Суманд юу болж байгааг аймгийн удирдлагууд, хууль хяналтынхан мэдэхгүй сууцгааж байна
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорнод аймагт ажиллахдаа Халх гол сумаас хөөгдөж ирсэн гэж шуугиад байгаа билээ. Нөхцөл байдлын талаар түүнтэй ярилцлаа.
Та Халх гол руу ямар ажлаар явав. Зорилгоо биелүүлж чадсан уу?
-Ерөнхийдөө хоёр зорилготой явсан. Эхний зорилго маань тус нутгийн иргэдэд Халх гол чөлөөт бүсийн талаар мэдээлэл өгөх байв. Хэд хоногийн өмнө Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Халхголын газар ашиглалтын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Тэгэхэд Халхголд газар ашиглалтын байдлын дүн мэдээ нэлээд зөрүүтэй байсан. Газрын нэгдсэн санд байгаа дүн, сансраас авсан зураг, Засаг даргынх нь өгч байгаа мэдээ нэлээд зөрж байсан.
Нөхцөл байдал ямар байгааг судалж, газар дээр нь очиж ажиллах чиглэлийг Байнгын хорооноос надад үүрэг болгосон. Мөн энэ хэлэлцүүлэг дээр ирсэн ирэдийн төлөөлөл нутагтаа очиж мэдээлэл өгөөч гэж хүсэлт тавьсан. Үүний дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорнод аймаг, Халхголыг зорилоо. Гэтэл жагсаалтай угтсан.
Дорнод аймаг руу явсан миний хоёр дахь зорилго бол иргэд, хилийн цэрэг, застав отрядын албан хаагчидтай уулзах, Халх гол чөлөөт бүсийн талаар мэдээлэл өгөх, санал солилцох байлаа. Дорнод аймгийн Халх голд ажилласнаариргэдийнхээ санал бодлын анхааралтай сонсож, тэд ямар хэмжээний мэдээлэлтэй байгааг мэдэж авлаа. Мөн Халх гол суманд газар ашиглалтын байдал нэлээд хууль зөрчсөн, ноцтой хэмжээнд байгаа юм байна гэдгийг мэдэж авлаа. Улаанбаатараас олж авч чадахгүй байсан Халх гол сумын ИТХ, болон Засаг даргын захирамжуудыг оллоо.
-Таныг очиход иргэд жагсаал цуглаантай угтсан гэсэн. Тэд яагаад эсэргүүцээд байгаа юм бэ?
-Орон нутгийн удирдлагуудын хууль бус шийдвэр илчлэгдэх болонгуут тэрийгээ нуун дарагдуулах гэж иргэдийг төөрөгдүүлсэн байна гэж ойлгосон. Ингээд “Хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах нэрээр Р.Бурмаа сайд гадаадынханд газар өгсөн байна, өгөх гэж байна” гэх цуурхал дэгдээж байна.
Жагсаал цуглааны хувьд нэлээд зохион байгуулалттай байгаа мэт анзаарагдсан.“Таны яриаг бид сонсохгүй. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Г.Уянганар бидэнд хангалттай мэдээлэл өгсөн. Таныг сонсох шаардлагагүй. Та манай газар нутгийг гадныханд өгөх гэж байгаа юм биш үү, бид газар нутгийнхаа төлөө эцсээ хүртэл тэмцэнэ” гэх хүмүүс ч байсан.
-Та түрүүн халхголын газар ашиглалттай холбоотой ноцтой баримтууд олж авсан гэлээ. ямар мэдээллүүд юм бэ?
-Орон нутгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарын газар ашиглалттай холбоотой гаргасан захирамжууд л даа. Урьд нь тэднээс энэ тухай мэдээлэл хүсэхэд бүрэн гаргаж өгөөгүй. Харин миний бие газар дээр нь очсоных хилийн боомт, отрядууд гээд энд тэндээс тэдгээр захирамжуудыг цуглуулж авсан. Халх голын орчимд атаршсан 30 мянган га талбайг газар тариалангийн зориулалтаар ашиглах нь зүйтэй гэсэн Засгийн газрын 2010 оны дөрөвдүгээр сард гарсан тогтоол байдаг.
