Хүнсний ногооны хураалт 68.1 хувьтай байна
Энэ онд улсын хэмжээгээр 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 360.7 мянган га-д буудай 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийсэн.
Урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжийг бүрдүүлсэн.
Өнөөдрийн байдлаар үр тарианы 33.8 хувьтай, төмс 65.7 хувьтай, хүнсний ногооны хураалт 68,1 хувьтай явагдаж байна. Тодруулбал, нийтдээ 100.4 мянган га-гаас 83.3 мянган тонн үр тариа, 8.0 мянган га талбайгаас 90.8 мянган тонн төмс, 4.4 мянган га-гаас 45.7 мянган тонн хүнсний ногоо, 6.6 мянга га талбайгаас 3.6 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.
Төмс, хүнсний ногоо, үр тарианы хураалт цаг агаарын тааламжгүй байдлаас шалтгаалан бага зэрэг удаашралтай явагдаж бөгөөд ургац хураалтын ажилд 1100 гаруй цэргийн албан хаагч, 750 оюутан залуучууд гэрээгээр ажиллаж байна.
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр төв, говь, зүүн зүгийн нутгаар, 10 дугаар сарын 1-нд нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орохыг анхаарууллаа.