Хүмүүс зоригтой, шийдэмгий улстөрчдийг хүсч байна
УИХ-ын гишүүн Х.Баттулга
2015.11.13

Хүмүүс зоригтой, шийдэмгий улстөрчдийг хүсч байна

 “Нэг үндэстэн-нэг цэрэг“ хөтөлбөр хэрэгжихээр болоод байгаа билээ. Хөтөлбөрийн гол агуулга нь төмөр зам, авто зам, барилга, говийг усжуулах гэсэн томоохон төслүүдийг до­тоодын 10 мянган цэргийн хүчээр барьж босгох тухай юм.

Энэ нь өнөөгийн тулгараад буй эдийн засгийн хямралыг богино хугацаанд дотоодын нөөц бололцоонд суурилж да­ван туулах хамгийн бодитой ший­дэл гэж үзэж байгаа. Га­дагш урсах тодорхой хэм­жээ­ний мөнгөн урсгалыг до­тоод­доо үлдээж чадах бөгөөд жил бүр гаднаас 30 орчим мянган ажил­лах хүч авдаг байд­лыг таслан зогсоох нөхцөл бүр­дэх гэнэ.

Өндөр хөгжилтэй ор­нууд ч хүнд хэцүү цаг үеийг до­тоод нөөц бололцоо, хүчээ ашиг­лан давж гарч байжээ. Хөдөлмөрийн насны залуусаа мэргэшүүлэн ажиллуулах бод­лого баримталж байгаа нь үндэсний эрх ашиг хэмээн үзэх хүн олон. Тэгвэл шүүмжлэх хү­мүүс ч бий. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Төмөр замын бүтээн байгуулалтад 10 мянган залуу дайчлах өөрсдийнхөө ажилд 24 тэрбум төгрөг төсөв­лөсөн байна. Хүрз жоотуу ба­риад 10 мянган залуу төмөр зам барих юм гэнэ. Ийм үлгэр гэж юу байх вэ. Тэр мөнгөөр өнөөдөр эмч, багш нарынхаа цалинг нэмж болно. Тэр залуус хүрз жоотуу бариад зургаан км зам л барьвал их юм. Тэр зургаан км замаар бид яах юм бэ.

Монгол Улс ардчиллын орон байж Хойд Солонгос бо­лох гээд байгаа юм уу” гэх зэр­гээр эсэргүүцсэн. Тэгвэл энэ­­хүү хөтөлбөрийн та­лаар УИХ-ын гишүүн Х.Баттулга “Ли­бе­рал хаус” ТББ-аас зо­хион байгуулсан уулзалт дээр дэлгэ­рэнгүй танилцуулж, асуул­туу­дад хариулсан юм.

-“Нэг үндэстэн-нэг цэрэг” хөтөлбөрийг яг хэзээнээс эхэлж хэрэгжүүлэх юм бэ?

 -Нэрний хувьд хараахан тогтчихсон нэр биш л дээ. Гол са­наа нь 10 мянган залуусыг цэрэгт шинээр татаж, төмөр зам, авто зам, барилга гэсэн то­­моохон төслүүдээ урагш­луулъя гэсэн шийдэл юм. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс цэ­­рэг татлага эхэлнэ. Ингээд гурав, дөрөвдүгээр сараас цэр­гийн ангиудаар мэргэжил ол­гох сургалтууд явах юм. Ин­гээд газар гэсмэгц бүтээн бай­гуу­лалтад шилжинэ.

 -Нарийн мэргэжил шаард­сан төмөр зам, авто зам, ба­рилга гэх мэт салбарын аж­­­­лыг энгийн нэг цэрэгт та­тагд­­с­­ан залуучуудаар хийл­гэ­нэ гэдэг бүтэхгүй, цаг мөнгө үрсэн хэрэг гэж зарим нь шүүм­жилж байна?

 -Үгүй л дээ, армийн цэргийн хүчээр боссон олон бүтээн бай­гуулалтыг бид мэднэ шүү дээ. Монголчууд ямар ч ажлыг маш хурдан сурдаг. Тэгээд ч га­даадынхан чадаад хийгээд байгаа юмыг өөрсдөө хийж яагаад чадахгүй гэж. БНСУ, БНХАУ, Чили, Израйл, хуучин ЗХУ зэрэг улс бүгд л цэргийн хүчийг бүтээн байгуулалтад ашиглаж босч ирсэн шүү дээ. Хя­тад бүх төмөр замаа өөрийн армиар бариулсан.

 -Шинээр татах цэргүүдийг яг ямар ямар бүтээн байгуу­лалтад ашиглах юм бэ?

 -Төмөр зам, авто зам, ба­рилга гэсэн чиглэлүүдэд бү­тээн байгуулалт хийнэ. 1800 км төмөр зам барих, 200 мян­ган айлын орон сууц барих зэ­рэг томоохон ажил бий. Үүн дээр нэмээд говийг усжуулах нэг төсөл нэмэгдэж байгаа. Сэлэнгэ, Хэрлэн голын усаар цөө­­рөм байгуулж, говь руу хоолой татах ажил л даа.