Гэтэл үүнээс нэг жилийн өмнө буюу 2009 онд Халхгол сумын Засаг дарга Ц.Сүхбаатар, ИТХ-ын дарга Ц.Насанхүү нарын гарын үсэгтэй тогтоол гарсан байгаа юм. “Хансолмо” гэдэг БНСУ-ын хөрөнгө оруулалттай компанид 30 мянган га газрыг мал аж ахуй, тэжээлийн таримал тарих зориулалттайгаар ашиглах тухай тушаалыг нэг өдрийн дотор гаргасан байгаа юм.
Ингэхдээ хэдий хугацаанд, яаж ашиглах нь тодорхойгүй. Нэг ёсондоо хугацаагүй ашиглах зөвшөөрөл гэсэн үг. Энэ нь өөрөө Газрын тухай хууль болон бусад хуулийг зөрчсөн. Тэнд ИТХ, Засаг дарга нар эрх мэдлээ хэтрүүлэн Засгийн газраас илүү эрх мэдэлтэй, дураараа авирласан байна.
Мөн одоогийн Засаг дарга В.Мөнхтайван нэлээд олон мянган га газрыг компаниудад өгсөн байна л даа. Хуулийн этгээдийн бүртгэлээс лавлагаа авахаар “Соёмбо буудай” компанид 1621 га газрыг 15 жилийн хугацаатай ашиглах эрхийг Засаг дарга В.Мөнхтайван өгсөн байх юм. Энэ компанийн ард Хятадын 95 хувийн хөрөнгө оруулалттай “Erlian Deyu organic Agriculture” гэдэг компани байдаг юм байна. Мөн “Үйзэн тал” гэдэг компанид долоон мянган га, дараа нь 14 мянган га газар гэх мэтчилэн долоо, найман удаагийн үйлдлээр газар өгсөн. Тус компани авсан газраа яг газар тариалангийн зориулалтаар ашигладаггүй. Өөр компанид шилжүүлэг хийгээд тэрний ард ямар үйл ажиллагаа явагддагийг хяналтын байгууллагууд нь шалгах биз ээ.
Халх гол сумын Засаг дарга нар дураараа Төрийн өмчит газрыг өгөөд явж байна. Энэ жил гэхэд 113 мянган га газрыг хадлангийн зориулалтаар ашиглуулахаар өгсөн байна. Аж ахуйн нэгжүүдэд 15 жилийн хугацаатайгаар хадлангийн зориулалтаар газар ашиглуулах шийдвэрийг Засаг дарга В.Мөнхтайван гаргачихсан хэрнээ сумынхааиргэдэд болохоор зуны хоёр, гуравхан сард хадлан авах зориулалтаар газар өгдөг юм байна.
-Орон нутгийн удирдлагуудын энэхүү шийдвэрүүдийг иргэд мэдэж байх юм уу?
-Тэдэнд энэ тухай мэдээлэл алга. “Манай нутгийг Улаанбаатараас ирсэн том компаниуд авах гээд байна. Р.Бурмаа сайд гадаадын компаниудад манай газар нутгийг өгчихөж” гэхчилэн уурсаад байна шүү дээ, тэр хүмүүс. Ийм л буруу ойлголт төрүүлчихэж. Яг үнэндээ том аж ахуйн нэгжүүдэд олон жилийн хугацаатайгаар Ялалт багийн газраас сумын Засаг дарга нь олгочихсон байна. Хадлангийн газрыг ард иргэд нь багийн нийтийн хурлаар шийдвэрлэдэг. Гэтэл тус багийн 35 мянган га газрыг 15 жилийн хугацаатайгаар Улаанбаатарт байдаг аж ахуйн нэгжид өгчихсөн байна. Үүнийг Ялалт багийн малчид,иргэд мэдэхгүй байгаа.
