Ардчилсан нам задраагүй
АН-ын бүлгийн хуралдаан
2015.10.19

Ардчилсан нам задраагүй

АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдээлэл хийсэн юм. 

АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар

 -Өнөөдрийн хуралдаанаар төсөв тойрсон асуудлуудыг ярилцсан. УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, төсөвтэй холбоотойгоор АН-ын бүлгээс байгуулсан Ажлын хэсгийн ахлагч мэдээлэл хийсэн. Мөн Тариалангийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцлээ.

 Засгийн газар Гацууртын ордтой холбоотой гэрээ хэлцлийн талаар “Синтерра Гоулд” компанитай тодорхой тохиролцоонд хүрсэн тухай Ерөнхий сайд мэдээлсэн. АН-ын бүлгээс Гацууртын ордыг ашиглах тухай хуулийн төслийг өргөн барихдаа Ноён уулыг тусгай хамгаалалтад авах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн барихыг үүрэг болгосон.

 Түүнчлэн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр АН-ыг задарч, 2-3 нам шинээр байгуулагдаж байгаа тухай мэдээлэл гарсан. АН-ын бүлгийн даргын хувьд АН задраагүй, өөр нам, эвсэл байгуулагдаагүй гэдгийг албан ёсоор хэлье.

 Төсвийн ажлын хэсгээс Төрийн захиргааны албан хаагчдын цалинг хасах асуудал нэлээд маргаан дагуулж байгаа тухай мэдээлэлдээ дурьдсан. АН-ын бүлэг Засгийн газраас өргөн барьсан төслөөр нь батлахад анхаарах болно. Төсөв бол хувийн хэвшлийн татвараас бүрддэг. Төрийн захиргааны албан хаагдчын цалинг 10 хувиар хасах нь хувийн хэвшлийн ажиллах боломжийг нээж байгаа юм.

/Ийгл тв/

 Мөн бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор 3000 хүн ажлаас чөлөөлөгдөж байгаа. АН эдгээр хүмүүсийг давтан сургалтад хамруулах, хувийн хэвшилд ажиллах боломжийг нь нээж өгөх хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн. МАН өмнө нь төрийн албан хаагчийн тоо өссөн талаар шүүмжилж байсан бол өнөөдөр 3000 мянган хүнийг ажилгүй болголоо хэмээн улс төрийн суртал, ухуулга хийж байна.

 Засгийн газрын бүтцийн асуудал 2016 оны наймдугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Гэхдээ энэ асуудал 2015 оны төсвийн тодотголтой давхар өргөн мэдүүлсэн. ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, “Тодотголтой хамт өргөн мэдүүлснээр 2016 оны төсөвт хүндрэл учруулахгүй байх боломжийг бүрдүүлэх зорилготой. Тиймээс АН-ын бүлэг үүнд өөрчлөлт оруулахгүйгээр анх өргөн мэдүүлсэн төслөөр нь дэмжих хэрэгтэй” хэмээн тайлбарласан. Үүнд бүлэг санал нэгдсэн гэлээ.