Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ХХАА-ын сайд Р.Бурмаа нар орон нутагт ажиллав
2015.09.08

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ХХАА-ын сайд Р.Бурмаа нар орон нутагт ажиллав

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ХХАА-н сайд Р.Бурмаа нар өнгөрөгч амралтын өдрүүдэд газар тариалангийн төв болох Сэлэнгэ, Орхон, Булган аймгуудад ажиллаж, тариалалтын байдал, ургац хураалтын явц болон зарим үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. 

Тэд томилолтын эхний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаагаа явуулж байгаа "Макс" группын эрчимжсэн мал аж ахуйн цогцолборт очсон. Уг цогцолборт голштейн үүлдрийн 100 толгой үхэр импортлон авчирч, биотехнологийн дэвшилтэт арга болох зохиомол хээлтүүлгийн аргаар үржүүлж байна. Одоогийн байдлаар 300 толгой сүүний чиглэлийн шилмэл үүлдрийн үхэр үржүүлж, 40 гаруй хүнийг тогтвортой ажлын байраар ханган ажилуулж байгаа бөгөөд улирлын онцлогоос шалтгаалан ажиллах хүний тоо цаашид нэмэгдэх бүрэн боломжтой юм. Тэнд 30-35 литр сүүний гарцтай 200 үнээнээс өдөрт 4000 литр сүү бэлтгэн саалийн 305 хоногт 1 220 000 литр сүү үйлдвэрлэн дотоодын хэрэгцээг хангаж байна. Фермийн дэргэд 700 гаруй га талбай бүхий тариалангийн талбайтай бөгөөд эндээсээ хүчит тэжээл 600 тонн, дарш 1200 тонн, байгалийн хадлан 500 тонныг бэлтгэн, өвс тэжээлийн нөөцөө бүрдүүлжээ.

Монголд мах, үржлийн чиглэлийн эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор фермүүд байдаг ч “Сүү” ХК-ийн байгуулсан энэхүү цогцолбор ферм нь ойрын 20 жилд байгуулагдаагүй томоохон байгууламж гэдгээрээ онцлогтой юм. 
“Сүү” ХК өмнө нь сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын нийт хэрэглэгчдийн шингэн сүүний 80 хувийг хангадаг байсан бол дээрх эрчимжсэн цогцолбор ферм ашиглалтад орсноор нийслэлчүүдийг өвөл зунгүй өндөр чанартай шингэн сүүгээр тасралтгүй хангах боломжтой болж байна. Мөн үйлдвэрээс гарч буй эцсийн бүтээгдэхүүний чанар ч сайжирсан гэж Сүү хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга Ерөнхий сайдад танилцууллаа. Засгийн газраас тогтоолоор гарган сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт “Чингис” бондын санхүүжилтээс 43 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд сүүний эрчимжсэн цогцолбор аж ахуй байгуулах иргэн, аж ахуйн нэгжүүдийн дунд төслийн сонгон шалгаруулалт явуулснаар өнөөдрийн байдлаар 38 төсөлд нийт 27 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Төслийн зээлд хамрагдсан аж ахуйн нэгжүүд Франц, Германаас нийт 920 толгой цэвэр үүлдрийн арвин ашиг шимт үхэр импортолсны дотор “Сүү” хувьцаат компани Словак улсаас 300 үхэр авчирсан нь энэ юм.
Түүний дараа Сэлэнгэ аймгийн Баянгол суманд үйл ажиллагаа явуулж байгаа жилд 30 мянган тонн тосны ургамал боловсруулах хүчин чадалтай ургамлын тосны үйлдвэртэй танилцсан юм. Уг үйлдвэрийг манай улсын ургамлын тосны 70 орчим хувийг импортоор хангадаг “Майн теч” компани ашиглалтад оруулжээ. Ингэхдээ аж ахуйн нэгж 10 гаруй тэрбум төгрөгийг нөөц хөрөнгөөсөө шийдэж, бүрэн гүйцээж ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын “Чингис” бондын 22 тэрбум төгрөгийн санхүүжилтээр гүйцэтгэсэн байна.Манай улсын хүнсний тосны хэрэгцээ жилд 26-30 мянган тонн буюу энэ хэмжээний тос импортоор орж ирдэг байна. Харин тус үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахад хоногт 100 тонн тосны ургамал боловсруулж, үүнийнхээ 35 хувийг цэвэр тос гаргахад, 65 хувийг шахдасаар малын тэжээл үйлдвэрлэхэд зориулж, жилдээ 30 мянган тонн тосны ургамал боловсруулна" гэж "Майн Теч"-ийн компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаяр хэлж байна.