Хуулиараа бол сумын Засаг дарга төмс, хүнсний ногоо тариалахаар 30 га хүртэл, усжуулалттай талбайд үр тарианы зориулалтаар 100 га хүртэл газар олгох эрхтэй л дээ.
-Таны яриад байгаа энэ баримтуудыг хуулийн байгууллагынхан мэдэж байсан болов уу?
-Би Чойбалсан хотод ирээд аймгийн захиргааныхныг цуглуулаад уулзлаа. Хууль сахиулах байгууллагынхан бүгд ирсэн. Халх гол суманд очиж ажилласан албан тушаалтан, удирдлагууд ч байлцсан. Тэд тус суманд ийм замбараагүй газар олголт явагдаж байсныг мэдээгүй гэж байна лээ.
Аймаг нь сумаа мэдэж чадахаа байчихсан. Суманд юу болж байгааг аймгийн удирдлагууд, хууль хяналтынхан мэдэхгүй сууцгааж байна шүү дээ. Засаг дарга, ИТХ-ын дарга нар ээлжилж албан тушаалд томилогдоод л, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаад л яваад байж. Ингээд төрийн сайд хяналт тавих гэхээр замыг нь боодог, жагсаал цуглаан зохион байгуулдаг байдалтай байна. Би газар дээр нь очиж танилцсан нь зөв болж гэж бодож байгаа.
-Халхголд байгуулагдах хөдөө аж ахуйн чөлөт бүс яг ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм бэ?
-УИХ-ын 75 дугаар тогтоол гарсны дараа хэн нэгэн захирагч томилогдож, тэнд аж ахуйн нэгжид газар ашиглах эрх олгох байдлаар ямар нэгэн үйл ажиллагаа эхлээгүй байна. Тэгэхээр Халх голын чөлөөт бүсэд ямар дүрэм журмаар ажиллахыг тогтоосны дараа үйл ажиллагаа нь эхэлж, чөлөөт бүсийн алба томилогдоод ажиллах юм. Засгийн газраас “БОНХАЖ-ын сайд, ХХАА-н сайд, Аж үйлдвэрийн сайд нар ерөнхий төлөвлөгөө боловсруулж оруулж ир. Халх голын чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулахдаа байгальд ээлтэй, генетикийн өөрчлөлтгүй, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.
Гадаадын ажиллах хүч гурван хувиас илүү байж болохгүй. Үйл ажиллагаа явуулах мал аж ахуй, газар тариалан, хөдөө аж ахуй, ХАА-н аялал жуулчлал эрхлэх аж ахуйн нэгжүүдийн 51-ээс доошгүй хувь нь Монголын хөрөнгө оруулалттай байх ёстой” гэсний дагуу ерөнхий төлөвлөгөө боловсруулж оруулж ирэх үүрэг өгсөн. Энэ дагуу хийсэн ерөнхий төлөвлөгөөний санал, судалгаагаа ард иргэддээ танилцуулж,санал солилцохоор очсон юм. Хорио цээрийн дэглэмтэй мал хашдаг газар нь хөдөө аж ахуйн бүсийнхээ таван хувь нь л байна. Тус хорио цээрийн бүсэд бэлчээрийн малыг оруулаад сарын дараа гэхэд шахаж, бордоод мах,махан бүтээгдэхүүн болгоод экспортод гаргана.
Үүнээс гадна манай малчид өөрсдийнхөө бэлчээрийн малыг өгсөн ч болно. Халх гол чөлөөт бүсэд эрчимжсэн болонхагас эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх юм. ХАА-н голлох үйл ажиллагаа нь махны чиглэлийнх байх бөгөөд тэр дундаа үхэр, хонины аж ахуй байна. Үүнийгээ дагаад газар тариалан, хөдөө аж ахуйн аялал жуулчлал гээд бусад үндсэн бүтээгдэхүүн байна. Энэ мэт олон чухал мэдээллийг иргэдэд танилцуулахаар байсан ч харамсалтай нь иргэд сонсохыг хүссэнгүй. Гэхдээ миний хувьд нутгийн иргэдийн санаа бодол ямар байгааг сонсож, нөхцөл байдлыг улам сайн мэдлээ.
