Монголын газраас нэг сөөмийг ч өгөөгүй
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа
2015.09.09

Монголын газраас нэг сөөмийг ч өгөөгүй

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаатай ярилцлаа. 

-УИХ-аас Халх гол чөлөөт бүс байгуулах тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор Халх голын 500 мянган га газрыг гадаадынханд чөлөөт бүс нэрээр өгөх гэж байна гэх мэдээлэл гарах боллоо. Та салбарын сайдын хувьд үүнд тайлбар өгөхгүй юу?

-УИХ-аас энэ онд Халх голын 500 мянган га газарт хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах тогтоол гарсан. Энэ дагуу Халх гол суманд технологийн дэглэм бүхий, хорио цээрийн шаардлага хангасан үйл ажиллагаа явагдана. Тэгэхээр бүхэлд нь хашаа бариад, хүн орж гарахыг хориглох зэрэг зүйл байхгүй. Хорио цээрийн дэглэм нь тодорхой байна. Тэнд мал эмнэлгийн лаборатори, хорио цээрийн цэг байгуулна. Бид үүгээр малаа эрүүл гэдгийг тодорхойлоод, мах махан бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой болох юм.

Хөдөө аж ахуйн гэдэг утгаараа эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн үйл ажиллагаа явуулна. Одоогийн байдлаар гадаадын хэн нэгэн иргэн, аж ахуйн нэгж, улсад газраа эзэмшүүлж, өмчлүүлсэн зүйл огт байхгүй. Тийм боломж байхгүй. Цаашид ч тийм зүйл болохгүй. Яагаад гэвэл Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хуулиар газрыг гадаадын иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хориглосон. Тийм учраас энэ талаар яриа хийгээд, олон нийтэд мэдээлэл өгөөд байгаа хүмүүс улс төрийн зорилготой байх шиг байна. Хөдөө аж ахуйн чөлөөт бүсийн 500 мянган га нь өмнө нь Петро Чайна Дачин тамсаг компанийн хайгуулын лицензтэй талбай байсан. 2014 онд бид энэ талбайг чөлөөлж авсан байдаг. Улмаар 500 мянган га-г нь хөдөө аж ахуйн чөлөөт бүс болгож байгаа. Хөдөө аж ахуйн чөлөөт бүсэд монголчууд үйл ажиллагаа явуулна. Мал аж ахуй, газар тариалангаа үеийн үед монголчууд өөрсдөө хийгээд л ирсэн. Тийм учраас өөрсдөө ажиллана.

-Монголчууд өөрсдөө ажиллана гэхээр сайн технологи бий болох боломжтой юу. Гадаадын хөрөнгө оруулалт ч байхгүй гэсэн үг үү. Ер нь яг ямар үйл ажиллагаа явагдах юм бол? 

-Гадаадын мэдлэг, инноваци, технологийг оруулж ирнэ. Яг одоогийн байдлаар хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт тааруу байгаа. Бүх банкуудын зээлийн 2014 оны байдлаар 2.5 хувь нь л хөдөө аж ахуйд орж байгаа. Хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт олгогдож байгаа зээлийн хүү өндөр. Үнэтэй тоног төхөөрөмж авах шаардлагатай, олон жилийн хугацаанд төлөгдөх шаардлагатай байдаг. Тийм учраас бид хөдөө аж ахуйн чөлөөт бүсдээ онцгой дэглэм барина. Дээр нь гадаадын хөрөнгө оруулалт татна. Дээр нь бүтээн байгуулалт явагдана. Малаа үржүүлнэ, тариалан хийнэ. Хөдөө аж ахуйн хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлж, бүтээн байгуулалт хийх болно.

-Чөлөөт бүсдээ хөрөнгө оруулалтыг хэрхэн татах вэ. Ямар давуу тал бий болгох вэ?

