Боловсон хүчнийг дадлагажуулах төслийг хэрэгжүүлнэ гэв
2015.09.26

Боловсон хүчнийг дадлагажуулах төслийг хэрэгжүүлнэ гэв

ХХАА-н сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Аюулгүй байдлын бодлого, олон улсын хамтын ажиллагааны Төрийн нарийн бичгийн дарга Иштван Миколаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр сайд Р.Бурмаа хоёр орны хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа ялангуяа Унгарын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Биокомбинат Төрийн өмчит үйлдвэрийн газарт хийх иж бүрэн технологийн шинэчлэлийн ач холбогдлын чухлыг онцлон тэмдэглэв. Мөн Халх голд Хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах асуудлыг танилцуулж, чөлөөт бүсэд дэвшилтэт технологи бүхий мах, сүүний эрчимжсэн загвар фермерийн аж ахуй, мал эмнэлгийн байгууламж, лабораторийг байгуулах, хүнсний органик “Монгол бренд”-ийг бий болгон Европын зах зээлд гаргах, евро стандартыг нэвтрүүлэхэд техник туслалцаа авах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

БНУУ-ын ГХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Иштван Микола саналыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлээд, Монгол Улсад хүнсний аюулгүй байдлын иж бүрэн тогтолцоог хөгжүүлэх, мал аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг малчны хотноос хэрэглэгчийн гэрт хүрэх хүртэлх аюулгүй байдлын тогтолцоог бий болгоход хамтран ажиллах саналтай байна. Энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд боловсон хүчнийг бэлтгэх нь чухал бөгөөд Унгарын Засгийн газрын зүгээс Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын боловсон хүчнийг бэлтгэх, мэргэжилтнүүдийг дадлагажуулах, сургах чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр болсныг мэдэгдэв.