УИХ-ын гишүүд төсвийг өөрчилж байна
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатараас тодрууллаа.
-Төсөв хэлэлцэх үед гишүүдийн ирц тааруу байсан ч өөрсдийнхөө тойргийн асуудлыг орж ирээд кнопдож байгаа харагдах юм. Уг нь ийм чухал асуудал яригдаж байхад хуралдаа суух ёстой биз дээ?
-Уг нь суух ёстой л доо. Тэр чинь гишүүдийн ухамсрын асуудал шүү дээ. Ямар хүмүүс сонгосноо ард түмэн өөрсдөө хараг.
-Та бүлгийн даргын хувьд ирцээ бүрдүүлэх үүрэгтэй юм биш үү?
-АН-ын гишүүд байсан.
-Хоёр л гишүүн байсан шүү дээ. Танай жигүүр хоосон байсан?
-Яагаад хоёр байгаа юм бэ.
-Ц.Оюунгэрэл гишүүн, Б.Болор сайд хоёроос өөр хүн харагдаагүй?
-Хэзээ?
-Өчигдөр (уржигдар) орой төсөв хэлэлцэхэд?
-Байгаагүй биш ээ. Би чуулгандаа бүтэн суусан. Яагаад намайг байхгүй гэж яриад байгаа юм бэ.
-Тэгвэл тантай нийлээд гурван гишүүн байж?
-Тийм юм байхгүй. Ардчилсан намын бүлэг энэ төсвийг өчигдөр (уржигдар) хэлэлцээд дуусгая гэдэг чиглэлтэй бүгд сууж байсан. Ажлын цаг оройтсон, ажлын бус цагаар хийлээ гэдэг шүүмжлэл гарсан уу гэвэл тийм. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдалд төсөв Монгол Улсад хэрэгтэй биз дээ.
Тэр утгаар нь ажлаа явуулъя гээд байгаа юм. Нэг болохоор ажлаа хийхгүй байна, хуралдаа сууцгаахгүй байна гээд байх юм. Нэг болохоор ажлын бус цагаар хурал хийлээ гэж яриад байх юм. Бид эх орон, ард түмэн гэж ярьж байгаа юм бол тэднийхээ төлөө л ажиллах үүрэгтэй. Тэрэнд цаг хамаагүй. Гэтэл аман дээрээ ард түмэн гэж ярьчихаад ажил дээрээ ийм байдалтай л байна.
-МАН-ын бүлэг завсарлага авсан. Энэ байдлаараа төсөв хугацаандаа батлагдаж чадах уу?
-Хууль нь тийм юм чинь батлах л үүрэгтэй. УИХ- ын гишүүд хууль зөрчдөг хүмүүс биш биз дээ. Ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлээд 2016 оны төсвөө батлах үүрэгтэй. Ер нь бол наанаа ард түмэн гэж ярьчихаад үнэндээ ирэх оны төсөв дээр тав хоногийн завсарлага авна гээд сууж байна. Хуульдаа ирэх оны төсвийг Арваннэгдүгээр сарын 15-наас өмнө батлах ёстой гээд заачихсан. Тиймээс тав хоногийн завсарлага бус нэг цагийн завсарлага өгсөн юм.
-2016 оны төсвийг хэмнэнэ гэсэн заалтууд их орж байсан. Үүнийгээ бодитоор тусгаж чадах уу?
' -Уг нь 2016 оны төсөв урьд өмнөх төсвүүдээс тэс өөр төсөв байсан. Монголбанкнаас өгч байгаа зөвлөмжүүд төсөвт туссан байсан. Харамсалтай нь УИХ-ын гишүүд төсвийг өөрчилж байна. Энэ бол цэвэр улстөрийн, УИХ-ын гишүүдийн үзэмжээр улсаа бодож байгаа биш зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийн төлөө төсвийг өөрчлөөд байна гэсэн үг. Ийм дүр төрх харагдаж байна.
Тэгсэн мөртлөө буруу төсөв болсон гэж өөрсдөө “Миний тойрог дээр тийм юм хийхгүй байна. Миний тойргийн энэ хасагдсан байна. Энэ алга болсон байна” гээд дураараа нэмж байгааг харж байгаа биз дээ. Засгийн газрын багцлаад оруулаад ирсэн төсөв төсөв биш болсон. Ийм л асуудал өнөөдөр харагдаж байна. Энэ бол олон жил үргэлжилж байгаа эд. Өөрсдөө засах юм шиг яриад байгаа боловч яг цагаа тулахад засч чадахгүй. Өөрсдөө засахыг хүсэхгүй байгаа мэтээр харагдаж байгаа.