Ална шүү гэж ярьсан хүн нэг өдөр өөрөө алуулдаг, эсвэл хүн алдаг
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2015.09.28

Ална шүү гэж ярьсан хүн нэг өдөр өөрөө алуулдаг, эсвэл хүн алдаг

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Тэрбээр намынхаа үйл ажиллагаанд оролцох эрхээ хасуулсан, намын залуу гишүүн Б.Тулгад боолгуулсан гэх мэтээр түүнийг тойрсон элдэв асуудал сүүлийн үед их гараад байгаа билээ. 

-Ерөнхий сайд Ч.Сайхан­билэг­­ийг огцруулах асууд­лыг УИХ-ын гишүүн Г.Уянга гаргаад явж байгаа. Гарын үсэг зурсан найман гишүүний нэг нь та. Ямар итгэл үнэмшлээр гарын үсэг зурах болов. Үнэхээр огцруулах асуудал байгаа гэж үү?

-Маш энгийнээр хэлэхэд, тухайн үеийн Шадар сайд, Сангийн сайд, Уул уурхайн сайд гурвын хамтарсан ажлын хэсгийн дүгнэлт байдаг юм. Тэр дүгнэлтэд Оюутолгой компани хүртэл гарын үсэг зураад 2.1 тэрбум ам.долларын зөрчил илэрсэн байдаг.

Зөрчилтэй компанид хэн ч зээл өгөхгүй. Хоёрдугаарт, зөрчлөө шийдье гэж бодож байгаа бол 2.1 тэрбумаа 34 хувь дээр нэмээд Монгол Улсын эзэмших хувийг 51 хувьд хүргэх боломж байсан. Түүнээс биш шууд хүчингүй гэж хэлж болохгүй. Таны санхүүгийн балансыг зөрчилтэй гээд тогтоочихсон байхад төрийн байгууллагын нэг албан тушаалтан ирээд албан тушаалаа ашиглаад хүчингүй гэж хэлж болохгүй. Хатуухан хэлэхэд гэмт хэргийн шинжтэй.

Засгийн газар нэг эмэгтэйн дансыг нээх үүрэг өгөөд сууж байна. Тэр эмэгтэй  үндэсний үйлдвэрлэгч  байж болно, өрөвдөлтэй харагдаж болно. Тэр эмэгтэй өр ширний асуудалтай байж болно.  Гэхдээ тэр хүн Үндсэн хуульд заасан үүргээ биелүүлэх ёстой. Гэтэл төрийн албан хаагчийн ажилд хөндлөнгөөс оролцоод явж байна. Ялангуяа татварын албан хаагчид хэн ч нөлөөлөх ёсгүй. Тэгэхэд телевизээр тэдний ажилд хөндлөнгөөс оролцоод ёсзүйгүй аашлаад явж байна.

Монгол Улсыг 2.1 тэрбум ам.долларын өрөнд оруулчихсан компани өөрсдөө хүлээн зөвшөөрчихөөд тэдэнд найр тавиад явж болохгүй. Бид зээл авах тусам л тэр зээлийн 34 хувь нь магадгүй бидний төлөх өр болно. Хоёулаа 100 мянган ам.доллараар компани байгууллаа гэж бодъё.   Би 34 мянган ам.доллар зээлээр авчихсан байхад та үгүй 200 мянган ам.доллар гэж хэлээд намайг өрөнд оруулж болохгүй. Хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн гэдгээр хүнийг өрөнд оруулж болохгүй.

Би 34 хувьтай л байх ёстой. Хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж болно. Тэгвэл хоёр тал ярилцаж байгаад үндэслэлтэй нэмэгдүүлэх ёстой юм. Бас миний хувь нэмэгдэх хэрэгтэй. МАХН гурван зорилго тавьсан. Гурав дахь зорилго дэндүү сайн хэрэгжиж байж магадгүй. Хэлмэгдэлтийг зогсооё, Тавантолгойг 100 хувь ард түмэндээ өгье, Оюутолгойн 51 хувийг төрийн мэдэлд өгье гэж үзсэн. Гэтэл 51 хувь болгох бололцоог Ч.Сайханбилэг байхгүй болгочихлоо. Юун 51 хувь. Насан туршдаа өртэй боллоо гэж л харж байгаа.

