С.Одонтуяа Ерөнхий сайдад асуулга тавив
УИХ-ын гишүүн С.Одонтуяа зарим байгууллагын албан өрөөг цэцэрлэг болгох санаачлагыг эхлүүлж, Ерөнхий сайдад асуулга тавьсан байна.
Тэрбээр энэ талаар “Монгол Улс өнөөдөр сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламжийн бодит хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй байна. "Олон нийтийн иргэний барилгын дүрэм"-д заасан стандартаар цэцэрлэгийн нэг хүүхдэд 5.5 ам метр талбай оногдох ёстой ч өнөөдөр цэцэрлэгүүдийн ачаалал 1.8 дахин нэмэгдсэн. БСШУЯ-ны хийсэн судалгаагаар 2020 он гэхэд сургууль, цэцэрлэг, дотуур байрны 1750 обьект нэмж барих шаардлагатай гэсэн дүн гарсан байна” гэжээ.
Мөн төсөв, хөрөнгийг хэмнэх зайлшгүй шаардлагатай энэ үед төрийн албан хаагчдын албан ажлын өрөөний талбайн хэмжээг тогтоосон Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлснээр төрийн захиргааны байгууллага агентлагуудыг төвлөрүүлж, олон барилга байшинг суллаж, сургууль, цэцэрлэгийн зориулалтаар ашиглах зэргээр төсөв хөрөнгийг хэмнэх бололцоо байна гэж үзсэн байна. Үүнээс хэдий хэмжээний урсгал зардал хэмнэгдэж, хэдэн барилга байгууламж сулрах боломжтой талаар мэдээлэл ирүүлэхийг Ерөнхий сайдаас хүссэн аж.
Асуулгын хариуг Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасан хугацаанд бичгээр ирүүлж, чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг Ерөнхий сайдаас хүсчээ.