УИХ-ын чуулганы тойм мэдээ
11 сарын 27-ны Баасан гаригт УИХ-ын чуулганаар хэлэлцсэн асуудлуудын тойм мэдээллийг хүргэж байна.
Тус чуулганаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн баталлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар энэ асуудлыг хэлэлцэх эсэхийг дэмжиж байгаагаа илэрхийлээд “Бид гааль, НӨАТ-аас бүх зүйлийг чөлөөлж салбар бүрийн эрх ашгийг хамгаалсан зүйл хийгээд байвал улсын төсөв бүрдэхэд хүндрэлтэй болно. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг байнга шинээр экспортлон, гаднаас оруулах шаардлага гардаг. Үүнийг нэг удаад чөлөөлөх үү байнга чөлөөлж байх уу гэдгийг тодруулмаар байна” гэлээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Татвараа төлж буй бүх хүмүүс чухал ажил хийж байгаа байх. Засгийн газраас бодлогоо оруулж ирж болохгүй юу. УИХ-ын гишүүн хууль өргөн барихаар татварын хуулийг өргөн барьж болохгүй гэдэг. Миний өргөн барьсан гурван хуулийг ийм шалтгаанаар огт хүлээж аваагүй. Би энэ хуулийг хэрэгцээ, шаардлага талаас нь дэмжиж байна. Гэхдээ цаашдаа ингэж, чөлөөлдөг, багасгадаг байдлаар явбал дэмий л юм болно доо” гэж хэлсэн юм.
Хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 70.5 хувь нь дэмжсэнээр “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Үүний дараа хуралдаанаар Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын 30 гаруй гишүүн санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд төсөлд Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай асуудлыг тусгаснаас гадна цагаатгах асуудал ч багтжээ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Ойг тэмдэглэх нь зүй ёсны асуудал. Дагалдаж орж ирсэн, хэлмэгдүүлэлтийн асуудалтай санал нийлэхгүй. Энэ хүнийг төр удирдаж байхад маш олон хүн хэлмэгдэж байсан, Лоохууз гуайгаас эхлээд. Төр нийгмийн зүтгэлтнүүд хэлмэгдэж байсан, тэр хүмүүсийг юу гэж үзэх юм. Хэлмэгдэгсдийн маш олон байгууллага бий. Энэ хүнийг цагаатгаад магтан дуулах гэж байгаа бол буруу. Энэ хүнд сайн ч чанар байсан% муу ч юм байсан. УИХ болчимгүй тогтоол гаргавал өнгөрсөн үе рүүгээ нулимсан юм болно. Сайныг сайнаар нь, мууг нь муугаар нь бодит байдлаар үлдээх ёстой.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Монголын тусгаар тогтнолыг олон улсад хүлээн зөвшөөрүүлж чадсан хүн. Жижиг орны зовлонг үүрээд гарсан хүн. Гэсэн ч сумыг, аймгийг, хотыг бий болгосон хүн. Хамгийн муухай байдлаар харь оронд эндсэн. Та бид зурагтаар харсан. Нулимсаа дуслуулаад сурвалжлагчийг хүртэл Монгол руу дагуулаад явчхаач гэж хэлэх хүртлээ ой санамжаа алдсан л байсан. Орост хороогдсон хүмүүсийн л нэг. Гэндэн Амар, Лосол нарын нэгэн адил. Бид энэ хүнийг эх оронд нь авчирч чадаагүй. Гадаад том орнуудын нөлөөлөл одоо ч байгаа. Үүн дээр нэг их юм ярилгүйгээр цагаатгах асуудлыг шийдээд өгчихвөл яасан юм бэ гэдэг горимын санал гаргаж байна.
УИХ-ын гишүүн Н.Батцэрэг “Юмжаагийн Цэдэнбал гуайн 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд Монголчуудынхаа үе үеийн түүхийг дурдахгүй өнгөрч болохгүй. 20 зууны түүх бол Монголчуудын үндэстнээрээ босч ирсэн түүх юм. Задарч, салж, сарниж, бутарч бусдын эрхшээлд орж явсны дараа Монголчууд босч ирсэн. 20 зууны түүхийг бүтээхэд Ю.Цэдэнбал гэсэн түүхэн хүн гарцаагүй яригдана” гэлээ.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Одоо цагаас өнгөрсөн үеийн алдаа оноог нь шүүх шиг амархан зүйл үгүй. Өнгөрсөн үеэ гар буугаар буудвал ирээдүй чамайг их буугаар буудна гэсэн үг бий. Энэ үгийг их бодмоор санагддаг юм. 30,40 жил Монголыг удирдсан хоёрхон л хүн байдаг. Тэр хүмүүсийг хоёуланг нь харлуулсан.