Ядахдаа үүнийгээ ард түмэндээ ил тод хэлээд явах ёстой. Оюутолгой, Тавантолгойг явуулж болох уу гэж утсан мессэжээр асуучихаад үүнийгээ асуусан гэж яриад байгаа. Үгүй шүү дээ. УИХ байна. Бүх хүн энэ талаар мэдэх ёстой. Гэтэл Дубайд очоод хууль бус зүйл хийчихээд ирж л байдаг. Үүнийхээ төлөө ард түмнээсээ уучлалт гуйгаад огцрох ёстой. Хоёр компанийн хэвлэлийн төлөөлөгч шиг ажиллах ёстой юм уу, Ерөнхий сайд шиг байх ёстой юу. Хоёр толгой байхгүй ч гэсэн Монгол Улс хөгжөөд л явна. Монгол Улсыг хөгжүүлэх ёстой шүү дээ. Тэгээд  дандаа хасна, танана гэсэн сүрдүүлэг явуулсан.

-Тухайлбал, ямар сүрдүүлэг явав. Гэрээг зурлаа гээд гарсан үр дүн алга л байна. Өнөөдөр хасах танах тухай яриа ч гарсаар л байгаа шүү дээ?

-Ээжүүдийн одонгийн мөнгө олгохгүй гэж ярьсан. Төрийн албан хаагчдыг 10-15 хувиар цомхотгох тухай яриа гарч байсан. Ээжүүдээ та нар ээмэг бөгжөө өгөөрэй гэж сүрдүүлж байгаад л чоно борооноор гэдэг шиг араар нь очоод гэрээг зурчихсан. Төрийн албан хаагчдын цалинг нэмэх тухай яриа саяхнаас гарч эхэлсэн.

Мөнгө нь байсаар байхад харин төрийн өндөр албан хаагчид гэх гоё нэртэй хүмүүсийнхээ цалинг бууруулъя гээд сууж байна. Их гоё нэр өгчихсөн. Гэхдээ төрд ажиллаж байгаа хүмүүст өндөр, нам гэж байдаггүй юм. Иймэрхүү популизм хийж байгаад араар нь очиж Тавантолгойг хулгайлах гэж байна. Би “хулгайлах” гэдгийг улс төрийн талаас хэлж байна.

Төрийн өндөр албан тушаалтны цалинг хасаад юуг ч хэмнэхгүй. 260 орчим хүн байдаг юм гэсэн. 260 хүнээс 25 хувиар хаслаа гээд юу шалих вэ дээ. Найман их наяд шүү дээ. Зүгээр л популизм. 195 мянган хүн нэг талд байна. Нөгөө талд 260-хан хүн. Их хурлын гишүүн 1.1 сая төгрөг авдаг.

Төрийн албан хаагчид 500-600 мянган төгрөгийн цалин авдаг. 600 мянгаа 195 мянгаар үржүүл. 260 хүнээ 1.1 саяар үржүүл. Ялгаа гарах уу. Сая төгрөгийн цалинтай мөртлөө хүмүүс яагаад сайд, дарга болох гэж улайраад байгаа юм бэ. Сая төгрөгөөр амьдрах гээд байгаа юм уу. Уг нь бол төрийн өндөр албан тушаалтнуудынхаа авлига авдгийг л болиулах ёстой байхгүй юу. Хулгайн мөнгөө боль гээд тэр талаар тууштай ажил хийвэл харин их мөнгө хэмнэнэ.

-С.Баярцогт сайдыг та яагаад огцрох ёстой гэж үзээд байгаа юм бэ. Цэц дээр их л олон асуудлаар маргаан үүсгэж байна. Таны өргөн барьсан асуудал бүхэн хууль зөрчөөд байдаг юм уу. Та чинь хуульч хүн биз дээ?

Сайд очоод даргаа халдаг. Дарга нь солигдоод дороо ажиллаж байгаа хүмүүсээ сольдог

-Гурван үндэслэл байгаа юм. Би байнгын хорооны дарга. Өргөдлийн байнгын хороо талаасаа Засгийн газрын хэрэг эрхлэх газар дээр миний даргалсан байнгын хорооны ажилд тэдэнд хамаардаг. Хуульзүйн байнгын хороо Хуульзүйн яамтайгаа гэх мэтээр явдаг. Засгийн газрын тухай хуулийн 20.5 гэдэг заалт байдаг юм. Тэнд ЗГХЭГ-ын дарга юу хийх ёстойг заачихсан. Тавантолгойд зөвлөгөө өгч, Оюутолгойн гэрээг зурахад оролц гэж заагаагүй. Харин Засгийн газар УИХ хоёрыг хооронд нь холбо.