Энэ үеэр үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүнүүд болох “Оргих” нэрийн ургамлын тос, малын уурагт “Хүчит” нэрийн тэжээл, биодизель шатахуун зэрэг бүтээгдэхүүнүүдийг танилцууллаа. Энэ үеэр ХХАА-н сайд Р.Бурмаа “Засгийн газрын “Чингис” бондоос манай хөдөө аж ахуйд тухайлбал, эрчимжсэн мах, сүүний фермер, төрөлжсөн тариалан, нөөцийн мах, гурилын үнэ тогтворжуулах, хүнсний зоорь, хүлэмжийн аж ахуй зэрэг тулгуур салбарт хөрөнгө оруулалт хийсэн. Үүний үр дүн гарсаар байна. Нэг тод жишээ нь нээлтээ хийж буй бүрэн автомат ургамлын тосны үйлдвэр боллоо. үүнийг түшиглэж дагуул бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх боломжтой. Рапсын шахдасаар хийсэн малын тэжээлээр нэг сарын турш малыг тэжээхэд сүү, махных нь гарц сайжирсан үр дүн гарчээ. Нэг сарын хугацаанд тэжээсэн малын жин 20 хувь нэмэгдэж, 90 хоног саалгадаг байсан сүүний фермерийн үнээ 300 хүртэл хоног сүүгээ өгч байна гэнэ.

Яамнаас төвийн нутгуудад ХАА-н эрчимжсэн бүс байгуулж, түүнийгээ дотоодын болон гаалийн татвар, хураамжаас хөнгөлөх замаар дэмжих бодлого барьж, хил орчмын бүс нутагтаа ХАА-н чөлөөт бүс байгуулж, дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнээ гадагш гаргахад нь дэмжиж ажиллах бодлого баримтална” гэлээ. 
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ХХАА-н сайд Р.Бурмаа нар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Газрын ундраа” ХХК-ийн тариан талбайд очиж, улаан буудайн ургацын байдалтай газар дээр нь танилцаж, тариаланч, механикжуулагчидтай уулзаж ярилцлаа. 2300 га эргэлтийн талбайтай, жилдээ 1200 орчим га талбайд улаан буудай тариалдаг тус компани өөрийн бүсэд нутагшсан дютесценз 936, Дархан 34, Алтайский 90 сортын үрээр тариалдаг гэж компанийн удирдлагууд танилцууллаа. 2001 оноос Дархан 34 сортыг үржүүлэн өөрийн үртэй болсон бөгөөд энэ элит үр нь ганд тэсвэртэй, тогтвортой арвин ургацтай, гурилын гарц болон чанар сайн үнэлэгддэг байна. Гэвч энэ жил бутлалтын үед хэт халж, бороо ороогүйгээс улаан буудайн ургалтад сөргөөр нөлөөлж, төлөвлөсөн ургацаа хураан авах боломжгүй болжээ. Газар тариалангийн салбарт 30 шахам жил ажиллахадаа ийм ган үзсэнгүй гэж Хөдөлмөрийн баатар Ш.Мардаан хэллээ. 
Энэ үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ургац хураалтын үеийн энэ нөхцөл байдалтай холбогдуулан сэтгүүлчдэд ярилцлага өглөө. Тэрээр “Засгийн газрын зүгээс ургацынхаа урьдчилсан баланссыг гаргасан. Нийтдээ 250-260 орчим мянган тонн буудай хураахаар байгаа. Энэ нь өөрийн хэрэглээний 58.7 хувийг дотооддоо хангана гэсэн үг. Үлдэж буй 106 орчим мянган буудайг импортлохоос аргагүй болж байна. Дотоодын худалдан авалт, импорт зэрэгцэж явахаар бие биенийхээ үнэд нөлөөлж, хүндрэл үүсгэдэг. Тиймээс энэ жилийн нэг ялгаа нь импортынхоо буудайг нэг цонхоор оруулж ирнэ.

