Халхгол сумын Засаг дарга, ИТХ-ын дарга эрх мэдлээ хэтрүүлэн их хэмжээний газар олгосныг шалгуулна
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаатай “Халхгол”-ын чөлөөт бүсийн талаар ярилцлаа.
-Халхгол суманд ажиллаад иржээ. Сумын иргэд тантай уулзахгүй, мэдээлэл авах шаардлагагүй гэж жагсаал цуглаан болсон байна. Ер нь яагаад ийм байдалд хүрчихэв?
-Халхголын чөлөөт бүсийн тогтоол долдугаар сард гарсан. Үүнийг хэрэгжүүлэхээр Засгийн газар Аж үйлдвэрийн сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Хүнс хөдөө аж ахуйн сайдад ерөнхий төлөвлөгөө хийхийг даалгасан. Халхголын чөлөөт бүс байгальд ээлтэй, генетикийн өөрчлөлттэй таримал тарьж болохгүй, технологийн онцгой горимт үйл ажиллагаа явуулсан байх ёстой.
Мөн хөдөө аж ахуйн аялал жуулчлалыг нутгийн иргэд уламжлалт мал аж ахуйтайгаа хэрхэн хослуулж хөгжүүлэх, эрчимжсэн мал аж ахуй газар тариалан хэрхэн хослон ажиллах зэрэг нарийвчилсан төлөвлөгөөг оруулж ирэхийг даалгасан. Энд нийт ажиллах хүчний 3 хувиас илүүгүй гадаадын иргэн байх ёстой. Тэр дотроо нэг улс орных 1 хувиас илүү байж болохгүй гэж тусгасан. Өөрөөр хэлбэл, 1000 хүн ажиллалаа гэхэд гадаадынхан 30-аас илүүгүй байх, нэг улс орных бол 10 хүнээс илүү байж болохгүй гэсэн үг. Инновац, өндөр технологийн мэргэжилтэн гадаадаас түр хугацаагаар ирж ажиллах хүмүүс байх юм. Монголын аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах ёстой гэдэг чиглэл Засгийн газраас өгсөн.
Хөрөнгө оруулалтынх нь хувь хэмжээг тогтоож өгсөн. Хөрөнгө оруулалтын хэмжээний 51-ээс дээш хувь нь монголчуудынх байх юм. Бид урьдчилсан тооцоонуудаа хийсэн. Мал аж ахуйг эрчимжүүлсэн маягаар голлон хөгжүүлэх юм. Байнгын лабортори, хяналт бүхий улсын байцаагч нар ажиллана.
-Ерөөсөө очиход л нутгийн иргэд хүлээж авахгүй гэж угтсан уу?
-Чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөөгөө Засгийн газрын хуралдаанд оруулахын өмнө тооцоо судалгаагаа танилцуулж, нутгийн иргэдтэй ярилцах гэж Халхгол суманд зорьж очсон юм. Нутгийн зөвлөлийн гишүүд ирж, мэдээлэл өгөөч гэж удаа дараа хүсэлт тавьсан. Ялалт багаас эхлээд уулзахаар очиход “Танаас мэдээлэл авах шаардлагагүй. Болорчулуун, Уянга, Даваасүрэн гишүүн ирсэн. Тэд бидэнд хангалттай мэдээллийг өгсөн учраас танаас ямар ч тайлбар сонсохгүй” гэсэн. Халх гол суманд Засаг даргын тамгын газрын ажилтнууд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг оролцуулаад зам хаасан жагсаал, хөдөлгөөн зохион байгуулсан.
Хуульзүйн яамны Хуулийн хэрэгжилтийн зохицуулалтын бодлогын газрын дарга Үнэнбат хууль, хүчний байгууллагынхантай хамт тэнд байсан. Тэд Халхголд хоёр өдөр ажилласан. Сумын Засаг дарга, ИТХ-ын дарга ээлжийн амралттай гээд эзгүй байсан. Тэгтэл ЗДТГ-ын ажилтнууд, төрийн албан хаагчид нь ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд оролцуулаад жагсаал хийжээ гэдэг мэдээлэл дараа нь өгсөн. Гол зохион байгуулж байгаа Насанхүү гэдэг хүн сумын ИТХ-ын төлөөлөгч юм байна. Гадаадынханд эх нутгийг маань өгөх гэсэн хэнийг ч байсан буутай угтана, амиа золиослоно гэж хүртэл ард иргэдийн сэтгэл санаа үймэрсэн байна.
