2015.09.25

Уул уурхайн гол салбарыг ил тод болгосноор эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ

Эрдэс баялгийн ил тод байдлын хуулийн талаар "Төлсөн Авснаа Нийтэл” эвслийн зохицуулагч Д.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгцээ шаардлага нь юу вэ?

Манай улсын эдийн засаг уул уурхайд түшиглэсэн. Тэгэхээр  эдийн засгийн  хамгийн гол салбарыг ил тод хариуцлагатай байлгах нь эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх, цаашлаад ядуурал, авилгыг бууруулах зэрэгт ач холбогдолтой. Энэ хүрээнд манай улс 2006 онд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгад нэгдээд, хэрэгжүүлэх талаар идэвхи чармайлт гарган ажиллаж байна. Ер нь санаачлагыг хэрэгжүүлж буй орнууд дотор  Монгол Улс амжилттай хэрэгжүүлж буй орны тоонд ордог. Гэхдээ одоо хүртэл эрдэс баялгийн салбарын ил тод байдлыг хангах, ялангуяа санаачилгыг хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн орчин бүрэн бүрдээгүй байна.

Одоогийн эрх зүйн орчны хувьд Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль, Цөмийн энергийн тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль зэрэг эрдэс баялгийн салбарыг зохицуулж буй гол хуулиуд дахь тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд ил тод байдлын тайлан гаргах үүрэг оногдуулсан  ганц нэг заалтаар хязгаарлагдаж байна.  Нөгөө талаас санаачилгын хэрэгжилтийн нэг тал болох төрийн байгууллагын үүрэг хариуцлага  тодорхойгүй  байна.

Мөн эдгээр хуулиудад тайлан гаргаагүй тохиолдолд ААН-үүдэд хүлээлгэх хариуцлагыг хуульчилж өгсөн боловч төрийн байгууллагын хүлээх хариуцлагыг дурдаагүй. Санаачилгыг бүрэн хэрэгжүүлэхийн тулд хэрэгжүүлэх бүтэц буюу үндэсний зөвлөл ажлын хэсэг, Иргэний нийгмийн байгууллагын оролцоо гээд олон талын эрх үүрэг,чиг үүргийн уялдаа холбоо зэрэг асуудал  огт хуульчлагдаагүй. Тиймээс хуультай болвол санаачлагын хэрэгжилтийг илүү тогтвортой баталгаатай болгож, мөн оролцож буй байгууллагуудын эрх үүргийг тодорхой болгох ач холбогдолтой.

Энэ ч утгаараа ил тод байдлын санаачлагын хэрэгжилтэд оролцогч талуудын хамтын хүчин чармайлтаар хуулийн төсөл боловсруулагдаад явж байна. Энэ хуулийн гол ач холбогдол нь зөвхөн ОҮИТБС-ын  хэрэгжилтийг хангахаар хязгаарладаггүй тухайн салбарт авилга буурч, уул уурхайн баялгийг хэрхэн зөв удирдаж захиран зарцуулж байгаа вэ гэдэгт олон нийтийн хяналтыг бий болгоно гэсэн үг. Ингэснээр уул уурхайн салбарын үр өгөөж нэмэгдэнэ. Ер нь олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын үндсэн зарчмын нэг нь байгалийн баялгийг тогтвортой хөгжил болгож хувиргах, ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах юм.

Хуулийн төслийг санаачлахад иргэдийн саналыг хэр авсан бэ. Уул Уурхайн Ассоциаци ямар үүрэг хүлээж байна вэ?

Санаачлагын хэрэгжилтэнд оролцдог “Төлсөн Авснаа Нийтэл” иргэний нийгмийн эвслийн зүгээс идэвхитэй оролцсон. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын (ОҮИТБС)-д төр, иргэний нийгэм, компани гэсэн  гурван үндсэн тал оролцож байгаа. Хуультай болох асуудал бүх талуудын хүчин чармайлт, оролцоотойгоор бий болсон.

Хуульд төрийн байгууллагууд уул уурхайн компаниудаас хандив авах асуудлыг юу гэж заасан бэ?

Энэ хуулиар хандив авч болно, болохгүй гэсэн асуудлыг зохицуулахгүй. Харин энэ хуулиар өгч байгаа болон, авч байгаа хандив тусламжийг зөв бүртгэж ил тод байлгах болон , авилга авах орчныг бүрдүүлэхгүй байх  нөхцөл бүрдэнэ.

Компанид ямар ашигтай вэ?