-Чөлөөт бүс байгуулах 500 мянган га газрыг тэр чигээр нь хашиж, дэглэмт бүс болгоно гэсэн ойлголт иргэдэд байгаа юм биш үү?
Халх гол чөлөөт бүсэд эрчимжсэн болонхагас эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх юм.
-Малчдын өвөлжөө хаваржааг аваад хашна гэж ойлгоод байна. Тийм биш л дээ. Халх голын чөлөөт бүс бол хилийн дотор байгаа. Хил дээр байрлалтай чөлөөт бүс бол хашаатай, хүн орж гарахад шалгаж, хянадаг. Тэнд гадаадын иргэн визгүй 30 хоногийн хугацаатай нэвтрэх боломжтой байна. Харин Халх голын чөлөөт бүс бол хил дээр биш, нутгийн гүнд байгаагаараа ялгаатай. Тэнд гадаадын иргэн визгүй орох эрхгүй. Тиймээс хашаа хороо барих шаардлагагүй. 500 мянган га газар гэдэг бол онцгой дэглэмд байхыг хэлж байгаа юм. Тэнд тогтмол хяналт тавина.
Нөгөөтэйгүүр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүдийг хариуцлагажуулна. Эндээс зөвхөн органик бүтээгдэхүүн гарах ёстой. Тиймээс аж ахуйн нэгжүүдийг байгальд ээлтэй бордоо, технологи ашиглахад нь хяналт тавина. Үүнийхээ хариуд тэд татварын хөнгөлөлт эдлэх боломжтой. Экспортод бүтээгдэхүүнээ гаргавал гаалийн татварыг тэглэнэ. Дотоодын импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл бодлогоор дэмжинэ гэсэн үг. Тэгэхээр өндөр стандарт тавьж, хянах юм. Хашиж бус хатуу стандарт хяналт тавьж байгаагаа онцгой дэглэмтэй бүс гэж байгаа юм
Тэнд одоо нутаглаж байгаа Халх гол сум, Ялалт багийн малчдын өвөлжөө нь Үндсэн хуулиар өөрийнх нь хувьд очсон өмч. Хэн ч түүнд нь халдахгүй. Гагцхүү ямар шаардлага тавьж байгаа вэ гэвэл бэлчээр доройтоогүй байх ёстой. Уламжлалт мал аж ахуйг ХАА-н аялал жуулчлалтай хослуулж ажиллуулах зорилготой. Халх голын зэргэлдээ Хятадын 68 мянган хүнтэй Рашаан гэдэг хотод 2.4 сая жуулчин авч байна. Тэнд хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг ном журмаар нь хөгжүүлэх бүрэн боломж байгаа. Бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байгаа малчид орлого олох боломжтой. Мөн Халх гол сумыг эко загвар хот болгохоор дэд бүтцийг нь сайжруулах чиглэлээр тооцоо,судалгаа хийгдээд явж байна.
-Ер нь анхнаасаа яагаад заавал Халхголд чөлөөт бүс байгуулах шийдвэр гарсан юм бэ?
-Монгол орны хэмжээнд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах асуудлаар долоон байршилд судалгаа хийсэн. Хамгийн тааламжтай нөхцөлтэйгөөрөө Халх гол шалгарсан. Бэлчээрийн даацаараа ч сайн байна. Зах зээлдээ ойр. Халх голоос холгүй, хилийн цаана 10 сая хүн байна. Тэнд жилээс жилд үхэр, хонины махны хэрэглээ, үнэ өсч байдаг. Хэдхэн хоногийн өмнө Хөх хотод болсон “Монгол, Хятадын анхдугаар экспо” дээр манай Махны холбоо Өмнөд Монголд 150 мянган тн мах нийлүүлэх зургаан тэрбум юанийн гэрээ хийлээ.