Төрийн албан хаагчдын хүний нөөцийн бодлогыг барь гэж тусгасан. Төрийн албан хаагчдын бодлого Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрлээ гэж бид нээлттэй сонсгол хүртэл хийсэн. Энэ асуудал одоо хүртэл хэвээрээ л байна. Сайд очоод даргаа халдаг. Дарга нь солигдоод дороо ажиллаж байгаа хүмүүсээ сольдог. Тэр солигдсон хүмүүс бүр доошоогоо халдаг. Ийм л тогтолцоо явж байна. Төрийн тогтвортой байдал алдагдчихсан.  Төрийн жинхэнэ албан хаагч гэдэг утга алга болсон.

Үүнийг болиулсан хууль санаачлаад өгөөч ээ гэж хүслээ. Хууль бусаар халсан бол шүүхийн шийдвэрт нөлөөлөөд өгөөч ээ. Эсвэл хууль бус шийдвэр гаргаж байгаа бол хуульд нийцүүлж алдаагаа засаач гэж хүссэн. Хууль бус халаа сэлгээнээс болж 10 тэрбум буюу 10 цэцэрлэг алга болчихлоо. Энэ 10 тэрбум төгрөгийг буруутай этгээдүүдээр төлүүлэх, бүгдийг нь биш юм гэхэд хэд хэдэн хүнийг хууль бус халаа сэлгээнийх нь төлөө шүүхэд өгөөд нийгэмд доргилт өгөх ёстой байхгүй юу.

Гэтэл энэ бүхнийг хийхгүй байна. Холбох үүрэг нь алга. Өргөдөл гомдолд 30 хоногийн дотор хариу өгдөг хүн тэнд алга. Өчигдөр хүртэл ЗГХЭГ-ын албан тушаалтнуудыг утсаар дуудаж байж хуралд ирүүлж байгаа юм. Төрийн албаар ингэж барьцаалж болохгүй. Бас өнөөх алдарт оффшор байна. Өөрөө л үүнийгээ хүлээн зөвшөөрсөн. Хятадын Монгол гэж бичсэн нь үнэн гэсэн.

Төрийн өндөр дээд албанд би ажиллахгүй гээд УИХ-ын дэд даргаас больсон. Гэнэтхэн л ЗГХЭГ-ын дарга болчихлоо. Энэ ч адилхан төрийн өндөр дээд албан тушаал. Хэлсэн ярьснаа санахгүй ийм балай нөхрийг огцортол нь явахгүй яах юм. Өөрөө ухамсраараа шийдэхгүй байгаа бол гишүүд сануулах ёстой. УИХ-ын гишүүдийн шийдвэрээс л шалтгаалах байх даа. Хүн хэлснээсээ буцах ёсгүй. Манай Цэц чинь ялзарчихсан шүү дээ. Монгол Улсын иргэн хуулийн тэр заалтыг энэ хүн зөрчжээ гээд гомдол гаргасан байгаа юм. Тэгсэн хариу өгөхдөө С.Баярцогт чамайг ажилд авах гэж байгаа юм байна. Тиймээс чиний гомдлыг шийдэх шаардлагагүй боллоо гэсэн хариу бичгээр өгсөн байгаа юм.

-Хэнд юм бэ. Цэц ийм хариу өгсөн гэж үү?

-Иргэнд ийм хариу өгсөн байгаа юм. Хоёр гурван удаа очиход нээрээ хууль зөрчсөн байна гэж явж байснаа гэнэтхэн л тийм хариу өгсөн байгаа юм. Маш аюултай хүмүүс тэр Цэцэд сууж байгаа шүү. Үгүй бод доо. МАХН-ын дарга Н.Энхбаярыг боловсролгүй гээд сонгуульд оруулаагүй хүмүүс шүү. Уг нь Оросод сургууль төгссөн,  Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гээд төрийн өндөр албан тушаалыг хашсан хүн.

