Ц.Оюунбаатар: Татварын либеральчлал, жинхэнэ реформыг бид хийнэ
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар
2014.07.08

Ц.Оюунбаатар: Татварын либеральчлал, жинхэнэ реформыг бид хийнэ

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатартай татварын шинэчлэлийн талаар ярилцлаа.

-Татварын хуулийн шинэчлэлийг та хэрхэн харж байгаа вэ. Уг нь засгийн газраас татварын багц хуулиуд өргөн баригдсан атал гишүүд шинэчлэлийг арай өөрөөр харж байгаа бололтой?

Тийм ээ.Засгийн газраас татварын багц хуулийн өөрчлөлт, НӨАТ-ын хуулийн өөрчлөлт гээд хуулиудыг өргөн барьсан байгаа. Ер нь татварын даргаар гурван жил орчим ажиллаж байсан хүний хувьд, эдийн засагч судлаач хүний хувьд ч тэр шинэчлэлийн талаар арай өөр байр суурьтай байгаа.

Өнөөдөр засгийн газраас өргөн барьсан татварын хуулиуд нь концепцийн хувьд ч, үйл ажиллагааны хувьд ч арга ядан зохицуулсан маягтай байсан учраас их хурал энэ хуулийг бүхэлд нь авч үзэх шаардлагатай гэж үзсэн.

Ийнхүү татварын реформ хийхээр хэмжээний өөрчлөлтийг авчрах хуулийг өргөн барих шаардлага гарсан юм. Одоо ажлын хэсэг гарсан бөгөөд миний бие ахалж байна.

-Татварын реформыг хэрхэн хийх вэ?

Татварын реформын хүрээнд НӨАТ, Малын хөлийн татвар, Үл хөдлөх хөрөнгийн татвар зэрэг хэд хэдэн шинэчлэлийг ярих нь зүйтэй. Татварын реформыг нэгдүгээрт төсвийн орлогыг бууруулахгүй хэлбэрээр хийнэ. Хоёрдугаарт татварын бүх хуулиудыг цогцоор нь зах зээлд нийцсэн либеральчилсан байдлаар зохицуулалт хийх шаардлагатай.

Мэдээж татварын ерөнхий хуульд томоохон өөрчлөлтүүд орох ёстой. Татварын хууль маань захиргааны шинжтэй, албадах, торгох, алданги тооцох, цагдаад өгөх, хорих, барих гэсэн эрүүгийн хуулиар зохицуулсан хүнд хууль.

Татвараас зайлсхийсэн, аж ахуй нэгж зөрчил гаргасан бол 8 хүртэл жилээр хорих ялтай байдаг. Би Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа холбогдох их хурлын гишүүд, Сангийн яаманд тавьж байсан ч харамсалтай нь тэр үед МАНАН-жсан байсан учраас авч хэлэлцээгүй.

-Тэгэхээр татварын шинэчлэлийг татвар төлөгчийн нүдээр харах нь гэж ойлголоо. Татварын хуулиас илүү хэрэгжүүлэх процесст алдаа их байдгийг хөндлөнгийн шинжээч нар хэлж байсан?

Татварын маргааныг татвар төлөгч нар өөрсдөө шийддэг байх учиртай. Үүнийг худалдаа аж үйлдвэрийн танхим, Ажил олгогч эздийн холбоо, Татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг зэрэг байгууллагууд нэгдмэл байр суурьтайгаар хүлээн зөвшөөрсөн.

Татварын байгууллагаас тавьж буй акт зөв үү, буруу юу гэдгийг иргэний нийгмийн байгууллагын хөндлөнгийн оролцоотойгоор шийднэ гэсэн үг. Одоо бол аймаг нийслэл, улсын татварын газрын маргаан таслах комиссоор шийдвэрлэж байгаа. Тиймээс ядаж энэ комиссын бүрэлдэхүүний тавин хувийг ТББ-уудаас бүрдүүлэх нь зүйтэй. Энэ бол либеральный маш том бодлогын өөрчлөлт.

-НӨАТ-ын шинэчилсэн хууль Сангийн яамнаас өргөн баригдсан хэлэлцэх шатанд буцаагдсан байгаа. Мөн энэ хууль бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүдийн ганц шүдний өвчин гэж хэлж болохоор санагддаг. НӨАТ-ыг хэрхэх ёстой вэ?

Эдийн засгийн хямралын үед НӨАТ-ын хувь их өндөр байгаа юм. НӨАТ төлдөг, төлдөггүйн хооронд маш их зөрчил гардаг. Тухайлбал барилгын материал цементийг худалдаалагчид ченжүүд учир НӨАТ төлөгч биш байдаг. Ингээд барилгын компаниуд НӨАТ тооцохын тулд хуурамч падааныг ашиглаж, хэрэгт ороод байгаа юм.