-Чөлөөт гэдэг утгаараа татварын хөнгөлөлт ногдоно. Дэд бүтцийн хөрөнгө оруулалтад 500 мянган ам.доллараас дээш бол татварын 50 хувьд нь ч гэдэг юм уу. Ийм байдлаар хөрөнгө оруулалт татна. Нөгөө талдаа хил орчимдоо худалдааны бүсийг бий болгоно. Тэнд гадаадын иргэн визгүй зорчиж, худалдаа хийх боломжтой. Энэ нь 500 мянган га газарт орж ирээд, дураараа сэлгүүцэнэ гэсэн үг биш. Хил орчимдоо худалдааны бүсийг бий болгоно. Тэр бүсэд орж ирсэн хүн 3 сая хүртэлх төгрөгийн барааг татваргүйгээр авч гарах боломжтой.  

-Тэгэхээр Чөлөөт бүс байгуулах нэрээр гадаадын иргэн, аж ахуйн нэгжид газар өмчлүүлэх гэж байна гэдэг мэдээлэл ташаа байх нь ээ?

-Зориуд гуйвуулаад, газраа нэг хэсэг гадаадынханд өгөх нь, тэр байтугай гадаадын нөхдүүд нь газраа авах гээд нисдэг тэрэгтэй ирж байна гэх зэргээр ярьж байгаа нь харамсалтай. Хэн нэгэн сайд, албан тушаалтан дураараа ийм шийдвэр гаргаж, дур зоргоороо авирлаж чадахгүй. Энэ улс орон чинь өөрөө хуультай. Хуулинд нь хяналт тавьдаг байгууллагуудтай. Ном журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг. Тэрнийх нь дагуу УИХ тогтоолоо гаргасан. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих үүргийг хоёр байнгын хороонд өгсөн. Нэг нь Эдийн засгийн байнгын хороо, нөгөө нь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо. Тэнд ямар маягаар ажиллах ёстой вэ гэхээр хөдөө аж ахуй, мал аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой технологийг мөрдөнө. Тэр технологийг мөрдөж чадах үндэсний аж ахуйн нэгжүүдэд хаалга үүд нь нээлттэй байна. Хариуцлагатайгаар хэлэхэд нэг сөөм газрыг нь ч гадаадын иргэн аж ахуйн нэгжид эзэмшүүлэх, өмчлүүлэх асуудал байхгүй.

-Солонгосын талаас манай Халх гол суманд үйл ажиллагаа явуулах гээд хүсэлтээ тавиад яваад байгаа юм биш үү?

-Солонгосын талаас Хөдөө аж ахуйн яаманд ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулах хүсэлт ирүүлээгүй. Албан ёсоор болон албан бусаар тийм асуудал огт яригдаагүй. Солонгосын талаас Халх гол суманд загвар аж ахуй байгуулаад, сүүний үхрийн ферм, хүлэмж, 200 га газарт усалгааны тоног төхөөрөмжийг бариад, хүлээлгэж өгөх гэж байна. Энэ бол Солонгосын Монголд өгч байгаа бэлэг. Түүнээс биш тэр загвар аж ахуй, хүлэмж дээрээ өөрсдөө ажиллаад, гарсан бараа, бүтээгдэхүүнээ Солонгосын тал өөрөө авна гэсэн зүйл огт байхгүй. Ямар нэгэн байдлаар аж ахуй эрхэлье, юм хийе гэсэн зүйл ирээгүй.

-Мал аж ахуй, газар тариалангийн үйл ажиллагааг явуулна гэж байгаа. Энэ хоёр үйл ажиллагааны харьцаа нь ямар байх вэ?

-80 хувьд нь бэлчээр, 10 хувь орчимд нь газар тариалан эрхэлнэ. Мөн хорио цээрийн дэглэмтэй газар байна. Гол аж ахуй нь эрчимжсэн мал аж ахуй байна. Хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах талаар бид долоон газарт судалгаа хийсэн. Ингээд хамгийн тааламжтай, боломжтой газар нь Халх гол сум байгаа. Бид уул уурхайгаас хэт хамааралтай байна. Уул уурхай маань тэр бүр үр ашигтай байж чадахгүй байна. Харин хөдөө аж ахуй маань үеийн үед биднийг тэжээж ирсэн. Энэ салбараа бид хөгжүүлээд, аваад явах ёстой. Гэхдээ үүнд өндөр шаардлага, хатуу дэглэм байх болно. Дуртай газраа дуртай юмаа тарьчихаад, тэрийгээ заавал ав гээд шахдаг нөхдүүдэд энэ хаалттай байх болно.