УИХ-ын гишүүн Д.Ганбат “1990 онд МАХН-ын 8 дугаар бүгд хурлын тогтоол гэж гарч байсан байна. Тэр тогтоолоор намаас нь хөөж, эд хөрөнгийг нь хурааж байжээ. Харин 1997 онд тогтоолыг хүчингүй болгосон байна. Энэ тогтоолын төслийг МАН-ын гишүүд санаачилж байгаа. МАН үүнд хамрагдах уу. Цэдэнбал даргын сайн зүйлийг нь намууд бүгд булаацалдан өөртөө наах гэдэг хэрнээ алдаа оноог нь ярьдаггүй. Тухайн үед мөн олон ард түмний хөвгүүд хэлмэгдэж байсан. Эдгээр хүмүүсийн ой болгоноор нь тогтоол гаргах уу? гэлээ.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Монголын төрийн түүхэнд мөрөө үлдээсэн яах аргагүй төр, нийгмийн зүтгэлтэн. Гишүүд олон талаас нь ярьж байна. Түүхийг, түүхээр нь л байлгах хэрэгтэй. 100 жилийн ойг нь тэмдэглэх асуудалтай холбоотойгоор бодит түүхийг гуйвуулах талаас нь тайлбар хийгдэж байна.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ "Тогтоолын төслийг дэмжиж байна. Түүхийг хойч үедээ бодитойгоор таниулах нь зөв. Монгол төр алдаагаа засах дэнс бүрдэж байна. Энэ бол зөвхөн МАХН, МАН-ын түүх биш, Монголын түүх. Асуудалд намтай холбохгүй байвал зөв юм. Түүхээс сургамж авч ажиллах ёстой, цаашид ийм түүх давтахгүйн тулд.
Хэт их туйлшрал хэзээ ч сайн юм авчирдаггүй гэдэг нь харагдаж байгаа. Хэлмэгдүүлэлт маш их гарсан. Хэлмэгдүүлэлтийг өөрөө хийсэн гэж ярьж байна. Гэвч захиалагч хэн бэ гэдэг асуудал гарч ирж байгаа, тухайн үеийн ЗХУ-аас чиглэл ирдэг байсан, олон сэхээтнийг үй олноор нь хоморголсон. Энийг мэдсээр байж асуудлыг улстөржүүлж яриад байна, эргээд өөрийг нь хэлмэгдүүлсэн. Өргөдөл өөрийнх нь гараар бичүүлсэн, эх оронд нь явуулахгүй хорьсон. Шагналыг нь хураасан, намаас нь хөөсөн. Шүүхийн шийдвэр гараагүй учраас цагаатгаж болохгүй гэж байна. Хэлмэгдүүлэлтийг хийсэн хүн учраас цагаатгаж болохгүй гэдэг зүйл ярьж болохгүй. Ингэж дорой хандаж болохгүй. Эцсийн дүндээ энэ асуудлыг шүүхээс гадуур явсан хэлмэгдүүлэлт гэж үзэхгүй байна.
Харин УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонссон юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Халх голын чөлөөт бүсэд 1982 оноос хойш ашиглахаа больсон гүний усыг газар руу шахаад тосыг нь сорж авдаг. Энэ утгаараа тэр хавийн усны бохирдол их болсон. Бас 25 жил болсон замыг яагаад тавиулахгүй байна вэ” гэж асуулаа.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Ерөнхий сайдад хандан асуулга тавьсан ч Уул уурхайн сайдад ацагласан байна. Бид бусдын жишгээр газрын тосноос хувь хүртэж чадахгүй байгаа. Үүнийг өөрчлөөрэй гэж Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилогдоход нь захисан. Гадныханд юмаа сул тавьж өгөхдөө үнэхээр сурамгай. Дотоод нөөц бололцоогоо ашиглахдаа үнэхээр хариуцлагагүй, санаачлагагүй байна. Дачин Тамсагт ажиллаж байгаа хүмүүсийн ажиллаж байгаа орчин нөхцөл туйлын муу. Гэрээгээр ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй ажиллагаа огт хангагддаггүй. Орон нутгаас яаж ч шаардаад Засгийн газартай гэрээтэй гэдэг. Боолчлолын байдлаар монголчууд ажилладаг. Монгол хүнийхээ ажиллах нөхцлийг сайжруулахын төлөө ажиллах ёстой, энийгээ яагаад хангахгүй байна вэ. 19 дүгээр талбайгаас яагаад байгалийн нөөц ашигласны төлбөрийг авахгүй байна вэ. Хэдэн удаа хэдэн хувиар авахаар хэлэлцээрийн ширээний ард суув. Бид 10 хувиас дээш авах ёстой.
Түүний дараагаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн асуулт асуусны дараа чуулганы хуралдаан завсарласан юм.
Тэрээр “Манай улс 2014 оны эдийн засгийн гүйцэтгэлээр 7.8 хувийн өсөлттэйгээр дэлхийд эхний 3-т багтсан. Хамгийн хурдан хөгжсөн эдийн засаг байсан. Экспортын орлого нэг тэрбум доллараар илүү орж байв. Гэтэл яагаад валютын ханшны хомсдолд орж, тэр жилдээ 2000 мянгад хүрсэн бэ. Өртэй арван орны жагсаалтад Монгол яагаад орох болсон бэ? гэлээ.