 -10 мянган цэрэг гэдэг тоо хэр бодитой тоо вэ. Тэр их ажлыг ийм тооны хүн хүчээр хийж хүчрэх үү?

 -Уг нь 50 мянган цэрэг татъя гэсэн. Гэтэл багассаар байгаад 10 мянга дээр буулаа. Чам­лалт­тай л тоо. Гэхдээ ба­талж байгаа нь их юм. Гаднаас авдаг ажиллах хүчний квотыг аль болох тэглэх хэрэгтэй. Гэтэл урагшгүй улс­төрчдийн байдлыг харахад хэ­дэн хувийг хадгалах хүсэлтэй юм шиг байна лээ. Бүхэл бүтэн 40 мянгыг нь хассан ч гэсэн энэ хөтөлбөр цаашаа явах ёс­той. Ядаж л цалин хэлбэрээр га­дагшаа гардаг мөнгийг до­тоод­доо хадгалж үлдэнэ.

 -Хөрөнгө мөнгөний хувьд яаж шийдэх вэ?

 -Төсөвт 24 тэрбум төгрөг тусгаж байна. Энэ нь хаана ч үгүй л дээ. Гэхдээ энэ их ажиллах хүч, бүтээн байгуулалтыг да­гаад бусад салбар босоод ир­нэ. Хүнс, хөнгөн үйлдвэр, оёдол гээд бүгд борлуулалтад орж эхэлнэ. Бүх юмаа дан до­тоодоосоо авна. Бүх гүйлгээ монгол төгрөгөөр хийгдэнэ. Тийм учраас мөнгөний тал дээр санаа зовохгүй байна. Мөнгө дотроо эргэлдэж байгаа. Гар­гасан мөнгө эргээд ороод ирнэ. Манай одоогийн жишиг яадаг гэхээр, гаднаас зээл авдаг. Га­даа­дууд зээл өгөхдөө ажиллах хүчээ манайхаас аваарай, тоног төхөөрөмжөө аваарай гэх мэ­тээр оруулсан мөнгөө цалин бол­­гоод буцаагаад авчихдаг. Ин­гээд төсөв дээр өртэй үлдэж бай­гаа юм. Мэргэшсэн ажил­тан ч байхгүй, худалдаж  авсан тоног төхөөрөмжүүдийг ажил­луу­лах хүн ч байхгүй, ин­гээд дуусдаг байхгүй юу.

 -Энэ ажил Сайншандын аж үйлдвэрийн парк байгуу­лах төсөл шиг бас л гацчих юм биш биз дээ?

УИХ-ын гишүүн Х.Баттулга

 -Улс төр өөрөө хамгийн бо­хир зүйл. Тэр утгаараа улс төрийн шийдвэрүүдэд олон хүчин зүйл нөлөөлдөг. Сайн­шандын аж үйлдвэрийн паркийн хувьд манай газрын баял­­гийг хямд, нэмүү өртөг шин­­­­гээлгүй авахын тулд дэд бүт­­­цийг нь зогсоохоос өөр арга­гүй болсонтой л холбоотой. Дэд бүтэцтэй болчихвол баялаг дагаад үнэд орно. Тийм л учраас төмөр замын бодлого дээр одоо хүртэл нэлээд том эсэргүүцэл, хүч яваад байна шүү дээ. Гэхдээ энэ хөтөлбөрийн хувьд дэмжээд явчих байх. Га­цаах гэсэн, мууч­­­­лах гэсэн оролд­логууд гард­­­­­гаараа гарна. Нийт масс дэм­­­жээд явчихвал эд яаж ч чадахгүй.

 -Монголын төмөр зам ТӨХК-ийн  захирал асан Б.Батзаяаг баривчилсан бай­гаа. Энэ нь цаагуураа тө­мөр замын төслийн ашиг сонирхолтой холбоотой гэх юм. Та үүнд тайлбар өгөх үү?

 -Би тодорхой ярих хэцүү. Миний яриа нөгөө хүмүүсээ хүндрүүлэх нөхцөл болоосой гэж хүсэхгүй байна.  Гэхдээ нэг юм тодорхой. Төмөр замыг хэн эзэмших вэ, баялгийг хэн барьж байх вэ гэдгээс л үүдэлтэй зүйл.

 -Тантай мөр зэрэгцэж яваа журмын нөхөд чинь ийм ажил хийж байгаад ямар байр суурьтай байгаа вэ?

 -Цаад зорилго нь над руу чиглэж байгааг мэдэж байгаа. Энэ нөхрийг л дарж авахгүй бол болохгүй гэсэн атаа, хилэн цаана нь яваа. Гэхдээ энэ талаар яримгүй байна. Эргээд цэргийн хүчээ бүтээн байгуулалтад ашиглах яриа руугаа шилжье, тэгэх үү?

 -Энэ хөтөлбөр хэрэгжвэл Монгол Улс  Хойд  Солон­гостой адил болох нь гэж шүүмжилж байгаа. Цэргүү­дээр албадан хөдөлмөр хийл­гэх нь ер нь зөв үү?