Миний хөршийг өглөө ачлаа, хэн ч дуугарсангүй
Миний ахыг өдөр аваад явлаа, хэн ч дуугарсангүй
Одоо намайг аваад явлаа, миний төлөө хэн ч дуугарсангүй гэсэн еврейчүүдийн үг байдаг. Түүн шиг тухайн үед хэн ч Цэц чинь Цэц шиг ажиллаж чадахгүй байна гэж дуугараагүй учраас тийм шийдвэр гаргаад явж байсан. Одоо та нар Л.Гансүхийг хар. Хэрвээ Р.Гончигдорж гуай миний өргөн барьсан хуулийг батлуулахад ажилласан бол Л.Гансүхийг хэлмэгдсэн үү, үгүй юу гэдгийг тогтоох боломж байсан. Тухайн үед Н.Энхбаяр даргыг гүйцэтгэх ажлаар тогтоогдсон гэж байсан. Тагнаж чагнаж байгаад гэмт хэрэг хийснийг нь тогтоосон гэсэн үг.

Гүйцэтгэх ажлаар гэдгийг юу гэж ойлгох вэ гэхээр прокурор тэрнийг нь үзсэн юм байна. Бас шүүгч үзсэн байгаа юм. Үнэн худал эсэхийг тэр хоёр хүн л мэднэ. Харин өмгөөлөгч мэдэхгүй. Тийм учраас би өмгөөлөгч нь үзэх эрхтэй.  Мэтгэлцээнд тэгш байх ёстой гээд хуулийн заалтыг өөрчлүүлэхийг хүссэн.

Гэтэл шинэ хууль гартал хэлэлцэхгүй гэсэн хариу өгсөн. Эрүүгийн хууль гоё болно оо гэсэн. Заавал хэлэлцэх ёстой. Энэ гүйцэтгэх ажил чинь хэрээс хэтэрлээ гэхэд Р.Гончигдорж гишүүн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж сайхан боловсруулаад өгнө өө гээд л алга болсон. Өршөөлийн хууль шиг л хурдан хэлэлцэх ёстой байсан юм. Долоо бүдэрнэ гэдэг шиг л юм болж байна. Тэр үед хуулийг баталсан бол өнөөдөр Л.Гансүхийн өмгөөлөгч гүйцэтгэх ажлаар үнэн хэлжээ гэх итгэл үнэмшилтэй болно. Хараагүй юм чинь гүтгэлээ л гэж үзнэ. Цэц бүхнийг дураараа л шийдэж байна.

-Ийм “балай” хүмүүстэй МАХН яагаад хамтарч ажиллаад байгаа юм бэ. Сая Засгийн газар бүрдэхэд та нар Оюутолгойг 51 хувьд хүргэх гэх мэт шаардлагаа тавиад Засгийн газарт орохгүй гэсэн бол, эсвэл Ч.Сайханбилэгтэй чинь хамтарч ажиллаж чадахгүй гэсэн бол асуудлыг арай өөр төвшинд ярих байсан биз дээ?

-МАХН төрийг бүрдүүлэх, төрд ажиллая гэж сонгуулиар орж ирсэн. Төрийг Үндсэн хуулийн дагуу бүрдүүлэх ёстой. Төрийг бүрдүүлэхэд заавал 39 хувиас дээш байх ёстой. АН, МАН аль аль нь олонхи болоогүй учраас МАХН төрд ажиллах үүргээ биелүүлж байна. Та бүхэн санаж байгаа бол Засгийн газрыг бүрдүүлэхээс хэдхэн хоногийн өмнө буюу наймдугаар сарын 3-нд Н.Энхбаяр даргыг шоронд хийсэн байдаг юм. Наймдугаар сарын 6-нд Засгийн газраа бүрдүүлсэн. Хэлмэгдүүлэлт огт дуусахгүй байна. МАХН, МАН хоёрт нэг адил зүйл байдаг. Тэр нь лидер дээр суурилж улс төр хийдэг явдал.

Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Н.Багабанди, Н.Энхбаяр гэх мэтээр явдаг. Манай намын хувьд хоёр талтай. МАХН-аас Шадар сайд байхад Оюутолгой, Тавантолгойг засаад оруулаад ирэхэд энэ хүмүүс өөрчилсөн. Тэр утгаараа Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар хамтарч ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн. Би ч гэсэн ийм хүнтэй хамтрах ёсгүй гээд хамгийн түрүүнд С.Баярцогт сайдыг огцруулъя гэж ярьж байна.

