Хүч түрсэн байдлаар төсвийг баталж болохгүй
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол улсын төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.
Чуулганы эхэнд УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт үг хэлсэн юм. Тэрээр “ 2012 оноос олонхиороо хүч түрэн, заримдаа хууль зөрчиж хууль баталдаг болсон. 2013 оны төсвийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн оролцоогүйгээр баталсан. Энэ үеэс хойш улс орны амьдрал хэрхэн уруудаж, өрийн хэмжээ хэр их нэмэгдсэнийг та бүхэн дахин бодож үзээсэй.
Ийм байдлаар бүрэн эрхийн хугацааныхаа хамгийн сүүлийн төсвөө батлах гэж байна. Энэ үед ч гэсэн хүч түрсэн байдлаар төсвийг баталж болохгүй. Тиймээс УИХ-ын даргаас санал гаргасан гишүүдийг үг хэлэх эрхийг олгож өгөөч гэж хүссэн. УИХ-ын дарга үүнийг хүлээн авсан учраас МАН-ын бүлэг засварлага авах хугацаагаа дуусгаж байна” гэсэн юм.
УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж байна.