 -Би хөдөлмөр хүнийг хүмүү­жүүлдэг гэсэн бодолтой хүн. Тэгээд ч цэргүүдээр албадан хөдөлмөр хийлгэхгүй. Бид цэргүүдээ бүтээн бай­гуу­лалтад оруулж байна, цалин олгож байна. Дээр нь хос мэргэжил эзэмшүүлнэ. Энэ чинь хүнийхээ төлөө, хүнээ засч байгаа тө­рийн бодлого хамт явж байна гэсэн үг. Өнөөдөр бид армиа зүгээр нэг скаут болгочихоод яваад байгаа байхгүй юу. Нэг жилийн цэргээр улс орон хөгжихгүй. Үнэндээ цэргээ тэ­жээж чадахгүй болохоороо л ийм байдал руу шилжсэн шүү дээ. Дараа нь оюутан цэрэг гэж скаутын холбоо шиг юм болоод бас өнгөрсөн. Хөгжил гэж юу юм бэ. Шүлэг зохиох, дуу хит болгох, “Болор цом”-д тү­рүүлэх биш шүү дээ. Хөгжил бол бүтээн байгуулалт.Тэгвэл бүтээн байгуулалтыг хэнээр хийлгэх юм. Бид хөх толботой, тэнгэрийн удамтай гээд зүгээр хараад суух гээд байгаа юм уу. Тийм юм байдаггүй юм. Хойд Солонгос шиг болох гэлээ гэсэн элий балай юм ярьцгаагаад байна билээ. Гэтэл 50 жил өөрс­дийнхөө хүчээр яваа улс шүү. Бид гэтэл хажууд нь бүх юмаа гаднаас авч, бүх юмаа гад­ны хүмүүсээр хийлгэж бай­на. Эрээнийг нэг л өдөр хаа­хад манай улс хэцүүднэ биз дээ. Тиймд энх цагийн цэр­гүүдээ бүтээн байгуулалтад оруу­лахад ерөөс буруу биш.

 -Хөтөлбөрийн үр дүнг та өөрийнхөөрөө юу гэж харж бай­гаа вэ. Эдийн засгийн хям­ралыг даван туулах гол ший­дэл гэж үзэж байгаа бололтой?

 -Хямралаас бид өөрсдөө л гарна уу гэхээс гадныхан гаргахгүй. Гадныхны хувьд ца­сан шуурга болж байхад дахыг нь нүдний шилээр солиод ав­чих­даг шиг юм болох гээд бай­на. Гэтэл нүдний шил цасан шуурганд ямар ч нэмэргүй. Би бусад орны хөгжсөн түүхийг судалсан. Нэг ч хүрз нүүрсгүй, нэг ч халбага баялаггүй улс яаж Азийн бар улс болж чад­сан байна вэ. 1968 онд маш хүнд байдалд байсан улс 1982 онд олимп зохион байгуулж чадсан. Дайнд ялагдсан Герман, Япон яагаад тэгж хурдан хөг­жив. Нууц нь цэрэг, армийн л хүч шүү дээ.

Тэр их хүчийг бүтээн байгуулалтад чиглүүлж чадсан. Гэтэл эсрэгээрээ Грек хямралаа шийдэж чадахгүй суусаар байгаад дуусч байна. Харин бид Грекийг бодвол шийд­лээ олчихлоо. Бидэнд шаш­­­­ны ямар ч маргаан байх­гүй, юм маш хурдан сурдаг, амьдрах чадвартай ийм ард түмэн байгаад байдаг. Тиймд зан­гидсан гар шиг болж аваад, бүтээн  байгуулалт гээд оволзоод ирвэл бүх юм да­гаад босоод ирнэ. Дотоо­дын хэрэглээ, үндэс­ний үйлдвэр­лэлийн борлуулалт, мөнгөн урс­гал, хэрэглээний зөв тогтол­цоо бий болно.

 -Үүнийг хийхэд эрх зүйн хувьд олон өөрчлөлт хийх шаардлагатай тулгарах уу?

 -Эрх зүйн хувьд хүндрэлтэй юм байхгүй. Гэрээт цэрэг гэж бэлэн хуульчлагдсан эрх зүйн акт бий. Үүний нэг жил гэдгийг гурав болгоод, эмэгтэй гэсэн заалт оруулчихад л болно.

 -Гэвч улстөрчид дэм­жихийг хүсэхгүй бол ямар ч жижиг хуулийн өөрчлөлт бэрх­шээл дагуулдаг шүү дээ. Та­ныг энэ зовлонг хамгийн их амсаж яваа хүн гэж хардаг?

 -Улстөрчид дэмжээд л явах хэрэгтэй. Гэхдээ бид баялгийн хараал гэдэг юмны дотор яваа болохоор хэцүү. Миний хувьд зүрхээ авахуулчихаад л байна. Гэвч огцом шийдвэртэй зөв үйл ажиллагаа гаргадаг, бүтээн байгуулалт хийдэг зоригтой улс­төрчдийг хүмүүс хүсч байгаа.