-Халхголын чөлөөт бүсийг эсэргүүцсэн жагсаал гэсэн. Гэтэл шийдвэр гарахаас өмнө Халхголын газар нутгийг ашиглах зөвшөөрөл өгсөн байсан гэх юм?
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа
-Насанхүү гэж хүн 2009 онд Халх голын бүс нутагт 30 мянган га газрыг “Хансолмо” гэдэг БНСУ-ын компанид өгсөн байна. Тэр үед Насанхүү нь ИТХ-ын дарга байсан. Үүнийг шийдвэрлэ гэж өгснийг Засаг дарга байсан Сүхбаатар 2009 онд тэр өдөртөө шийдвэр гаргаад 30 мянган га газрыг “Хансолмо” компанид олгож. Гэтэл УИХ атар газрыг эзэмш гээд тариалан тарих эсэх асуудлыг нь Засгийн газар шийддэг. Засгийн газрын шийдвэр бол 2010 оны дөрөвдүгээр сард гарсан. 30 мянган га газрыг хагалж болно гэдэг шийдвэр гарахаас өмнө сумын ИТХ-ын дарга Насанхүү,
Засаг дарга Сүхбаатар нар 30 мянган га газар Солонгосын хөрөнгө оруулалттай компанид фермерийн аж ахуй эрхлэх, тариалан ургамал тариалах зорилгоор бэлчээр ашиглах хүсэлтийг нь үндэслээд “Хансолмо”-д олгосон байгаа юм. Тэжээлийн ургамал тарина гэдэг газар хагална гэсэн үг. Засгийн газрын зөвшөөрлөөр л газар хагалдаг. Сумын удирдлагуудын энэ тогтоол, шийдвэр олдохгүй байсан. Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн Байнгын хорооноос энэ тогтоолыг гаргуулахаар аймгаас нь шаардаад ерөөсөө олдоогүй. Сумынхнаас нь ч шаардаад авч чадаагүй. Сая газар дээр нь очоод, хууль хүчний байгууллагынхантай явж байж тогтоол, шийдвэрүүдийг нь олж ирлээ.
-Сумын газар нутгийг бусдад дур мэдэн шийдэж өгсөн асуудлыг та хэзээ мэдсэн бэ?
-Одоогийн Засаг дарга Мөнхтайван “Соёмбо буудай” гэдэг компанид газар ашиглуулах гэрээ 15 жилийн хугацаатай өгсөн. Гэтэл энэ аж ахуйн нэгжийн талаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас асуухаар хоёр хятад эзэнтэй байгаа. Чанг Хуй, Янг Жуан гэдэг хоёр эзэнтэй “Ерлиан Дэй органик агрокалчр” компани 95 хувийг нь эзэмшдэг юм байна. Зарим телевиз Халхголд зун очоод хятад ажилчид газар хагалж байна гэдэг мэдээ хүргэж байсан.
Сумын Засаг дарга хятад эзэн, Хятадын өмчлөлтэй компанид 1600 га газрыг 15 жилээр ашиглуулахаар газраа өгч. Сумын Засаг дарга өөрсдийн эрх хэмжээний хүрээндээ л газар олгодог. Иргэддээ төмс хүнсний ногоо бол 30 хүртэл га газар, үр тариа тариалахад 100 хүртэл га газар өгдөг. Гэтэл 30 мянган хүртэл га газрыг гадаадын иргэн, аж ахуйн нэгжид ашиглуулж байна. Гадаадынханд Газар ашиглуулах, түрээслэх эрх гагцхүү УИХ-ын бүрэн эрх байдаг. Монгол Улсын иргэн Монголын газрыг эзэмших, өмчлөх эрхтэй. Монгол Улсын иргэн өмчилснөөс бусад газар төрийн мэдэлд байдаг.
