Н.Баярсайхан: Томоохон хувьцаа эзэмшигчдийг ил тод болгоно
ТАН эвслийн тэргүүн Н.Баярсайхан
2014.05.30

Н.Баярсайхан: Томоохон хувьцаа эзэмшигчдийг ил тод болгоно

 ТАН эвслийн тэргүүн Н.Баярсайхантай Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төслийн талаар ярилцлаа. Тэрээр Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын үндэсний зөвлөлийн иргэний нийгмийн төлөөлөгч юм.

Эрдэс баялагийн салбарыг ил тод нээлттэй болгох нь  хөгжилд оролцогч бүх талуудад ач холбогдолтой

Монгол улс Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагад нэгдэж, 2006 оноос хойш Засгийн газар уул уурхайн салбараас хүлээн авсан бүх төрлийн орлогоо, нөгөө талаас компаниуд нийт ард түмний мэдэл буй баялагаас хэдийг ашиглаж хэдий хэмжээний татвар төлбөр төлснөө ил тод нээлттэй тайлагнаж ирлээ. Энэ нь сайн засаглал, хариуцлагатай биенесийн соёл төлөвшиж байгаагийн илрэл гэж болно.

Эцсийн дүндээ эрдэс баялагийн салбарт тоглогч Засгийн газар, компани хоёр ил тод нээлттэй байх нь тэдэнд л хамгийн ашигтай. Ил тод нээлттэй байснаар Засгийн газар, улс төрчид ард түмний итгэлийг хүлээнэ, авлигаас ангид, хариуцлага хүлээх чадвартай гэдгээ харуулах боломж бол харин компаниудад хуулийн хүрээнд  бизнесээ хэвийн явуулах, төр болон хэн нэгэн албан тушаалтаны дарамт шахалтаас ангид, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхэд болон нийгмийн дэмжлэг авахад ач холбогдолтой. 

Талууд нээлттэй байснаар иргэд, олон нийт уул уурхайн салбарын байгаль орчин болоод газарт түшиглэсэн өрхийн биенес амжиргаанд сөрөг нөлөө үзүүлж, зарим тохиолдолд арилашгүй ул мөр үлдээн байж бий болсон эдийн засгийн өсөлт, салбарын орлого улс, орон нутгийн хөгжилд болоод иргэдийн амьдралын чанарт нөлөөж байна уу? ажилгүйдлийг багасгахад үр нөлөөтэй байж чадаж байна уу? улс орон нутаг нийт авах ёстой төлбөр орлогоо авч чадаж байна уу? орлого аваад юунд зарцуулж хэрхэн хувиарлаж байна, авилга хээл хахууль байна уу? гэх мэт олон асуултад бодитой эх сурвалжаас, баталгаатай мэдээлэлд үндэслэн иргэд өөрсдөө хариулт авч, дүгнэлттэйгээр хяналт тогтоож улмаар талуудаас хариуцлага нэхэж, шаардах бололцоотой болох юм.   

ОҮИТБС бол нөөц баялаг ихтэй улс орнуудад хэрэгждэг, улс орнуудын Засгийн газар, үндэстэн дамнасан уул уурхайн биенес эрхлэгч Рио Тинто мэтийн томоохон компаниуд, ИНБ-ууд нэгдэн зөвлөл хороо болж ажиллан нийтлэг баримтлах бодлого, үйл ажиллагааны зарчим стандарт, үр дүнгээ үнэлж хэмжих шалгуураа зөвшилцөж батладаг, түүнийгээ хэрэгжүүлдэг, 3 жил тутамд нэгдсэн бага хурлууд хийж харилцан туршлага сургамжаа хуваалцдаг тогтолцоотой.

Өнгөрсөн хугацаанд МУ нийт 7 жил дараалан хоёр талаас төлсөн болон хүлээн авсан тайлангууд гарч ОУ-ын нэр хүнд бүхий туршлагатай аудитын компани, үндэсний аудитын компани хамтран хяналтын тохируулга тулгалт хийж ирлээ. Анх 2006 онд 25 тэр бумын зөрүү байсан бол хамгийн сүүлд 2012 онд 360 сая төгрөгийн зөрүү гарлаа. Зөрүү үргэлж Засгийн газар талд үүсдэг. Өөрөөр хэлбэл компаниуд анхан шатны баримтаар төлсөнөө нотолдог бол Засгийн газар талдаа аваагүй гэж тайлагнасаас энэ зөрүү байсаар байна. Иймд энэ зөрүүний талаар хууль шүүхийн байгууллага, АТГ нь нягталж байх үүрэгтэй. Гэтэл энэ зөрүүний талаар өнөөдөр болтол ямар нэг арга хэмжээ авч байсангүй, хэн нэгэнд хариуцлага хүлээлгэж байсангүй.

Эрдэс баялагийн салбарыг ил тод нээлттэй болгох нь зөвхөн төлбөр орлогын мөнгөн дүнг нээлттэй болгох нь мэдээж хангалтгүй. Нэгэнт салбарыг нээлттэй, хариуцлагатай болгох бол түүний бусад олон процесс үе шатуудыг нээлттэй болгох шаардлага байна. Тухайлбал, бидний хэлж заншсанаар тусгай зөвшөөрөл буюу лицензийн өргөдөл гаргахаас олгох үйл явц, ашиглалтын үйл явцыг нээлттэй болгох, ялангуяа ямар компани, хэний компани, ТУЗ гишүүд нь хэн хэн бэ? Нөлөө бүхий шийдвэр гаргагч, хувь эзэмшигчийг нээлттэй болгох шаардлага байгаа тул үүнийг Эрдэс баялагийн ил тод байдлын тухай хуулийн төсөлд оруулж өгсөн байгаа.

Мөн манай улсын байгалийн баялаг бол Үндсэн хуульд зааснаар, ардчилсан өмчлөл буюу нийт ард түмний мэдэлд байдаг. Харин түүнийг ард түмний өмнө амлалт өгсөн, итгэл хүлээсэн эрхмүүдээс бүрдсэн төр менежмент хийж хувийн хэвшилтэй гэрээлэн эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа. Энэ утгаараа уул уурхайн салбарт байгуулж байгаа гэрээнүүд нээлттэй байх төдийгүй, байгуулах үед ард түмэнд нээлттэй байх ёстой. Гэрээг нээлттэй болгох асуудлыг ч Хуулийн төсөлд мөн тусгаж оруулах шаардлага байгаа.

Ил тод байдал, нээлттэй байдал, иргэдийн оролцоог бүхий л салбарт ярьж бичиж байна, бүхий л салбарын хуульд заалтууд оруулахаар ярьж байна. Ерөнхийлөгч Шилэн данс-ны хууль ч хүртэл санаачилсан гэх мэт. Харамсалтай нь амьдрал дээр бүгд оромдох, нэр төдий болж байна.

Эрдэс баялагийн салбарын ил тод байдлын тухай хуульд иргэд, ИНБ-ын оролцоо яг ямар шатанд, ямар байх, юу хийх, иргэд олон нийтэд нээлттэй болгох мэдээлэл яг хэзээ яаж нийтэд хүргэх, уул уурхайн үйлдвэрлэлтэй айл саахалт байгаа малчин мэдэхийг хүссэн хэрэгтэй мэдээллээ яаж шуурхай авах асуудлууд их ерөнхий бараг тусгагдаж чадаагүй байгаа. Цаашид эдгээр асуудлыг илүү тусгах талаар Засгийн газар ч тэр компаниуд ч тэр тууштай санаачлагатай ажиллах шаардлагатай.