Ил тод байна гэдэг нь хариуцлагатай байна гэсэн үг. Компаний орон нутгийн болон төсөвт оруулж буй бодит  хувь нэмэр  нь хүмүүс олон нийтэд танигдаж хүрснээр компаний нэр хүнд дээшилнэ. Ингэснээр орон нутагт явуулж буй компаниуд нутгийн иргэдтэй ойлголцолд хүрч, эсэргүүцэл, зөрчлийг бууруулах, цаашлаад тухайн компанийн үйл ажиллагааны тогтвортой орчин бүрдэхэд эерэг нөлөөтэй. Дэлхийн улс  орнуудад уул уурхайн томоохон төслүүд  орон нутгийн иргэдийн эсэргүүцлээс  болж саатсан, удааширсан тохиолдол цөөнгүй гардаг. Тэгэхээр ил тод байдлыг бий болгоно гэдэг нь компаний хувьд ч үйл ажиллагааных нь тогтвортой байдлыг хангахад, мөн нийгмийн зүгээс  хүлээн зөвшөөрөгдөхөд хэрэгтэй.

Хууль батлагдсаны дараа  уул уурхайн компаниуд тайлангаа мэдээлэхэд нэмэлт өөрчлөлт орох уу?

Уул уурхайн ил тод байдлын санаачилгын  хүрээнд гарч буй тайланд төрийн байгууллага болон компаниуд ямар мэдээллийг  тайлагнах вэ гэдэг нь ОҮИТБС-ын стандарт, шаардлагын хүрээнд нарийн зохицуулагдсан. Манай улсын хувьд тайлангийн чанар, агуулга, хамрах хүрээ нь жил ирэх тусам сайжирч байгаа. Энэ  үйл явц хуульчлагдсанаар ил тод байдлын  тайлан гаргах нь хуулийн дагуу хүлээсэн үүрэг болно гэсэн үг. Тэгэхээр үүнд оролцож буй компаниудын тоо нэмэгдэнэ.

ОҮИТБС-д оролцогч талууд

Эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй бүх компаниуд үүнд оролцох үүрэг хүлээнэ. Мөн эрх үүргийг нь тодорхой болговол өгч буй мэдээлэл нь үнэн, зөв баталгаатай болох боломжтой. Бас тайлан гаргаагүй болон худал мэдээлэл өгсөн үед  анхдагч тайлангаас нэмж тодруулах шаардлагатай асуудалд компаниуд шуурхай хариу өгдөг болж нэгдсэн тайлан гаргах хугацаа ч багасаж үйл ажиллагаа нь хялбар болно. Мөн санаачилгыг хэрэгжүүлэгч гурван талын аль аль нь хамтарч зөвшилцсөны үндсэн дээр тайланд нэмэлт мэдээлэл тусгахыг хүсвэл тайлангийн маягтад өөрчлөлт оруулах замаар тайлангийн цар хүрээг өргөжүүлэх боломжтой байдлаар хуулийн төсөлд тусгасан нь  оновчтой болсон.

Хуулийн төсөл ямар шатандаа явж байгаа вэ?

Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, батлахтай холбоотой журмынхаа дагуу Засгийн газраас төслөө боловсруулаад УИХ-д өргөн барьсан байгаа. УИХ энэ асуудлыг нэгдсэн чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс Эдийн засгийн байнгын хорооноос  ажлын хэсэг байгуулагдаад хуулийн төслийг нэгдсэн чуулганд бэлтгэх шатандаа явж байна.

УИХ энэ асуудлыг нэгдсэн чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн.

Хуулийн төслийг батлуулах болвол хуулийн төслийг сайжруулах, ОҮИТБС-ын стандарттай нийцүүлэх ил тод байдлын одоогийн хэрэгжиж буй  түвшнөөс нь бууруулахгүй байхаар  тийм л зохицуулалтыг тусгах  шаардлагатай байгаа. Иймд Төлсөн авснаа нийтэл Иргэний нийгмийн эвслийн зүгээс хуулийн төслийг хэлэлцэж, иргэний нийгмийн  шүүмж бэлтгэх ажлыг хийж байна. Энэ хууль нь  дан ганц тайлангийн асуудлыг зохицуулахгүй эрдэс баялгийн салбарт ил тод байдлыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх, хариуцлагыг сайжруулахад үр нөлөө авчрахуйц байх ёстой.  Мөн санаачилгын нэг үндсэн тал болох иргэний нийгмийн байгууллагуудын эрх, үүргийг ч тодорхой тусгаж өгөх шаардлагатай байгаа.