Мөнгөн дүнгээр тооцвол 1.8 гаруй их наяд төгрөг болно. Малчид малаа борлуулаад мөнгөтэй болох асар их боломж байна. Монгол орны зүүн аймгуудаас хөршүүд малын мах авахгүй гэдэг. Учир нь зээрийн гүйдэл ихтэй, шүлхий өвчин гардаг гэдэг утгаар. Тэгэхээр зүүн бүсээс зөвхөн чөлөөт бүсээр дамжиж, малаа эрүүл гэдгээ баталгаажуулж, мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтой. Энэ утгаараа Халх голд чөлөөт бүс байгуулах нь зүүн бүсийн малчдад ашигтай юм.
-Таныг халхголд очихоос өмнөхөн УИХ-ын гишүүд, Хөдөлмөрийн үндэсний намынхан очсон гэсэн. Тэд иргэдэд буруу мэдээлэл өгөөд, тархийг нь угаачихав уу?
-“Танай газрыг чинь хашна, та нарыг оруулахгүй болно. Чөлөөт бүс нэрээр газрыг чинь гадаадынханд өгөх гэж байна” гэхээр иргэд бухимдалгүй яахав дээ. Зориуд худал мэдээлэл өгөөд иргэдийг ийм байдалд хүргэнэ гэдэг бол харамсалтай байна.
-Халхгол сумын иргэд засгийн газраас тогтоосон хэмжээнээс хоёр дахин их газрыг дураараа олгосон юм байна. Тэдний шийдвэрийг цуцалж болно биз дээ?
-Үүнийг цуцлах бүрэн эрх аймагт нь байгаа. Гэтэл аймгийнх нь удирдлага, хариуцах ёстой хүмүүсээс нь “Та нар ийм явдал болсныг мэдэж байсан уу” гэхээр “Зөвлөмж өгсөн” гэсэн үгтэй л байна даа. Зөвлөмжийг нь хүлээж авдаггүй гэдэг нь өнөөдрийн нөхцөл байдлаас шууд харагдаж байгаа юм. Хуулиас гадуур үйл ажиллагаа яваад байхад улс, яам, холбогдох байгууллагад ямар ч мэдээлэл өгөхгүй, орон нутагтаа дараад яваад байдаг.
-УИХ-аас орон нутгийн бие даасан байдлыг хангана гэж нэлээд ярьсан. Гэтэл төр засаг аймаг, сум удирдаж чадахаа байчихсан нь Халхголд болсон үйл явдалаас харагдлаа л даа?
- Монгол Улс чинь нэгдмэл улс. Бүгд хуульд захирагдаж үйл ажиллагаа явуулах ёстой. Хэн нэгэн сумын удирдлагадураараа дургиад тэрийг нь шалгуулахгүй гээд иргэдээ өмнөө тавьж болохгүй.
-Төрийн сайд нь очиж байхад хүртэл иргэд нь яахаас ч буцахгүй эсэргүүцээд босч байна. Тэгэхээр хуучин цаг шиг зүүн болон баруун хязгаарыг төвөхнүүлэх сайд гэж тусдаа байх шаардлагатай ч юм шиг. Энэ тал дээр та ямар бодолтой байна?
-Хууль зүйн яамны Хуулийн хэрэгжилтийг хянах бодлогын газрын дарга, хил хариуцсан хурандаа, Хүнс, хөдөө аж ахуйн сайд нь орон нутагт очиж байхад удирдлагууд нь тэр хууль бус шийдвэр, бичиг баримтаа үзүүлэхгүй байсан. “Та нарыг оруулахгүй. Хэн юм бэ” гэсэн байдалтай байна. “Одоо дахиад ирвэл чинь буу шийдэм болно. Амиа өгөхөөс ч сийхгүй шүү” гэж хэлтэл иргэдийг буруу мэдээллээр сандаргаж болохгүй л дээ. Үүн дээр сумын удирдлагад байгаа хүмүүс зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж байна. Өөр санаа бодолтой хүмүүс байгаа эсэхийг хууль хяналтын байгууллагууд нь шалгах байх.