Ингээд 2000 гаруй аж ахуй нэгжийн 4000-аад хүн эрүүгийн хэрэгт холбогдсон. Энэ бол тогтолцооны буруу. Бүр өмнө нь татварын газар ажиллаж байгаа ёс зүйн гэмт хэргийн зөрчил гаргаж халагдсан этгээдүүд хуурамч падаан хийж байсан нь тогтоогдсон учир ноцтой асуудал үүсгэж байгаа юм. Ийм учраас асуудлыг сууриар нь зохицуулах бодлогыг гаргаж тавих ёстой.

-НӨАТ-ын босгыг байхгүй болгоод 5 хувь болгох санал их гардаг. Үүн дээр ямар бодолтой байна?

Их хурлын гишүүд, Засгийн газрын зарим нөхдүүдийн татварын мэдлэг сул байдлыг уучилж болно. Ойлголтын асар их зөрүү гардаг. НӨАТ төлөгчийн босгыг 50, 100 сая болголоо гээд өмнөх гардаг зөрчил, алдаа дутагдлыг шийдэхгүй. Эдийн засгийн хямралын үед сүүдрийн эдийн засаг улам ихсэх аюултай.

Бөөн бөөнөөр нь татвар төлөгчдийн дансыг хаадаг, айлгадаг, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны зарчмаар явагддаг байсан.

Харин манай татварын реформын ажлын хэсэг 3000 татвар төлөгч, бизнес эрхлэгчдийн саналыг судалж байгаад НӨАТ босго тогтоож болохгүй, бүгдээрээ төлөгч байх ёстой гэдэг байр сууринд хүрсэн. Үүнийг бизнес эрхлэгчид том багагүй дэмжиж байгаа юм. Татвар тооцох хувийг 10 биш, 5 хувь байх нь зүйтэй гэдгийг ч мөн дэмжсэн. Ийм хуулийн төслийг бид боловсруулж байгаа. Энэ бол жинхэнэ татварын либеральчлал, жинхэнэ реформ.

-НӨАТ-ын хууль татварын тэгш шударга зарчмыг алдагдуулдаг талтай. НӨАТ төлөгч нь улам хохирч, төлөгч биш нь зарим талаар хөнгөлөлт чөлөөлөлт их эдэлдэг?

Бүгдээрээ НӨАТ төлөгч болох нь зөв. Цаашдаа татварыг нийтээрээ төлдөг байхын тулд дэмий хөнгөлөлт чөлөөлөлтийг дэмийг багасгах ёстой. Бодлогын шинж чанартай ганц хоёр зүйлээ чөлөөлөөд, бусдыг нь эрс багасгах ёстой. Дээр нь малын хөлийн татварын сэргээх ёстой. Энэ уг нь малчдыг зах зээлийн харилцаанд оруулж зөв гольдрилд оруулж байсан хуулийг 2008 оны сонгуулийн өмнө МАНАН малчдад таалагдахын тулд байхгүй болгосон нь алдаа. Энэ маш том ухралт.

Ялангуяа манайх шиг 50 сая малтай хэрнээ хойд хөршийнхөө том зах зээлийг малынхаа өвчнөөс болоод эзэлж чадахгүй байгаа орны хувьд ухралт болсон. Хэрвээ малын хөлийн татвараас төвлөрөх мөнгийг аймагт нь өгчихвөл цас зуд, хадлан, өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга энэ тэрээ хийгээд явах боломжтой. Үүнийг анхаарах ёстой.

-Улсын төсөв тасалдах дөхөхөөр Засгийн газар Татварынхныг шахаж, татварынхан компаниудыг шахаж эхэлдэг гэсэн. Энэ үнэн үү?

Шахагддаг байсан. Бөөн бөөнөөр нь татвар төлөгчдийн дансыг хаадаг, айлгадаг, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны зарчмаар явагддаг байсан. Тийм учраас татварын байгууллагын шинэчлэлийн асуудлыг ч гэсэн ярих ёстой.

Татварын газар бол төр, татвар төлөгч хоёрыг холбогч гүүр учраас үйлчилгээний цаана албаддаг, акт тавьдаг сэтгэлгээгээр явж болохгүй. Эдийн засгийн оргил хямралын үед буюу 2009 онд улсын төсвийн орлого тасалдаагүй, татварын байгууллагын орлого бүрэн биелж байсан нь тухайн үед татвар төлөгчдөө хүндэлж, харилцан хамтран ажилласны үр дүн байсан юм.

Яг тэр үе шиг л ажиллах ёстой. Өнөөдөр их наядаар төсвийн орлого тасарч байна. Айлган сүрдүүлж данс хаах чиглэлээр явж байгаа нөхцөлд татварын байцаагчид хүртэл өөрсдөө ажиллахад хүртэл хүндрэлтэй болж байна.

Ярилцсанд баярлалаа.