Тэгтэл төрийн мэдэлд байдаг газрыг сумын ИТХ-ын дарга, Засаг дарга дур мэдэж хэдэн арван мянган га-гаар нь гадаадынханд өгсөн байна. Энэ талаар мэдээлэл авсан. Холбогдох тушаал шийдвэрийг нь албан ёсоор авъя гэхээр өгөөгүй. Тэгээд ЗДТГ-аас нь авахаар очиход нялх балчир, учир мэдэхгүй хүүхдүүд зогсоож, төрийн байгууллагын хүмүүсээ үүдэндээ жагсаагаад оруулаагүй.
-Газар ашиглах зөвшөөрөл авсан компаниуд одоо үйл ажиллагаагаа явуулж байна уу. Тэр талын мэдээлэл байна уу?
-Энэ газар авсан компани үйл ажиллагааны дагуу ажиллаж байна уу гэхээр тэр талын мэдээлэл байхгүй. Асар их газрыг тараагаад явж. Энэ асуудлыг нягталж шалгая, Халхголын чөлөөт бүсийн талаар танилцуулж, газар ашиглалтын талаар хяналт тавихаар очсон юм. Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороон дээр Халхголын газар ашиглалтын талаар хэлэлцүүлэг хийсэн. Газрын албаныхан, сумын Засаг дарга Мөнхтайван, Дорнод аймгийн Засаг дарга нарыг ирүүлээд хэлэлцүүлсэн.
Тэгэхэд хэлж байсан мэдээлэл, тоо баримт нь зөрөөд байгаа юм. Тухайлбал, 41 мянган га газар ашиглаж байгаа гэсэн мэдээлэл Газрын нэгдсэн санд байдаг. Гэтэл аймгийн Засаг дарга нь 49 мянган га газар гэдэг. Сансараас авсан зургаар бол 59 мянган га газар хагалсан нь харагддаг. Бичиг баримтыг нь шалгахаар зөвшөөрөлгүйгээр 200 мянга орчим га газар Халхгол сумын өмнөх болон одоогийн Засаг дарга өгсөн байна.
Халх голын чөлөөт бүсэд газар нутаг нь орчихлоо гээд байгаа Ялалт багийн хувьд өнөөдрийн байдлаар 15 жилийн хугацаатайгаар хадлангийн зориулалтаар газрыг нь сумын Засаг дарга нь олгосон байна л даа. Багийн нийтийн хурлаа хуралдуулаад, ерөнхий төлөвлөгөө гаргаад, иргэд нь мэдээд, хаана ямар газар байгааг ашиглуулах вэ гэж шийдвэр гаргадаг. Түүнээс биш Засаг дарга 15 жилийн хугацаатайгаар энэ газрын хадланг байнга ав гэдэг зөвшөөрөл өгөх ёсгүй.
-Хадланг авах компаниуд хаанахын байна вэ. Гадаадынхан байгаа юу?
-Улаанбаатар хотын “Блюскай стар” компанид Ялалт багийн нутаг Ахайн худаг нэртэй газарт 10 мянган га газрыг хадлан хадах зориулалтаар хугацаагүйгээр ашиглуулахаар шийдсэн. Улаанбаатар хотын “Алтай групп” компанид Ялалт багийн нутаг Ганц модоос Нитэрийн нуур хүртэлх 20 мянган газрыг хадлан хадах зориулалтаар 15 жилийн хугацаатай ашиглуулах. Улаанбаатар хотын “Мэнэн Агро” компанид Нитэрийн нуурын баруун талд 10 мянган га газрыг хадлан хадах зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шийдвэрлэсэн байгаа юм.