Эсвэл та тэр хүмүүст ажлаа хийж, ойлгуулж чадахгүй байна уу?
-Р.Бурмаа гэдэг сайд нэг өдөр зүүдэлж сэрээд Халх голд чөлөөт бүс байгуулъя гээгүй шүү дээ. Халх гол хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах судалгаа 1967 оноос хойш явсан. Өмнө нэлээд яригдаж, 2011 онд орон нутаг руусанал тавьж байсан. Тэгэхээр энэ олон судалгаа, үнэлгээ дүгнэлтийг ажил хэрэг болгох тал дээр миний бие ажиллалаа. Ямар нэгэн байдлаар хаалттай байдлаар явагдаагүй. Бүх чуулган, байнгын хороодын хуралдаан интернэтээр нээлттэй байдаг.
Зуны хугацаанд иргэдтэй очиж уулзаад, танилцуулах боломж байсан уу?
- Иргэдэд хангалттай мэдээлэл өгөх тал дээр хугацаа алдсан байна. Халх голд чөлөөт бүс байгуулах асуудалд орон нутаг саналаа өгч байсан. Тэгэхээр орон нутгийн саналыг иргэд дэмжиж байгаа гэж бодож байсан. Гэтэл сумын удирдлагуудасуудлыг буруу тийш нь гуйвуулсан байна. Мөн Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооныхонтой есдүгээр сард очно гэж төлөвлөж байсан юм. Энэ үед чуулган эхлээгүй учраас байнгын хорооны ихэнх гишүүн хөдөө, гадагшаа яваад олдоогүй.
Ингээд байнгын хорооны дарга маань газар ашиглалтын байдлыг сонсъё, тэрний дараа чөлөөт бүсийн асуудлаар орон нутагт ажиллах нь зүйтэй гэсэн саналыг тавьсан. Миний хувьд ч дэмжсэн. Ингээд хэлэлцүүлгийн үеэр газар ашиглалтын мэдээлэл хоорондоо зөрчилдсөн, тэрэн дээр хянаж, шалгах хэрэгтэй нь харагдсан. Тэр үүргийн дагуу би сая яваад ирлээ л дээ.
-Халхголчууд зээр, зээл хоёроор амьдарч байна гэх юм. Яагаад ажил хийхгүй байна вэ?
-Харахад олон аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлдэг гэсэн судалгаа байх юм. Гэтэл ард нь Улаанбаатарт голдуу байдаг компаниуд байна. Тэр нь нутгийн иргэдийн хэдэн хувийг яаж авч ажиллуулдаг юм бэ гэдгийг судлахаар хангалттай биш байна. Түр зуурын ажлын байр дээр орон нутгийнхныг ажиллуулдаг бололтой юм. Уг нь би сая очихдоо ажилгүйдэл нь ямар байна, хуучин уламжлалт, жимсний аж ахуй эрхэлж байсан хүмүүсийн үйл ажиллагааг сэргээвэл зохимжтой юу, боловсон хүчний чадамж ямар байгааг ч судалж, уулзъя гэж бодсон юм л даа.
Мөн чөлөөт бүсийнхээ дагуу хөрөнгө оруулалтын асуудлыг шийдээд очсон. Азийн хөгжлийн банктай хийгдэж байгаа гэрээн дээр нэлээд том үнийн дүнгийн хөрөнгө оруулалтыг Халх голын чөлөөт бүсэд оруулахаар болсон. Унгар, Вьетнам, Хятад, Япон зэрэг улсуудад хүмүүсээ ХАА-н чиглэлийн сургалтад хамруулахаар болсон сайхан мэдээтэй байлаа. Халх голын чөлөөт бүсийн төлөвлөгөөний зураглалаа гаргачихсан, хөрөнгө оруулалтаа эхнээс нь шийдчихсэн, иргэдтэйгээ нийлээд нутгаа сайхан хөгжүүлнэ дээ гэсэн хүсэл тээж очсон юм .
Чөлөөт бүсийг эсэргүүцээд байгаа иргэд юу хийж, яаж амьдрах гэсэн юм бол?
