Ч.Улаан: 50 саяыг тодорхой судалгаа тооцоотой хийж байгаа.
Сангийн сайд Ч.Улаан
2014.01.27

Ч.Улаан: 50 саяыг тодорхой судалгаа тооцоотой хийж байгаа.

УИХ-ын үдээс хойшхи чуулганы хуралдаан үргэлжилж,  Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах, НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах төслүүдийг хэлэлцлээ.

Энэ хууль нь Засгийн газраас бизнесийг дэмжсэн татварын хоёр дахь үе шатны шинэчлэл хийх зорилготой бөгөөд уул уурхай, ашигт малтмал, нефтийн бүтээгдэхүүний импорт, газрын тосны экспорт, үүрэн холбооны операторын үйлчилгээ, архи, спирт, тамхи зэргээс бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн борлуулалтын орлого

1,5 тэрбум төгрөгөөс илүү аж ахуй нэгжид төсөвт төлсөн аж ахуй нэгжийн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Татвар төлөгчдийн буцаан олголтод 22,5 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй аж.

Монгол Улс 1998 оноос Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг дагаж мөрдөж ирснээс хойш НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн борлуулалтын орлогын хэмжээг 10 сая төгрөгөөр 16 жил тооцож хэрэгжүүлж ирсэн байна. Тиймээс эдийн засгийн нөхцөл байдал, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй уялдуулан өөрчлөх шаардлагатай гэж үзэж, НӨАТ-ын босгыг 50 сая байхаар, сайн дураар бүртгүүлэх босгын хэмжээг уг хэмжээний 20 хувь буюу 10 сая байхаар холбогдох өөрчлөлтийг хийсэн байна.

НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулснаар НӨАТ төлөгч жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 50 орчим хувь нь НӨАТ-ын тайлан гаргах, бүртгэх хөтлөх, падаан цуглуулах үйл ажиллагаанаас чөлөөлөгдөх юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

УИХ-ын гишүүн С.Бямбацогт

-Энэ хуулийн төслүүдийг дэмжиж байгаа. НӨАТ-ын босгыг 50 саяаас илүү байлгах эсэхийг ярилцах байх. Манай хэдэн гишүүд НӨАТ-ын босгыг 200 сая болгохоор хуулийн төсөл өргөн барьсан. Энэ нь хэр зүйтэй вэ, хууль санаачлагчид нь ямар саналтай байна вэ?

Сангийн сайд Ч.Улаан:

-“НӨАТ-ын босгыг оновчтой тогтоох талаар олон санал гардаг. 50 саяыг тодорхой судалгаа тооцоотой хийж байгаа. Олон улсад нийтлэг баримталдаг аргачлалаар тооцоход 51 сая орчим байгаа. Мөн НӨАТ-ын инфляцийн өсөлтийг тооцоолж 50 саяын босгыг тогтоосон.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-"Сүүлийн үед Татварын ерөнхий газрын даргын мэдээлэл хэвлэлээр явж байна. Түүний хэлснээр хувийн аж ахуй нэгжүүдэд шалгалт явуулж байгаа гэсэн. Тодруулбал, 2221 аж ахуй нэгжийг УМБГ, 100 гаруй аж ахуй нэгжийг АТГ-т шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна".

Энэ асуултад УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу хариулт өгөх боломжгүй гэв.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-НӨАТ-ын босгыг 50 сая төгрөгөөр тогтоохоор НӨАТ-ын татварын орлого хэд болох вэ. Мөн хэдэн төгрөгийн буцаан олголтыг хийх вэ?

Сангийн сайд Ч.Улаан:

-"Жижиг аж ахуй нэгжийг дэмжиж, тодруулахад зайлшгүй дэмжлэг хэрэгтэй. Сүүлийн 20 жилийн хугацаанд байгуулагдсан аж ахуй нэгжийн 90 орчим хувь нь жижиг аж ахуй нэгжүүд байдаг. Том татвар төлөгчдөд чиглэсэн төрийн бодлого байгаа шүү дээ. НӨАТ-ын босгыг 50 саяар тогтоосноор 24 орчим тэрбум төгрөгийн дарамт төсөвт суух юм.

Ийн УИХ-ын гишүүд саналаа илэрхийлсний дараа Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах, НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах төслүүдийг "Хэлэлцэх нь зүйтэй" гэж гишүүдийн олонхи үзсэн учраас  холбогдох байнгын хороодод анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр шилжүүллээ.