Уул уурхайг бодвол чөлөөт бүс үр дүнгээ хурдан өгнө
УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа
2015.09.24

Уул уурхайг бодвол чөлөөт бүс үр дүнгээ хурдан өгнө

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Халх голыг чөлөөт бус болгоно гэсэн мэдээллийг сонссон орон нутгийн иргэд эсэргүүцэж байна. Чөлөөт бүс болгохын тулд ямар тооцоо судалгаа хийсэн бэ. Салбарын сайдын хувьд байр сууриа илэрхийлнэ үү?

-Тухайн бүс нутагт буруу мэдээлэл тархаж байна. Худал мэдээлэл өгч иргэдийг турхирч байна. Халх гол сумыг нүүлгэх асуудал яриагүй. Харин ч чөлөөт бүс байгуулснаар сум хөгжинө. Ажлын байр нэмэгдэнэ. Чөлөөт бүсэд оруулсан газрын 40 гаруй мянган га-д нь газар тариалан эрхэлж байгаа. Нүүдлийн мал ахуйгаар төдийлэн урагшлахгүй байгаа учраас эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай. Одоо тус бүс нутагт эрчимжсэн аж ахуй байхгүй. Тэгэхээр тухайн газар орны онцлогийг харгалзаж үзсэн. 

Хөрс эмзэг, салхитай газар учраас технологийн нарийн дэглэм мөрдөж ажиллах аж ахуйн нэгжүүдэд л зөвшөөрөл олгоно. Халх голд газар тариалан эрхэлж байгаа байгууллага технологийн дүрэм мөрдөхгүй байна. Монголын хөрсний стандартад нийцээгүй үрээр рапс тарьж, үржил шимгүй болгосон. Тиймээс нарийн хяналттай байлгана.

Ойн болон түймрээс хамгаалах зурвас хийсэн, тариалангийнхаа газрын хөрсний сэлгээг зөв хийсэн, заавал агрономич ажиллуулах зэрэг өндөр шаардлага тавьж байгаа. Ийм шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүд сүүлийн үеийн сайн техник, технологийг хэрэглэх байх. Зарим тоног, төхөөрөмж л гэхэд тэрбум төгрөгөөс наашгүй үнэтэй байгаа. Ингэж хатуу шаардлага тавьсныхаа хэрээр татварын хөнгөлөлт эдлүүлнэ. Түүнчлэн бордоо, ургамал хамгааллын бодис нь органик байх ёстой.

-Халх голыг яагаад сонгосон юм бэ?

Есөн шалгуураар хамгийн сайн нь Халх гол гэж үзсэн.

-Бид долоон бүс нутагт урьдчилсан судалгаа хийсэн. Есөн шалгуураар хамгийн сайн нь Халх гол гэж үзсэн. Эхлээд Халх голд үлгэр жишээ болохуйц чөлөөт бүс байгуулна. Дараа нь хил орчмын газруудын чөлөөт бүсийг байгуулах төлөвлөгөөтэй байна. Халх гол загвар болох учиртай. Манай улсын зүүн бүс шүлхийн голомттой.

Үүнээс болоод мах экспортолж чаддаггүй. Гэтэл бид махны экспортоос жилдээ гэрбум ам.доллар олох боломж бий. Энэ боломжоо ашиглаж чадахгүй байна. Хятадууд шүлхий гарч байгаагүй баруун бүсээс мах авна гэсэн хүсэлт тавьсан. Тэгэхээр зүүн бүсээс мах гаргах боломж алга. Халх голд амьдардаг малчид махаа заръя гэхээр авахгүй байна. Тиймээс хорио цээрийн бүс байгуулна. Чөлөөт бүсийн 500 мянган га газрын 0.24 хувь нь хорио цээр болон гаалийн хэсэг байна. Энэ хэсгийг хашина. Хорио цээрийн бүсэд мал эмнэлэг, лаборатори ажиллуулна.

Том газрыг чөлөөт бүсэд өглөө гэж хүмүүс шүүмжлээд байгаа. Тэгвэл тэнд хадлан, бэлчээрийн газар түлхүү байх юм. Эрчимжсэн аж ахуйд шаардлагатай бэлчээр, хад-лангийн талбайг цогцоор нь шийдсэн гэсэн үг.

Хамгийн гол нь хөрсөө бохирдуулахгүй байх ёстой. Иймд бэлчээрийн болон тарналангийн хөрсний шинжилгээ хийдэг лаборатори байгуулна. Сүүлмйн үед олон улсын байгууллагатай гэрээ, хэлэлцээр хийж байгаа. Бэлчээрийг сайжруулах чиглэлээр судалгаа хийсэн олон улсын эрдэмтэнтэй уулзаж, туршлага солилцсон. Тухайн газрын хөрсөнд таарсан бэлчээрийн ургамлыг тарималжуулах ажил байнга хийгдэх учиртай.

-Алтанбулаг, Замын-Үүд гээд хоёр чөлөөт бүс бий. Эдгээр бүсэд дэвшил гарсангүй. Тэгэхээр хөдөө аж ахуйн чөлөөт бүсэд хөгжих ирээдүй харагдаж байна уу?

-Манайд үйлдвэрлэл болон худалдааны чөлөөт бүс байгуулаад амжилт гарахгүй байна. Гэхдээ хөдөө аж ахуйн чөлөөт бүс бусдаас өөр. Бид эртнээс мал аж ахуй эрхэлж ирсэн болохоор чадахгүй гэхгүй. Хөдөө аж ахуйн бүтээн байгуулалт өрнөнө. Ер нь хөдөө аж ахуй бол хурдан хугацаанд үр дүнгээ өгдөг шүү дээ.

Уул уурхайтай харьцуулахад өгөөжөө хурдан хугацаанд өгнө. Чөлөөт бүсийн газар өмнө нь долоон жил “Петро чайна дачин тамсаг”-ийн мэдэлд байсан. Энэ компанийн мэдэлд байхдаа улсад, орон нутагт хэр хэмжээний ашиг өгснийг би мэдэхгүй. Сайн ашиг өглөө гэж сонсоогүй. Харин чөлөөт бүс бол орон нутагт, улсад ч ихээхэн хувь нэмэр оруулна.