Зугтааснаараа асуудлыг шийдэх үү, эсвэл дотроос нь өөрчлөх ёстой юу. Дотроос нь өөрчилнө гэж зүгээр нэг ярихгүй шүү дээ. Ажлын хэсэг гараад шалгаад тогтоогоод ярьж байгаа. Хүн нотолгоотой л зүйл л ярина. Энэ ч нэг Дубай яваад хууль зөрчсөн л байх гэж таамгаар ярихгүй. 57 зүйлтэй гэрээ байгуулахаас таван зүйлийг нь яаж ч байсан зөвшөөрөхгүй гээд дүгнэлт гарчихсан.

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар Оюутолгойн татварыг өршөөх нь гэж Г.Уянга гишүүн хэлж байсан. Тийм зүйл байгаа юм уу?

-Магадгүй. Би энэ хуулийг яг одоо судалж байна. Аюултай л хууль байна. Жирийн ард түмэн, халуунд халж хүйтэнд хөрч үйлдвэрлэл хийж байгаа хүмүүст энэ хууль ямар ч хамаагүй. Татварын нуусан жижиг асуудал ч хамаарахгүй. Харин жинхэнэ асуудалтай хүмүүст энэ хууль зориулагдсан. Нууж хааж явж байгаад одоо мөнгөө олж ирэх цаг үе нь болчихлоо. Сонгуульд мөнгөтэй олигархиуд л гарах учраас одоо нуусан, мартсан мөнгөө гаргаж ирж тэд сонгуульд оролцох гэж байна.

Сонгуульд мөнгөтэй олигархиуд л гарах учраас одоо нуусан, мартсан мөнгөө гаргаж ирж тэд сонгуульд оролцох гэж байна.

Би гурван тэрбум төгрөг гаргах юм байна гэж ярьж байсан. Тэр мөнгөнөөсөө нэг хүнд хоёр сая төгрөг өгчихөд намайг дэмжихгүй гээд яах юм бэ гэж ярьж байсан хүнтэй би таарсан. Тэр хүмүүс мөнгөө гаргаад ирэхээр ямар мөнгө хаанаас гараад ирэв гэж хэн ч дуугарах эрхгүй. Тэгж асуувал би хуулиараа өршөөгдчихсөн, надаас ял асуух ёсгүй гэж яриад явна. Түүнээс биш татвараа дутуу төлчихсөн Цэцгээ, Дулмаад энэ хууль хамаарахгүй. Таны актыг хүчингүй болгоно гэсэн заалт байхгүй.

Шоронд нь оруулаад л явна. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг Цэцэд өгнө. Цэцэд өгөх ажлын хэсэг гаргачихсан. Судалгаа гаргаад явж байна. Улсын дээд шүүх Өршөөлийн хуулиар Цэцэд хандсан байна лээ. Ингэж болохгүй. Яагаад болохгүй вэ гэхээр, Улсын дээд шүүх хөнгөрүүлсэн заалтыг хүндрүүлсэн заалтаас түрүүлж хэрэглэх ёстой. 10 жил, таван жил хоёрын тавыг нь түрүүлж хэрэглэх ёстой.

Тиймээс хүмүүнлэг энэрэнгүй ардчилсан нийгэм байгуулна гээд өршөөж байхад өршөөж болохгүй гэж Цэцэд ханддаг нь буруу. Харин 14.2 гэдэг заалт буюу  Хүн бүх хууль шүүхийн өмнө тэгш байх зарчим чинь Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль дээр яригдах ёстой юм. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гаргаж авлигачдыг өршөөж байхаар авлигачдын мөнгийг авахын тулд төр ажиллах ёстой юм.

Авлигачдад 20, 30 хувиар хасах юу ч биш байх. Гэхдээ тэр хүмүүс бүгд авлигачид биш учраас 25-30 хувиар хасуулах хэцүү байгаа. Мань мэт чинь ардаа үр хүүхэд, аав ээжээ авсан цалингаараа тэжээдэг хүмүүс. Цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа л хүмүүс. 260 хүнээс 160 нь бол “хүнд гарууд” гэдэгт санал нийлнэ. Би тоотой ярьж байгаа шүү. Би үндэслэлтэй тооцоо гаргачихсан байгаа. Тэд одоо Эдийн засгийн ил тод байдлын хуулиар сайхан амьдарна. Оффшороосоо мөнгөө авч ирнэ. Одоо бол мартахгүй. Ийм л бантан хутгаж тавьсан учраас үлгэр жишээ болоод С.Баярцогтойгоо хамт Ерөнхий сайд огцрох ёстой гэж яриад байгаа юм.

