ХЗБХ-ны даргаар Д.Ганбатыг дэмжив
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо
2015.10.13

ХЗБХ-ны даргаар Д.Ганбатыг дэмжив

УИХ-ын "Хууль зүйн байнгын хороо"-ны хуралдаанаар байнгын хорооны даргыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэн Д.Ганбат гишүүнийг олонхиороо дэмжлээ.

Ингэснээр УИХ-ын "Хууль зүйн байнгын хороо"-ны даргаар Д.Ганбат гишүүнийг томилуулах тухай асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан руу оруулах болж байна.

Мөн хуралдаанаар "Өршөөл үзүүлэх тухай" хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, 11 зүйл заалт бүрээр санал хураалгахаар болж, энэхүү томъёоллоо чуулганы хуралдаан руу оруулахаар тогтлоо.

УИХ-ын "Хууль зүйн байнгын хороо" аравдугаар сарын 2-ний өдөр хуралдаж "Өршөөл үзүүлэх тухай" хуулийн төслийг хэлэлцэх шатанд уг хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан 11 зүйл заалт бүрээр санал хураасан ч олонхийн дэмжлэг авч чадаагүй саналуудыг чуулганы хуралдаан руу оруулахгүйгээр зөвхөн 6 саналын томъёоллыг багцлан оруулж ирсэн нь МАН-ын бүлгийн хувьд завсарлага авах шалтгаан нь болсон юм.

Олонхийн дэмжлэг хүлээлгүй, цөөнх болсон энэхүү саналд албан тушаалын гэмт хэрэг, хууль бусаар хөрөнгөжсөн хэргүүдийг өршөөлд хамруулж болохгүй гэсэн санал багтаж байжээ. Эдгээр саналыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар гаргасан байсан нь өнөөдрийн хуралдаанаас гишүүдийн 90 гаруй хувийн дэмжлэг хүлээж, чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэх болж байна.

УИХ-ын "Хууль зүйн байнгын хорооны хуралдаан" үргэлжилж байна.