Орон нутагт 40 орчим үйлдвэрлэлийн томоохон суурин байгуулна
Аж үйлдвэрийн яам орон нутагт үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор улсын хэмжээнд 40 сумыг сонгон авч “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн парк” байгуулахаар төлөвлөөд байна. Энэ төслийн талаар Аж үйлдвэрийн яамны Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяртай ярилцлаа.
- Аймаг, сумдыг үйлдвэржүүлэхэд төрөөс ямар бодлого барьж байна вэ?
Стандартжуулах бодлого барьж байна. Стандарттай болсноор экспортод бүтээгдэхүүн гаргах боломжтой болно. Орон нутагт жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор зээл өгдөг ч тэр зээл нь үйлдвэрийн байраа барих, тоног төхөөрөмжөө авахад зориулагдаад эргэлтийн хөрөнгө үлддэггүй.
Тиймээс тодорхой тооны сумдын дунд “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн парк” байгуулж олон улсын стандартын шаардлага хангасан, өрсөлдөх чадвартай, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлох боломж бүрдэнэ.
Хувь хүн бараа бүтээгдэхүүнээ том зах зээлд борлуулахад тээврийн зардал их гарах учраас ложистикийн нэгдсэн сүлжээтэй болох шаардлага тулгарч байна. Тэгвэл "ХАА-н үйлдвэрлэл, технологийн парк" байгуулагдснаар боловсруулсан бүтээгдэхүүнээ тээвэр хариуцсан талд хүлээлгэж өгнө. Тээврийн компани бүтээгдэхүүнийг худалдан авачгдад хүргэж өгөөд буцахдаа шаардлагатай түүхий эд, материалыг нь орон нутагт нийлүүлснээр сул зогсолт үгүй болж, тээврийн зардал багасах боломжтой.
- Та тодорхой жишээгээр тайлбарлана уу?
Махны чиглэлээр хэд хэдэн хоршоо нийлээд нэг үйлдвэрлэлийн төв байгуулж болно. Хоршооны гишүүн түүхий эд, бүтээгдэхүүнээ төвдөө нийлүүлнэ. Тэр хүн ганцаараа хот руу давхих хэрэггүй болно. Манай улсаас мах импортлох санал их ирдэг. Гэтэл шаардлагатай махыг нийлүүлж чаддаггүй.
Яагаад гэвэл 330 суманд махыг өөр өөр стандартаар бэлтгэхээс гадна зөвхөн 11 сард махыг их хэмжээгээр бэлддэг. Гэтэл гадны хэрэглэгчид жилийн турш шинэ мах авахыг хүсдэг. Тиймээс үйлдвэрийн аргаар боловсруулж, нэгдсэн сүлжээгээр мах нийлүүлбэл олон улсын сүлжээнд нэгдэх боломж бий болно.
Зөвхөн мах гэлтгүй дайвар бүтээгдэхүүнүүдийг бүрэн ашиглаж болно. Тухайлбал, сэвс, цусаар био бордоо хийх, элэг, зүрх, бөөрийг эмийн түүхий эд болгох гэх мэт. Тийм болохоор үйлдвэрийн аргаар боловсруулах нөхцлийг тухайн орон нутагт шийдээд өгчихвөл орлого хэд дахин нэмэгдэнэ.
Монгол улс ХАА-н бүтээгдэхүүнээ стандартын дагуу боловсруулж, экспортлоод эхэлбэл "Монголын" гэсэн тодотголтой органик бүтээгдэхүүнтэй болно.
- Орон нутагт "ХАА-н үйлдвэрлэл, технологийн парк" байгуулах санааг үндэслэн ямар судалгаа хийсэн бэ?