-Өршөөлийн хуулийн зүйл заалт Н.Энхбаяр гэж хүнд хамаатай юм уу. Бас Б.Тулгын ах Б.Хуяг, Н.Энхбаяр даргын дүү Н.Энхтуяа нарт энэ хууль хамаарах учраас МАХН энэ хуульд ингэтлээ ач холбогдол өгөөд байна гэдэг асуудалд та хариулт өгөөч?

-Асуудлын гол нь Ц.Элбэгдоржоос л болсон. Прокуроруудыг дуудаад л орилж хашгичаад унасан. Манай намынхан бүгд сонин байдалд орсон. Шүүхээр тогтоогдоогүй байхад хэнийг хэн ч гэмт хэрэгтэн гэж зарлах ёсгүй. Би 2017 онд Н.Энхбаяр даргыг Ерөнхийлөгч болно гэж боддог байсан. 2016 онд УИХ-ын гишүүн болно гэж бодож байгаа шүү дээ. 1937 онд Орос руу аваачаад буудчихдаг байсан. 70-80-аад оны үед цөллөгт явуулчихдаг. Орчин үед эх орноос нь явуулчихаад л орж ирвэл бариарай гэдэг болсон байна.

Орж ирэхээр яагаад ордонд гүйгээд байгаа юм. Яагаад амьсгалах гэж ирэв гэхээр чинь ямар ч хүний уур зэвүүцэл төрнө. Намын гишүүдийнх нь айдас төрж эхэлсэн. Тиймээс хэлмэгдүүлэхгүй байх бололцоо юу байна вэ гэдгийг судлаад явж байна. Иргэн хүн Ерөнхийлөгчийн өмнөөс юу хийж чадах юм бэ.

Та бүхэн Н.Энхбаяр даргын хэлж ярьж байгааг үзэж байгаа байлгүй дээ. Н.Энхбаяр даргыг дүүгийнх нь өмнөөс шоронд хийсэн шүү дээ. Дүү нь бүх бизнесийг хийж байсан. ТВ9 телевизийг дүү нь удирдаж байсан. Дүүгийнх нь өмнөөс ахыг нь шоронд хийсэн. Ах нь нэгэнт шоронд орчихсон учраас дүүгээ шоронд оруулахыг хүсэхгүй шүү дээ.

Уг нь би очоод үнэнээ яримаар байна гэж Б.Хуяг ярьж л байсан. Монголд байх үед нь таван жилийн өмнө ч билүү уулзахад тийм зүйл хэлж байсан. Ярихаас нь өмнө хорьчихоор тэр хүмүүс яах юм. Энэ бол үнэнийг сонсох биш улс төр юм байна гээд л явж байгаа шүү дээ. Тийм л учиртай юм. Манай шүүх чинь ИТХ-ын даргыг шоронд хийх гэж байсан түүхтэй. Бөөн хэл ам болсон. Хурлын тогтоол дээр гарын үсэг зурсан гэж хорих юм гэнэ. Тэнд өчнөөн олон төлөөлөгч байгаа. Тэр хүмүүс л ярилцаад гаргаж ирсэн байгаа шүү дээ. Гэтэл тэрнийх нь төлөө хорино гэж байж болох уу.

-Та жиргээнд идэвхтэй байдаг болжээ?

-Би жиргээд байдаггүй юм. Манай туслах, зөвлөхүүд л жиргэдэг юм. Жиргэхдээ зарим асуудлаа надтай зөвшилцдөг. Би заримыг нь ойлгож байгаа.

-Тухайлбал, танай зөвлөх 25 жилийн нөхөрлөлийн талаар жиргэснийг та уншсан уу?

-Ойлгомжтой шүү дээ. Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж гэсэн хоёр хүний ардчиллаас хойшхи 25 жилийн нөхөрлөл Л.Гансүх гэж хүний хэргээр л зөрчилдсөн гэдэг нь ил гарлаа. Тэр хоёр хүн чинь хамтдаа суугаад л, хамтдаа өлсөөд л явж байсан. Залуу хүмүүсийн нөхөрлөл одоо юу болсон байна.

