Эрүүл мэндийн улсын албадынхан санал нэгдлээ
ОБЕГ, ЭМСЯ, ДЭМБ хамтран “Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны удирах бүрэлдэхүүний сургалт ” зохион байгууллаа. ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, улсын албадын штабын дарга Н..Бат-Эрдэнэ сургалтыг нээж хэлсэн үгэндээ салбар хоорондын ажлын уялдаа, мэдээлэл солилцохын чухлыг онцолсон бол ОБЕГ-ын ГУСГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр улсын албадын тогтвортой, мэргэшлийн байдлыг хангах талаар дурдаж байлаа. Тэрбээр ЭМСЯ-ны гамшгаас хамгаалах улсын алба тогтвортой, сайн ажилладагийг тэмдэглэсэн.
Б.Ууганбаяр “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, гамшгийн менежмент” сэдвээр хичээл зааж, ЭМСЯ-ны ахлах мэргэжилтэн Ч. Баярмаа “Гамшгаас хамгаалах улсын албаны үйл ажиллагаа, цаашдын зорилт”, ЭМСЯ-ны ахлах мэргэжилтэн Д.Нарангэрэл ” Нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед ажиллах журам” илтгэлүүдийг тус тус тавьсан. Ингээд нийслэлд газар хөдлөлтийн гамшиг тохиосон байдлаар цагийн байдал өгч, дадлага, сургуулийг сургалтад ирсэн томоохон эмнэлэгүүд, яам, улсын албадын дунд зохион байгууллаа.
Эрүүл мэндийн улсын алба төдийгүй тус салбарын нөөц хангалтгүй, эм бэлдмэл амархан хугацаа хэтэрдэг, түүний нөхөн хангалтад бэрхшээл учирдаг байна. Гамшиг ослын үед хээрийн эмнэлэг байгуулахад Монгол гэр нэн тохиромжтой тухай санаа гарч, нөөцтэй болох асуудлыг хөндсөн.
ЭМСЯ-аас гамшиг ослын үед хэрэгжүүлэх Шуурхай буюу Тохиолдлын удирдлагын тогтолцоо бий болгож, доошоо сүлжээгээр ажиллах горим тогтоосон байна. Мөн хамтран ажилладаг байгууллагуудын мэдээллийг авч өглөө бүр “morning meeting” хийж заншжээ.
Сургалтын үеэр улсын албадын үйл ажиллагааны стандартыг тогтоох, салбаруудын эрсдэлийн үнэлгээг хийдэг болох, орон тоог тогтмолжуулах шаардлагатай талаар эрүүл мэндийн улсын албадынхан санал нэгдлээ.