ХХАА-ын сайд Р.Бурмаа
2015.10.29

Халх гол чөлөөт бүс эхлүүлэх судалгаа хийгдэж байгаа болохоос бусдад худалдаалсан нэг ч шийдвэр гараагүй

Улс дотор улс байгуулж тоглож байгаагийн бодит жишээ нь болж байгааг ХХАА-ын сайд Р.Бурмаа хэллээ. Солонгос болон Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүдэд халх голд газар эзэмшүүлэх зөвшөөрлийг Дорнод аймгийн засаг дарга болон Халх гол сумын засаг дарга нар гарын үсэг зуран олгосон байна.

Газар дээр нь очиж бодит мэдээлэл өгөхөөр очсон салбарын сайдыг иргэд уулзахгүй сонсохгүй гэдгийг хэлж байсан. Харин иргэд ташаа мэдээлэл авсан учир хууль бусаар газар олгосон иргэдийн ярианд автан асуудалд хандаж байна гэдгийг сайд Р.Бурмаа тайлбарлаж байна.

Тэрээр “Халх голын бүс нутагт 30 мянган га газрын “Хансоломон” гэдэг Солонгосын ХХК-д өгсөн. Энэ зөвшөөрлийг тус сумын засаг дарга болон, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар нь нийлж өгсөн заалт бүхий баримт байна. Гэтэл атар газрыг эзэмших эрхийг засгийн газар шийддэг” хэмээн хэллээ.

Халх голд газар олгосон газрын тоон мэдээлэл зөрүүтэй, баримтад байгаа газрын хэмжээ бага. Гэхдээ түүнээс ч илүүг бусдад эзэмшүүлсэн байхыг үгүйсгэхгүй гэж үзэж байна.

Сайд Р.Бурмаа: Тэжээлийн ургамал тарина гэдэг бол газрыг хагална л гэсэн үг. Засгийн газрын зөвшөөрлөөр газар хагалдаг. Гэтэл энэ сумын засаг дарга, ИТХ-ын дарга нар гадныханд газар өгсөн байна. Энэ тогтоол ердөө олдохгүй  байсан. Аймаг, сумаас шаардаад авч чадаагүй. Сая газар дээр нь очиж  хууль хүчний байгууллагаар явж байж олж авсан. Мөн одоогийн засаг дарга “Соёмбо буудай” компанид 15 жилээр газар эзэмшүүлэх гэрээ хийсэн байна. Энэ компанийг судлаад үзэхэд хоёр Хятад эзэнтэй 95 хувийн гадны эзэмшлийн компани байгаа юм. Ийм компанид тариалан эрхлэх зөвшөөрөл өгсөн байна.

Халх гол чөлөөт бүс төслийг эхлүүлэх тухай тооцоо судалгаа хийгдэж байгаагаас бус бусдад зараад худалдаалсан нэг ч шийдвэр гараагүй гэдгийг сайд дурьдсан. Засгийн газраас хэрэгжүүлж эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэрийг зарим улс төрчид эсэргээр ашиглаж нутгийн иргэдийг өдөөн хууль бус шийдвэр гаргагчыг хамгаалж байгаа нь харамсалтай үйлдэл гэдгийг онцолсон юм.