-Намайг дарамталж байна гэсэн таны жиргээнд нэг хүн хариулт өгсөн байна билээ. Харсан уу?

-Үгүй. Хэн хариу өгсөн байна.

-Х.Тэмүүжин гишүүн хариу өгсөн байсан. Чамайг хэн дарамталдаг юм гэж?

-Уул руу авирахад амархан шүү дээ. Үүнийг монголчууд мориноосоо буухгүй дэлхийг эзлэх амархан. Мориноос буугаад төрийг засахад хэцүү гэж хэлдэг. Түүн шиг Х.Тэмүүжин гэж залуу бол лифтэнд л амьдарч байсан хүн шүү дээ. Их сургуулийн хуулийн ангид орохдоо ч лифтэнд байсан. Хүүхдүүд шиг шалгалт өгөөд орсон хүн биш. Би мэдэж л байгаа. Дараа нь Их сургуулийн багш болохдоо ч лифтээр орсон. Улс төрд орохдоо ч лифтээр өгссөн. Гишүүн болохдоо ч лифт ашигласан.

Сая жагсаалтаар орохдоо ч ийм л байдлаар гарч ирсэн. Уулын орой руу их амархан гарсан л даа. Гэхдээ бууж чадахгүй байгаа хүн л тийм зүйл ярьдаг юм. Буухдаа үхдэл болсон хүн л ийм юм ярина. Ц.Элбэгдорж шиг олон удаа унаж боссон хүн ийм зүйл ярихгүй шүү дээ. Шүүхийн танхимд шалгуулж, сайн дураараа огцорч байсан хүн. Энэ хүнд тийм иргэний эр зориг байхгүй. Жаахан салхинд хийсчихээд хүн бүхнийг хардаж байгаа шүү дээ. Хажуудаа байгаа эхнэрээ хүртэл хардана.

-Өршөөлийн хуулийн ажлын хэсэгт та байгаа. Гэтэл хуулийн төслийг хоригийг хүлээж авахгүй гэж саналаа өгсөн хүмүүсийн нэг нь та. Ажлын хэсэг А гэсэн заалтыг Б болгоод оруулаад ирчихсэн гэх юм?

-Өршөөлийн хуульд ойлгомжгүй юм байхгүй. Жижигхэн зарчмын өөрчлөлт л байгаа. Дөрвөн ширхэг заалт байгаа. 4.1, 5.1, 7.1, 9.1.3 гэсэн заалтууд.  5.1 дээр болохоор хоёр жилээр хасах заалт байгаа. 9.1.3 дээр нэг ширхэг ч хоног хасахгүй ангиуд байгаа. Тагнуул хийсэн, эх орноосоо урвасан гэх мэт заалтууд. Ерөнхийлөгч 5.1, 9.1.3 дээр хориг тавиагүй.

Хэрвээ тавьчихвал энэ хэрэгжих боломжгүй болно. Энэ нь хүмүүсийн хоёр жил хасах асуудал, нэг ч жил хасахгүй гэдгийг зөвшөөрч байгаа гэсэн үг. Харин эндээс бусдыг нь бүгдийг нь өршөө гэсэн. Тэгэхээр 5.1-ээс бусдыг нь 4.1 дээр биччихсэн.  7.1-ээс бусдыг 9.1.3-д бичсэн. Түүнийг өршөө л гэсэн. Бусад гэдэг нь 191 зүйчлэл өршөөгдөх гээд байгаа юм.

Харин Ерөнхийлөгч үгүй ээ 191-ээс гурвыг нь 5.1-д, дөрвөн зүйл анги аваад 9.1.3-д оруулаач гэсэн. Өөрөөр хэлбэл, өршөөгдөхгүй  29 зүйл ангийг 33 болго гэж хориг тавьсан. Тэрнийг нь хүлээж авсан. Тэгээд маргаан болсон. Зүйл анги нэмээч гэдэг эрх Ерөнхийлөгчид байгаа юм уу гэдэг маргаан үүссэн.

