож байна. Улс төрийн сонгуульд мөнгөний нөлөөг багасгах намуудын амлалт ч тодорхой хэмжээгээр туссан, ямар нэг байдлаар хязгаарлагдсан гэж харж байна.Өмнө нь сонгуулийн зардлыг СЕХ тогтоодог байсан бол энэ удаагийн хуулиар дээрх эрхийг санхүүгийн аудитын байгууллагад шилжүүлсэн. Мөн Монголбанк, СЕХ-ны журмаар зохицуулдаг байсан сонгуулийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих ажлыг мэргэжлийн байгууллага, аудиторууд гүйцэтгэхээр болсон. Үүнээс гадна сонгуулийн зардалд томоохон байр эзэлдэг хэвлэл мэдээлэл, сурталчилгаанд зарцуулах, суртал ухуулгад оролцогчдод олгох урамшууллыг сонгуулийн зардлаас хасахаар заасан байна. Сонгуулийн системийн хувьд хуучин холимог системийг хадгалж үлдсэн. Энэ нь 28 гишүүн намын жагсаалтаар, 48 нь томсгосон 26 тойргоос сонгогдож УИХ-ыг бүрдүүлнэ гэсэн үг. Тойрог болон түүнд тохирох мандатын тоог гаргах нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал байдаг. Өмнөх сонгуулиар таван хувийн босго байсан. Ийм босго байсаар байтал МҮАН, ИЗНН-ын гишүүд парламентад суудалтай болж чадсан нь манай сонгуулийн босго тийм ч өндөр биш болохыг баталж буй явдал юм.

Парламентын засаглалтай орнуудын жишгээс харахад босго нь 1-7 хувь байдаг.Шинэ хуулиар сонгуулийн сурталчилгааг 18 хоног болгож тогтоосон нь өмнөхөөс 3-4 хоногийн л наана цаана байгаа хэрэг. Бусад улс оронд ч сонгуулийн зардлыг бууруулах нэг арга нь сурталчилгааны хугацааг богино болгох явдал гэж үздэ. Манайх тэр зарчмаар л хуульдаа тусгасан гэж ойлгож байна. 2012 оны сонгуульд иргэн нэг сая, аж ахуйн нэгж 10 сая төгрөгийн хандив өгч болохоор хуулийн заалттай байсныг иргэн гурав, компани 15 сая болгож нэмэгдүүлсэн байна. Энэ нь эдийн засгийн байдал, инфляцийн өөрчлөлттэй л холбоотой байх. Тэгээд ч өнөөгийн нөхцөлд 2012 оных шиг зөвхөн сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш богино хугацаанд 37 тэрбум төгрөг босгох боломж хомс.  Парламентын засаглалтай орнуудын жишгээс харахад босго нь 1-7 хувь байдаг.

Сонгуулийн хууль хуучнаасаа огт өөрчлөгдөөгүй

2016.01.11
Сайт: Vip76.mn
Дугаар : 37767
Сонгуулийн хууль хуучнаасаа огт өөрчлөгдөөгүй
УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Нэгдүгээрт, Үндсэн хуульд Монгол Улсын 18 насанд хүрсэн хүн сонгох эрхтэй. 25 насанд хүрсэн хүн сонгогдох эрхтэй гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, 25 насанд хүрсэн иргэн сонгогдох эрхтэй болохоос 25 жил болсон нам сонгогдох эрхтэй гэсэн зүйл байхгүй. Энэ утгаараа нам, эвслүүд хү­нээ дэвшүүлдэг. Хү­нийг дугуйлдаг зарчимтай байдаг. Бид 38:38 гэж оруулж ирсэн нь ч учиртай. 38 хүнийг дугуйлаад, дугуйлагдсан хүний тоогоор намынхаа төвшнийг тогтоох нь зүйтэй гэж бодож байсан.

Сүүлдээ таван бүсэд хуваана гэхээр нь ядаж таван хүнээ сонгож, баруун, зүүн, төв зэрэг бүсэд байгаа лидерүүдээ дугуйлъя гэдэг санал гаргасан. Гэтэл эсрэгээрээ хүн дугуйлахаа болиод нам дугуйлна гэсэн. Өөрөөр хэлбэл, хуучин хуулиасаа өөрчлөгдсөн зүйл огт байхгүй. 2012 онд батлагдсан хуулийн дагуу би УИХ–д орж ирсэн. Тэр үед надад хуульд санал хэлэх эрх байгаагүй. Шийдвэр гаргахад ямар нэг байдлаар нөлөөлөх боломжгүй байсан. Харин одоо бидэнд байгаа боломжоор хууль санаачлаад оруулаад ирэхэд нөгөө чичлээд байдаг МАН, АН–ынхан “Үүнээс өөр ямар өөрчлөлт оруулах юм гээд инээгээд сууж байна шүү дээ. 90 жил болсон намын нэрээр эсвэл 25 жилийн ардчилал бол АН-ынх гэж ард түмний тархи угаасан үзлээр олонхийн санал авах гээд хүнээ дугуйлахаа больчихож байгаа юм. Энэ хууль жижиг намууд болон бие даагчдад ээлгүй хууль болсон.

Сонгуулийн зардал гэдэг зүйл энэ хуулийн 41 дүгээр заалтад тусгай бүлэг болж орсон. Үүнд хандив, намын өөрийн хөрөнгө, нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө, сонгуулийн зард­­лыг энэ хуульд заас­ны дагуу дансанд төвлөрүүлж, зориулалтын дагуу зарцуулна гэсэн. Тодорхой дансанд байршуулна. Төгрөгийн данстай байна гэж байна. Мөн хуулиараа тодорхой хэмжээ заагаагүй байна. Тиймээс сонгуулийн өмнө хэмжээ заах асуудал гарч магадгүй. Сонгуулийг хэдий хэмжээний мөнгөнд багтааж хийнэ гэсэн зүйл тусгагдаагүй. Уг нь ихэнх оронд дээд хязгаарыг заадаг. Тухайлбал,ямар хэмжээнээс доош зарцуулж болохгүй, хэдий хэмжээний зардал гаргасан тохиолдолд бусдын саналыг хууль бусаар авсан гэж үзнэ гэдэгнь тодорхойгүй байна. Гэтэл манайд хандивын хэмжээг л заадаг. Хэрэв дээд хязгаараа тавьчихвал нэг хүнээс 100 сая, 10 сая, таван сая авна уу хамаагүй шүү дээ. Гэтэл үүнийг тодорхой зааж өгөөгүй. Хий дэмий зардал, данс, үнэгүй хандив гэж яриад байна. Ингэснээрээ өнөөдөр дахиад мөнгөний сонгууль болж байгаа юм. 


9ХҮНДЭМЖИВ
Дэмжих
9ХҮНДЭМЖИВ
Дэмжих