-Иргэд юу хиймээр байна, ямар хүндрэл бэрхшээл байгааг нь ярилцаж, асуудлын гарцыг хамтдаа эрэлхийлэхээр очсон юм л даа. Халх голын чөлөөт бүсийн 75 дугаар тогтоолыг хүчингүй болгочихвол хоёр зам бий. Хамгийн түрүүнд хайгуулын лицензэд очно. Яагаад гэвэл энэ жил тэнд хайгуулын лиценз олгогдохоор зарлагдсан талбай. “Пейтрочайна дачин тамсаг” гэдэг БНХАУ-ын компанийн мэдэлд 13 жил байгаад 2013 онд буцаагдсан. Хэрэв лиценз олгоно гэвэл маргаашгазрын тосны компани авна. Хамгийн өндөр магадлалтай нь “Петрочайна дачин тамсаг” байна шүү дээ.
Мөн Засаг дарга хяналтгүйгээр дураараа гадна, дотны аж ахуйн нэгжүүдэд газраа дураараа өгөөд явдаг байдал үргэлжилнэ. Чөлөөт бүсийн үйл ажиллагаа эхлэхээс өмнө төр гэж байдаг юм бол, хууль цаазат нэгдсэн улс юм бол хууль зөрчөөд байгаа Засаг дарга, ИТХ-ын дарга нарын үйлдлийг шалгаж хянаад, хариуцлага тооцон хууль мөрдөж ажилладаг болгоно. Төрийн үйл ажиллагаа номоороо явах ёстой. Юун түрүүнд газар ашиглалтын байдал дээр хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсоож, хариуцлага ногдуулах нь зүйтэй гэж харж байна. Үүний дараа чөлөөт бүсийн тухай асуудал яригдах ёстой нь эндээс харагдлаа.
"Р.Бурмаа сайдыг иргэд нь хүлээж авахгүй, хөөсөн. 2016 оны сонгуульд энэ нутгаас гарах нь худлаа юм байна" гэхчилэн улс төр нилээд явлаа. Та Дорнодоос нэр дэвших үү?
-Намайг Дорнодоос нэр дэвшинэ гэсэн таамаг л яваад байгаа болохоос би тийм шийдэл гаргаагүй. Үүнийг би ч дур мэдээд шийдчихгүй. Манай аав, ээж хоёр Дорнод аймгийн уугуул. Өүлэн эхийн тоонотод миний ээж төрсөн юм. Аав маань 90 дөхөж байна. Ээж минь 80 гаруй насыг зооглож яваа. Сургуулийнхаа 90 жилийн ойд очиж оролцоод нас нэмлээ гээд хөөрөөд ирцгээсэн. Нэлээд хэдэн жилийн өмнө аав, ээж хоёрыгоо нутагт нь аваад очиход миний ээж уйлж байсан. “Энэ нутгаасаа гарч явснаас хойш 30 жилийн дараа ирж байна. Бахь байдгаараа, гэрэл цахилгаан ч алга. Чи тэр улс төр гэдэг юмандаа ор.
Миний нутгийг цахилгаантай болгоод өгчих. Амьддаа үзмээр байна” гэж надад хэлж байсан. Хоёр хөгшнийгөө сэрүүн тунгалаг байгаа дээр ХАА-н сайд боллоо. Энэ нутагт бүтээн байгуулалт хийгээд харуулчих юмсан гэсэн бодол надад бий. Миний өвөө Дорнодын Баян-Уул сумын харьяат. Жамъяангийн Лувсан гэж улсын сайн малчин байсан. Сайн нэртэй, сайхан өвөг дээдсийн үр ач болохоор нутагт нь сайхан зүйл хийхийг их л боддог доо. Тэрнээс надад энэ нутгаас нэр дэвших нь чухал биш. Нэр дэвших тойрог дээрээ тулбал Улаанбаатар нь илүү ойр. Миний хоёр дахь том амбиц бол улс орны эдийн засаг ийм хүндрэлтэй байгаа үед хувь нэмрээ оруулж чадна гэдгээ харуулахыг боддог.