Цаг хугацааны тухайд хэзээ, хэдийд оруулж ирэхээ Засгийн газар шийднэ. Мэдээж үр тариа, буудайны үнэ харьцангуй хямд байхад оруулж ирнэ. Гэхдээ импортын буудай дотоодын тариаланчдын үнэ өртөг, бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй байхаар зохион байгуулна. Үүнийг салбарын яам нэг цонхны бодлогоор зохицуулж, шаардлагатай гэж үзвэл хуулийн этгээдийг бий болгоно. Нэг цонхны бодлогоор импортын буудайн асуудлыг шийдэх учраас урьд жилүүдийнх шиг, ялангуяа өнгөрсөн жил гарсан шиг тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн хооронд үүссэн үл ойлголцол, маргаан гарахгүйгээр зохицуулах боломжтой гэж харж байгаа” гэв.
Ерөнхий сайд тэргүүтэй албаны хүмүүс цаашлаад Орхон аймагт ажиллаж, “Эрдэнэт гурил” компанийн гурилын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус үйлдвэр Турк улсын Алапала фирмийн босоо технологи бүхий тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд энэхүү технологи нь усыг 12 дахин бага, эрчим хүчийг 25 хувь бага зарцуулдаг байгаль орчинд ээлтэй, шинэ үеийн бүрэн автоматжсан, компьютер удирдлагын системтэй гэж үйлдвэрийн удирдлагууд танилцууллаа. Тус үйлдвэр улаан буудайн гурил, хөх тарианы гурил, хорголжин болон нунтаг тэжээл гэсэн үндсэн гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Хоногт 150 тонн улаан буудай боловсруулж, 117 тонн гурил, 33 тонн холимог тэжээл бэлтгэх хүчин чадалтай юм.
Мөн Булган аймгийн Хангал, Сэлэнгэ сумын нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа "Сүмийн нуга" хоршоо, "Молор эрдэнийн түрүү" ХХК, "ИНТОСЭ" ХХК-ийн тариалангийн талбайд очиж, тариаланчидтай уулзлаа. Булган аймгийн хэмжээнд энэ онд 35408 га талбайд улаан буудай, 1293 га талбайд арвай, 42 га талбайд бор будаа тариалжээ. 6, 7 дугаар сард хэт халж, хур тунадас багатай байсан нь таримал ургамлын чийг хамгийн ихээр шаарддаг үетэй давхацсан нь хураан авах ургацын хэмжээг бууруулж байна. Гэхдээ ургацын бууралт нь хөрсөнд байсан нөөц чийгийн хэмжээ, газар тариалангийн бүс бүслүүр далайн түвшнээс өргөгдсөн байдал, талбайн байрлал зэргээс шалтгаалж харилцан адилгүй байна. Мөн аж ахуйн нэгжүүдийн тариалангийн технологийг баримталж байгаа үзүүлэлт ч нөлөөлж байна гэж аймгийн удирдлагууд танилцууллаа. Энэ үеэр аймгийн удирдлагууд болон тариалан эрхлэгчид ургац алдсан аж ахуйн нэгжүүдийн Улсын үрийн нөөцөөс болон Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авсан үрийн будаа, хор, шатахууны зээлийн эргэн төлөлтийг дараа жил рүү шилжүүлэн хойшлуулах санал тавьж байна. Мөн нутагшсан сортын үрийг ирэх жилийн тариалалтад нөөцлөх талаар тодорхой шийдвэр гаргаж, хүнсний буудайн борлуулалтын эхэнд нөөцлүүлэх шаардлагтай байгааг хэллээ. Энэ жил Булган аймаг 45750 тонн улаан буудай хураан авахаар төлөвлөсөн ч урьдчилсан балансаар нийт ургацын 30-35 хувийг алдаж, нийт авах буудайн хэмжээ 15.0 мянган тонноор буурахаар байна.