Мөн Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Байгалмаад Нитэрийн нуураас баруун талд 5000 га газрыг таван жилийн хугацаатай хадлангийн зориулалтаар ашиглуулах тухай шийдэж. Нутгийн иргэд энэ мэдээллийг мэдэхгүй байна. Аймгийн төвд амьдардаг Халх гол сумын иргэдтэй дараа нь уулзаад хэлэхээр “Таныг л газар нутгийг маань гадаадынханд өгсөн. Том компаниудад тараагаад өгчихсөн гэж ойлгоод тэмцээд байгаа” гэдгээ ярьсан. Төр газраа хэрхэн зөв ашиглаж байгаа талаар хяналт тавих ёстой.
БОХХАА-н Байнгын хорооноос ХХААЯ-нд хөдөө аж ахуйн эдэлбэр газар чинь замбараагүй болчихож хяналт тавь гэдэг үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу очиж үзье гэлээ. Халхгол суманд ажилласан Хуульзүйн яамны газрын даргад хууль зөрчсөн асуудлаар зохих шатны байгууллага нь мэдээлэл өгсөн байна. Жишээ нь, БОНХАЖЯ-ны ямар ч зөвшөөрөлгүйгээр Хятадын хилээс орж ирээд аялал жуулчлалын бааз хил орчимд нь барьчихаж. Одоогийн Засаг дарга Мөнхтайван өгсөн байгаа юм. Төр хуулиа хэрэгжүүлж ажиллах ёстой. Гэтэл тэнд улс дотор улс болоод сумын Засаг дарга эрх мэдлээ хэтрүүлэн, өөрийн дураар газраа гадаадынханд өгдөг, аялал жуулчлалын бааз хүртэл байгуулчихаад байгаа тухай мэдээлэл ч бий.
-Халх голын чөлөөт бүсийн тухай тогтоол гараад ХХААЯ-наас ямар нэгэн арга хэмжээ авч, ажил хийж байгаа юу?
-Халхголын чөлөөт бүсийн тогтоол гарсны дараа Засгийн газраас, ХХААЯ-наас ямар ч шийдвэр гараагүй. Чөлөөт бүсийн захирагчийн алба байгуулагдаагүй. Ерөнхий төлөвлөгөө баталсны дараа чөлөөт бүсийн захирагчийн алба байгуулагдах ёстой юм. Гэтэл өнөөдөр хууль бус үйлдэл гаргачихаад түүнийгээ Бурмаа сайд газар нутгийг маань тараагаад өгчихлөө гэж иргэдэд мэдээлсэн байна.
Тэгээд болоогүй УИХ-ын гишүүд Халхголын чөлөөт бүс байгуулах тогтоолыг дэмжээд саналаа өгсөн. Гэтэл тэр гишүүд гадаадынханд өгөх гэж байгаа учраас ямар ч үнээр хамаагүй тэмц гэж явж байгаа нь харамсалтай байна. Мэдээлэл дутуу авсан иргэд бухимдаж байна. Тиймээс нутгийн иргэдэд мэдээлэл хүргэж, тайлбарлах нь зүйтэй.
-Халхголын чөлөөт бүсэд таныг эрх ашгийн зөрчилтэй гэж тайлбарлах нь байна. Жишээ нь, УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүүгийн компани Халхгол суманд газар эзэмшдэг гэдэг. Энэ талаар тайлбар өгөөч?
-Халхгол чөлөөт бүсийн талаар олон жил яригдсан. 2011 оноос Баттулга гишүүнийг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд байхаас өмнө яригдаж байсан. Дараа дараагийн сайд нар үргэлжлүүлээд ажиллаж байсан асуудал. Баттулга гишүүний хүү том газар авсан байна гэдэг. Өмнө нь хууль, журмынхаа дагуу авсан 10 мянган га газарт тариалан эрхэлж байгаа “Нью Ариг ус” гэдэг компанийн 10 хувийг хүү нь эзэмшдэг юм байна лээ. 10 хувийг эзэмшиж байгаа хүн бол нөлөөлөхүйц шийдвэр гаргахгүй шүү дээ.