Уул уурхайгаас илүү ХАА маань ийм ашигтай гэдгийг харуулж чадах том хүсэл надад байгаа. ХАА-н чөлөөт бүс байгуулснаар богино хугацаанд буюу гурав дахь жилээс нь үр дүн гарна. Махнаас гэхэд 400 сая ам.долларын ашиг олох боломжтой тооцоо судалгаа хийсэн. ХАА-гаа дэмжиж ажиллах юм бол манай эдийн засаг солонгорно. Төсвийн орлого тасарчихаад цалин мөнгөө хасах дээр тулчихаад байгаа өнөө үед ХАА-гаас олох орлого эдийн засагт хувь нэмрээ оруулна.
-Халхголд болсон цуглаан зохион байгуулалттай, нэлээд хөрөнгө хаясан бололтой байсан гэсэн. Цаад санхүүжүүлэгчийн нь хэн гэж бодож байна?
-Их олон машин, унаа байна лээ. Хотын голдуу дугаартай байх шиг. Зам зуур биднийг явж байхад энд тэнд бөөгнөрчихсөн байсан. Өнгөтөөр хэвлээд тараагаад өгсөн материалаас харахад зохион байгуулалттай гэж харагдаж байсан. Гэхдээ хэн зохион байгуулсныг нь би яаж мэдэхэв. Ямартай ч Халх гол сумын ИТХ-ын дарга байсан, одоо ИТХ-ын гишүүн Ц.Насанбат удирдаж байгаа харагдсан.
Таныг "Буугаад ир" гэж нэлээд орлилдсон гэсэн. Та очьё гэж бодсон уу. Хэрэв машинаасаа буугаад очвол юу болох байсан бол?
-Машины цонхоор харж байхад сургуулийн насны хүүхдүүдийг жагсаал цуглаанд оруулчихсан харагдсан. Энэ бол хууль бус явдал. Тэд нар сэтгэл нь хөөрсөн бололтой, чулуу, мод бариад хашгираад яваад байна лээ. “Амиараа хамгаалъя. Амиа өгчихье. Амийг амиар” гэх мэтчилэн хашгирч байсан тэднийг машин дотроос харж байхдаа “Нүүр тулаад уулзаж, асуудлаа яривал яадаг бол” гэж бодсон. Гэхдээ жирийн иргэд маань хохирол амсчих вий гэж болгоомжлоод буцаад явсан л даа.
-Танд ямар сэтгэгдэл төрөв. Дахин Халхгол руу очих уу?
-Би бол өөрийнхөө итгэл үнэмшил дээр бүр илүү баттай боллоо. ХАА-н үүц болсон чөлөөт бүсийнхээ Халх голын орчмын газрыг улс тусгай хэрэгцээндээ хамгаалдаг, тусгай хяналтадаа байлгах ёстой юм байна гэдэгт бат итгэлтэй ирлээ. Энэ тухай УИХ, Засгийн газарт танилцуулна
-Таныг Халхголд очиход тосохоор очсон машин онхолдсон гэсэн мэдээ байсан. Тийм явдал болсон юм уу?
-Ямар нэгэн осол гараагүйг хариуцлагатайгаар хэлье. Хилийн цэргийн застав болон отрядад байрлаж, хооллоно гэж байсан. Тусдаа ямар нэгэн байдлаар хоол захиалах шаардлага байгаагүй. Тэнд намайг тосоод явж байх машин ч байхгүй. Тэр тусмаа “Р.Бурмаа сайдын дүү тэр аж ахуйг нь авчихаад онхолдсон” гэж ийм гүтгэлэг явна гэдэг бол арай дэндэж байна. Хууль бус үйлдэл нь илчлэгдэхээс айсан, аргаа барсан хүний хийдэг ажил л даа. Орон нутгийн удирдлагуудаас нь хэдэнтээ шаардаад авч чадахгүй байсан баримтуудаа сая оллоо. Одоо АТГ-т өгч шалгуулна.