Төсвийн орлого хэтэрхий өөдрөг байна
2015.11.10

Төсвийн орлого хэтэрхий өөдрөг байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор асуулт асуусан юм.

УИХ-ын гишүүн О.Содбилэг “Орлого бүрдүүлж буй дийлэнх хэсэг нь хувийн сектор, бизнесийн салбар. Зарлагын хувьд хэрэгтэй, хэрэггүй олон зүйлд зарцуулагдаж байна. Эдийн засгийн хямралтай үед иргэдийг дэмжих бодлого явуулахгүй төрийн аппаратыг дэмжин төсвийг данхгар болгох бодлого явагдаж байгаа нь ямар учиртай вэ?

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “ Төсвийн орлогын хэмжээг Засгийн газрын өргөн барьсан хэмжээнээс яагаад нэмсэн бэ. УИХ-ын таван гишүүн санал гарган төсвийн орлогыг нэмдэг болчихвол Сангийн яамын хэрэг байхгүй. Төсвийн орлого хэтэрхий өөдрөг байна”

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Есөн мэдэгдлээс таван үзүүлэлтийг нь хангахгүйгээр  төсвийн хүрээний мэдэгдлийг батлах гэж байна. МАН-ын бүлгээс төсвийн зарлагыг нэмэгдүүлэх тал дээр хатуу байр суурьтай байсан. Төсвийн алдагдлыг аль болох бага байлгахын тулд зардлаа бууруулах ёстой гэж үзсэн. Гэтэл үүнийг ер тусгаагүй байна” гэлээ.

Гишүүд асуулт асууж дууссаны дараагаар  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.