Бид Монголын 330 сумдаар явж, өргөн хүрээтэй судалгаа хийсэн. Дэд бүтэц, газар зүйн онцлогийг харгалзаад орон нутагт ХАА, хөнгөн үйлдвэрлэлийн 20 чиглэлийн 40 орчим төвийг байгуулж болох юм байна гэсэн дүр зураг гарсан. Чиглэл бүрээр нэгдсэн стандарт тогтооно. Ингэвэл ганц ганцаараа байснаас хэд дахин их нэмүү өртөг шингэж, үйлдвэрлэгчдийн орлого тэр хэмжээгээрээ өснө.
Бид олон эрдэмтэд, судлаачдыг хамруулсан судалгаа, хэлэлцүүлгүүд хийхэд хангайн бүсэд ХАА-н үйлдэврэлэл хөгжүүлэх нь тохиромжтой гэсэн дүгнэлт гарсан. Эхний ээлжинд ХАА-н түүхий эдийн арвин нөөцтэй, хүн ам олонтой, зах зээлийн багтаамж сайтай, дэд бүтэц, тээвэр, логистикийн сүлжээнд ойр, үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагааны хувьд ойролцоох суурингууддаа нөлөөлөл үзүүлж чадахуйц хэмжээний 5000-аас дээш хүн амтай 40 орчим томоохон суурин газар байгуулахаар төлөвлөж байна.
- Үйлдвэрлэлийн ийм бүтэцтэй болсноор хэдий хэмжээний ашиг олох вэ? Гаргасан тооцоо байна уу?
Нэмүү өртөг 10-15 дахин нэмэгдэнэ. ХАА-н түүхий эдээ боловсруулалтгүй экспортлох нь багасна.
- Ямар үйлдвэрлэл хөгжүүлэх хэрэгтэй нь ойлгомжтой болчихлоо. Тэгвэл цаашдаа ямар алхам хийх вэ?
Засгийн газрын 2015 оны 133 дугаар тогтоолоор “ХАА-н үйлдвэрлэл, технологийн парк” барих төслийг хэрэгжүүлэх шийдвэр гарч, сонгон шалгаруулалт явуулж байна. Энэ төслийг Аж үйлдвэрийн яам, холбогдох яамд, газрууд болон хувийн хэвшил, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран хэрэгжүүлэх шаардлагатай.
Хөнгөн үйлдвэр хөгжүүлэх бүсүүд
ХАА-н үйлдвэрлэл, технологийн парк байгуулснаар үүсэх давуу тал, ач холбогдол:
-
ХАА-н тогтвортой хөгжлийг дэмжиж, ногоон технологид суурилсан экспортын бармжаатай боловсруулах үйлдвэрлэлийн кластерууд хөгжинө. Мах, сүү, арьс шир, ноос, ноолуур зэрэг түүхий эдийг бүрэн боловсруулснаар ДНБ-д эзлэх боловсруулах аж үйлдвэрийн салбарын хувь, хэмжээ өснө.
-
Хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийн салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар бүхий монгол нэрийн бүтээгдэхүүнүүд бий болж, экспортын бүтэц сайжран, гадаад худалдааны тэнцэлд эерэгээр нөлөөлнө.
-
Олон улсын шилдэг техник, технологи монголд нутагшин, бүтээгдэхүүний технологийн агууламж нэмэгдэнэ.
-
ХАА-н түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлт, үйлдвэрлэл, борлуулалтын логистикийн нэгдсэн сүлжээ боловсронгуй болж, байгальд халгүйгээр хадгалах, савлах технологи хөгжинө.
-
ХАА-н болон хүнсний үйлдвэрүүдийн төлөвлөлт, зураг төсөл боловсруулах, инженерийн дэд бүтцийг барих, олон улсын ногоон хөгжлийн стандартыг хангасан шилдэг туршлагууд Монголд нэвтэрнэ.
-
Байгалийн нөөцийн хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал, хаягдал багатай үйлдвэрлэл, эрүүл хэрэглээ хөгжинө.
-
Ажлын байр шинээр нэмэгдэн, иргэд орон нутагтаа үйлдвэрлэл эрхлэн суурьшин сайхан амьдрах сонирхол бий болж, амьдралын түвшин сайжрах болно.