Завхан аймагт өвөлжилт хүндэрчээ
Онцгой байдлын ерөнхий газрын Цаг уурын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Туяатай ярилцлаа.
-Орон нутагт өвөлжилт хүнд байгаа талаар малчид ярьж байна. Одоогоор аль аймагт өвөлжилт хүндэрч, онцгой байдлын тусламж авах хэмжээнд хүрч байна вэ?
-Бид энэ чиглэлийн мэдээллийг иргэдэд хүргэхдээ заавал Ус, цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын мэдээллийг үндэслэдэг. Өнгөрсөн сарын 15-наас нийт нутгаар цас их орсон. Зарим газарт олон хоног үргэлжлэн орж, арваннэгдүгээр сарын 30 гэхэд манай орны нийт нутгийн 90 хувьд цасан бүрхүүл тогтсон. Ингэснээр хялмаа ихтэй, халтиргаа гулгаа үүссэн. Ялангуяа баруун таван аймаг, түүнээс Увс, Завхан, Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн урд хэсгийн зарим сум, Хөвсгөл аймгийн хойд талын сумд болон Сүхбаатар, Төв аймгийн нутгаар цастай байна. Дээрхээс өвөлжилт хүндэрсэн ганцхан аймаг нь Завхан. Аймгийн удирдлагууд “Өвөлжилт хүндэрлээ. Зам, даваа цас ихтэй, орон нутагт хөрөнгө дутагдалтай, шатахууны нөөц хомс байгаа учир иргэдэд хүрч ажиллахад бэрхшээлтэй байна” гэсэн албан ёсны мэдээллийг манайд ирүүлсэн.
-Тус аймагт цасны зузаан хэдэн см хүрсэн бэ?
-Увс, Завхан болон Сүхбаатар, Төв аймгийн зарим нутагт 13-22 см зузаан цасан бүрхүүл тогтсон. Цаг уурын олон хүчин зүйлээс шалтгаалж орон нутагт өвөлжилт хүндэрдэг. Цасны зузаан, нягт зэргээс шалтгаалж аймаг, сумын өвөлжилтийн байдал харилцан адилгүй байдаг. Ерөнхийдөө өвөлжилтөд зуншлага их нөлөөлдөг. Гантай байсан аймгуудад өвөлжилт хүндрэх тал бий.
-Завхан аймагт малын хорогдол гарсан уу?
-Малын хорогдол гарсан, иргэдэд үзүүлж буй нийгмийн халамж үйлчилгээ тасарсан зүйл одоогоор байхгүй. Гэхдээ энэ сард цас нэмж орсон тохиолдолд дээр дурдсан аймагт өвөлжилт хүндэрч болзошгүй. Тэр дундаа Архангай аймгийн зарим сумд өвөлжилт хүндрэх нь гэсэн албан бус мэдээлэл байна.
-Өвөлжилт хүндэрсэн Завхан аймгийн малчдад ямар тусламж үзүүлэх вэ. Мөн цаашид хүндэрч болзошгүй аймгуудын малчдад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна уу?
-Энэ тал дээр анхаарч ажиллаж байна. Холбогдох яамд оролцсон ажлын хэсэг орон нутагт эрсдэлийн үнэлгээ хийх талаар ярилцаж байна. 370 дугаар тогтоолоор Улсын онцгой комиссоос ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Бид аймгуудын өвөлжилт болон бэлтгэл ажлынхаа тайланг танилцуулсан. Маргааш / өнөөдөр/ Улсын онцгой комисс болон Онцгой байдлын ерөнхий газраас өвөлжилт хүндэрсэн болон болзошгүй аймгуудын нөхцөл байдлыг Засгийн газарт танилцуулж, хэрхэн тусалж дэмжих талаар зөвлөлдөнө гэсэн. Тухайн аймгуудад очиж ажиллахад юуны түрүүнд хөрөнгө мөнгө хэрэгтэй. Орон нутагт төсөв хүндрэлтэй байгаа учир энэ асуудлыг эхэлж ярилцах байх.
-Арав гаруй хоногийн өмнө зарим нутгаар 10-18 см-ийн цасан бүрхүүл тогтсон байсан. Одоогоор хаасан зам, даваа бий юү?
-Байхгүй. Гэхдээ баруун аймгуудад нэлээд хүндэрсэн зам, даваа байна. Жишээлбэл, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн нэр бүхий даваа, мөн Архангайн “Цагаан даваа” байна.
-Өвөлжилт зуншлагаас шалтгаалдаг гэлээ. Эрсдэлийн үнэлгээ хийхэд нийт нутгаар зуншлага ямар төвшинд байсан бэ?
-Өвөлжилт хүндэрсэн Завхан болон дээр дурдсан аймгуудад зун гандуу байсан. Улсын онцгой комиссоос холбогдох яам агентлагийн төлөөлөл оролцсон ажлын хэсэг томилж, эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн. Тэд есөн аймагт зуншлага сайн, үлдсэн 12 аймгийн 133 сум гантай буюу гандуу гэсэн үнэлгээ хийсэн.
-Зарим орон нутгийн нуур цөөрөм бүрэн хөлдөж амжаагүй байна. Тиймээс тээвэрчид осол гаргах тохиолдол байна уу?
-Ийм төрлийн осол энэ сар болон нэг, хоёрдугаар сард их гардаг. Арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдий ч мөсний зузаан олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхээс 10-25 см бага байна. Мөн нуурын толио, голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа учир мөсний даац хүн, мал, машин зорчиход аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй.
Тиймээс ард иргэд зам товчлох, цаг хожих зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг анхааруулж байна. Өнгөрсөн сарын 24-нд Булган аймгийн Баян- Агт сумын Цэгээн нууран дээгүүр хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчиж байгаад мөс нь цөмөрсөн. Осол гарсан өдрөөс өнөөдрийг хүртэл тухайн орон нутгийн Онцгой байдлын аврагчид тэнд ажиллаж байна. Гүний шумбалт хүртэл хийж байна гэсэн мэдээлэл өгсөн.
-Нуурын гүн нь хэдэн см бол. Олон хоног ажиллаж байгаа юм байна. Одоогоор нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Нуурын гүн гурван метр. Өнөөдрийн байдлаар машиныг бүрэн гүйцэт гаргаж амжаагүй гэсэн. Зөвхөн чиргүүлийг нь гаргасан. Тээврийн хэрэгслийн жолооч нар зам товчлох гэж байгаад анхаарал болгоомжгүйгээс ийм осол гаргадаг. Жолооч нар хэн хэндээ хүндрэл учруулахгүйн тулд хариуцлагатай хандах хэрэгтэй.
-Сүүлийн үед цас орж, хүйтэрч байгаатай холбоотой малчид, тээвэрчдээс онцгой байдлын албанаас тусламж хүссэн дуудлага хэр олон ирж байна вэ?
-Зүүн гурван аймагт энэ сарын 2-ны өдөр цасаар шуурсан. Тухайн өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас Баруун урт сумын чиглэлд зорчиж явсан 49-28 гэсэн улсын дугаартай “Зоригт Ай” ХК-ийн түлш ачсан тээврийн хэрэгсэл цасанд суусан дуудлагаар орон нутгийн онцгой байдлынхан нь газар дээр нь ажилласан. Мөн Төв аймгийн Баянцагаан сумаас Сэргэлэн сум руу зорчиж явсан 94-91УБЭ улсын дугаартай машины жолооч “Шатахуун дуусчихлаа. Тусламж үзүүлнэ үү” гэсэн дуудлагаар бас ажилласан.