Тэгж байгаа бол хууль санаачлаад оруулж ир гэсэн асуудал үүссэн. Харин нөгөө хэсэг нь хоригийг хүлээж авах бол зүйл анги нэмэх л ёстой гэсэн. Тэгээд л энэ маргаан хоёр хуваагдах шалтгаан болсон. Нэг хэсэг нь нэмсэн зүйл заалтаар санал хураалгана гээд, нөгөө нь зүйл заалт нэмэхгүй байх ёстой гэдгээр санал хураах ёстой гээд сууж байна.

Р.Гончигдорж даргын төсөл гэдгийг харсан. Хуулийн талаасаа дахиж найруулах зүйл байгаа юм билээ. Зүйл заалт нэмэх үү, нэмэхгүй юу гэдгээ шийдэж чадахгүй байгаа учраас хэрэгжүүлж болохгүй нөхцөл байдал үүсээд байна. 191 зүйлээс долоог хасахаар 184 зүйл ангийг өршөөж болох тухай яриа гарсан. Энэ заалтуудыг Ерөнхийлөгч огт хөндөөгүй юм чинь суллаад явчихъя гээд байгаа юм. Тэгэхээр 5.1, 9.1.3 бүрэн хэрэгжчих учраас оруулахгүй байя гэж яриад байгаа юм. Удахгүй шийдэгдэх байлгүй дээ.

-Л.Цог гишүүн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна гэж хэлсэний дараа танай намын нэг залуу бүх гишүүд рүү ярьж дарамталсан тухай яриа гарсан. Таныг боосон гэх яриа байна. Ер нь МАХН-д юу болоод байна вэ. Хуулийг батлуулахгүй бол намын ажилд оролцуулахгүй гэсэн асуудал ч үүссэн юм биш үү?

-Нам дотор юу ч болоогүй. Нам дотор янз бүрийн л хүмүүс байгаа. Сэтгэцийн өвчтэй хүн ч байгаа. Оюун ухаантай хүн ч байна. Чадалтай, чадалгүй, хэн нэгний өмнөөс ажил хийдэг, өөрийнхөө ажлыг хийлгэдэг ч хүн бий. Нам гэдэг бол хамт олны цуглуулга. Өнөөдөр өөрийг нь дарга болгоогүй байхад дарга гээд бодчихсон хүн ч байгаа.

Б.Тулга бол намын жирийн гишүүний хувьд санаа зовж болно. Өршөөлийн хууль дээр дарангуйлал ороод Ерөнхийлөгчийн булчин нэмэгдэх нь гэж санаа зовж байгаа гэж ойлгож байгаа. Ер нь бол үг хэлээ илэрхийлэхдээ хувь хүний хүмүүжлээс хамаараад маш буруу илэрхийлдэг. Тэр нь олон хүнд өгөөш болдог. Олон хүн олзолдог. Тийм үйлдэл хийдэг нь буруу. Төрийн ордон, коридорт гишүүд муудалцдаг. Гэхдээ дараа нь сайн уу гээд л цай уугаад инээгээд явдаг.

Муудалцахдаа бид хогийн үг хэрэглэдэггүй. Ална гэдэг үг бол хамгийн аймшигтай үг. Хүн малыг ч ална гэж хэлдэггүй. Малыг муулна гэж ярьдаг. Тийм учраас төрийн өндөр албан тушаал хаших ирээдүйтэй залуу хүний хувьд ухамсраараа өөрийгөө засах хэрэгтэй. Яагаад гэвэл нэг л өдөр асуудал үүснэ.

Ална шүү гэж ярьсан хүн нэг өдөр өөрөө алуулдаг, эсвэл хүн алдаг. Амаараа тунхаглана гэдэг аюул. Тиймээс залуу хүн бодох ёстой. Би өөрөө хөгшин биш. Гэхдээ би үйлдлээ зөв хийх юмсан гэж бодож явдаг. Олон зөвлөхтэй хүн буруудахгүй. Тиймээс залуу хүн цаашдаа бодох байх. Сэтгэлийн хөөрлөөр юу ч хийж болохгүй. Сэтгэлийн хөөрөл дандаа л алдаа гаргадаг. Хүн бүхэн алддаг. Манай Н.Энхбаяр дарга ч гэсэн маш их сэтгэлийн хөөрөлтэй. Н.Энхбаяр дарга миний өрөөнд давхиад ороод ирж мэднэ. Гэхдээ сэтгэлийн хөөрөл сэтгэлийн хаттай хүнээс гардаг юм биш.