Тэнд үйл ажиллагаа явуулах ерөнхий төлөвлөгөө одоо гарах гэж байна. Халхголд чөлөөт бүс байгуулагдаад газар олгоод, үйл ажиллагааны эрх өгсөн юм одоогоор алга. Одоогийн байдлаар судалгаагаа хийгээд явж байна. Хэн нэгэн чөлөөт бүсийн ард байна гэдэг бол хий хоосон хардлага гэдгийг хариуцлагатайгаар хэлье. 1967 оноос хойш судлаад олон Засгийн газрын үед яригдаад намайг сайд байх үеэр тогтоол батлагдлаа. Тэгэхээр үүний ард хэн нэгэн байгаа гэдэг хий хоосон хардлага.
-Хөдөлмөрийн үндэсний намынхан Халхголын чөлөөт бүсийг байгуулахын эсрэг жагсаал хийлээ. Хэн нэгэн хүн, улстөрчид жагсаалыг санхүүжүүлж байгаа гэдэг хардлага байна. Энэ жагсаалыг та ямар байр сууринаас харж байна вэ?
-Өчигдөр үүрээр Халхгол сумаас ирлээ. Жагсаал болж байна гэж сонслоо. Энэ жагсаалыг хэн санхүүжүүлж байгаа талаар үнэндээ мэдээлэл алга.
-Эрх мэдлээ хэтрүүлж, хууль бусаар газар ашиглах зөвшөөрөл олгосон Халхгол сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нарт хариуцлага тооцуулах арга хэмжээ авах уу?
-Хариуцлага тооцуулна. Засгийн газар, УИХ-д энэ талаар танилцуулна. Хяналт тавьж ажиллах ёстой АТГ болон Тагнуулын ерөнхий газарт энэ мэдээ, мэдээллүүдийг өгнө. Хууль зөрчсөн үйлдлийг хаацайлж, хамгаалж байгаа нөхдүүд ч гэсэн хариуцлага хүлээх ёстой.
-Халхгол сумын нутгаас хэд хэдэн компанид газар олгочихож. Тэгэхээр сумынхаа газар нутгийн хэчнээн хувийг нь компаниудад өгчихсөн юм бол. Нэгтгэж тооцож үзсэн болов уу?
-Засгийн газрын зөвшөөрсөн нь 30 мянган га газар. Урьд өмнө нь ашиглаж байсан нь гээд 41 мянган га дотор тариалан эрхлэх боломжтой. Гэтэл өнөөдөр сансараас харахаар 59 мянган га газар байна. 36 мянган га газрыг малын тэжээл тариалахаар 15 жилийн хугацаатай өгсөн байна. Хадлангийн зориулалтаар 113 мянган га газар өгсөн. Уг нь нутгийн иргэд малаа хариулаад, хадлан тэжээлээ бэлтгээд аж төрөх ёстой. Тэгтэл тэр нутгийн хадланг 15 жилээр ашиглах эрхийг Засаг дарга нь аж ахуйн нэгж, иргэнд дур мэдэн өгч болох уу.
Дорнод аймагт ажиллахдаа хууль хэрэгжүүлэх, хяналт тавих байгууллагуудад ажиллаж, хилийн заставуудаар явж бодит байдлыг танилцуулан уулзалт хийсэн. Аймгийн хууль сахиулах байгууллагынхан ч гэсэн хууль бусаар газар олгосон байхад ямар ч мэдээлэлгүй байна.
-Аймгийн Засаг дарга хүртэл мэдээгүй хэрэг үү?
-Аймгийн Засаг дарга эзгүй байлаа.
-ХҮН-ынхан судалгаа хийж үзээд Халхголын чөлөөт бүс байгуулах нь ашиггүй юм байна гэж тайлбарлаад байгаа. Тантай ер нь уулзсан уу?
-Уулзаагүй. Тэр судалгаагаа өгсөнийг нь харсан л даа. Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүсийн талаар судалгаа хийгээд ашиггүй юм байна. Тиймээс Халхголын чөлөөт бүс ч ашиггүй байна гэсэн судалгаа байсан.