Зарим аймагт өвөлжилт хүндэрч эхэлсэн
Цаг агаарын нөхцөл байдал, өвөлжилтийн талаар ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хошууч Б.Дуламсүрэнгээс тодрууллаа.
-Өвөлжилт хүндэрсэн аймаг байгаа юу?
-Нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсон. Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Завхан, Төв, Увс, Хөвсгөл, Сүхбаатар аймагт 13-22 см зузаан цас орж өвөлжилт хүндэрч эхэлсэн. Мөн Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэ, Хэнтий аймгуудын зарим сум цаашид нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил улсын хэмжээнд 85.7 хувьтай хангасан.
-Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?
-Энэ сарын 5-нд Хангайн уулсаар, 6-нд баруун зүгийн нутгийн баруун хэсэг, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. 7,8-нд зарим газраар цас орно. 6-нд Алтайн салбар уулсаар, 7,8-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Харин говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө нэг градус дулаанаас дөрвөн градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.