Гурилын хэрэгцээний улаанбуудайн гуравны нэг нь дутна
ХХААЯ-ны сайд Р.Бурмаа
2015.08.26

Гурилын хэрэгцээний улаанбуудайн гуравны нэг нь дутна

Энэ жилийн хувьд хаврын тариалалтын ажлыг тавдугаар сараас эхлүүлж, нийт 512.3 мянган га-д тариалалт хийсэн. Төлөвлөсөн ургацын 50-60 хувийг алдах нь гэж тариалангийн бүсээс мэдээлж байв. Тэгвэл ХХААЯ- ныхан тариалангийн бүс нутгуудад өнгөрсөн долоо хоногт ажилласан байна. Энэ талаар болон урьдчилсан байдлаар хэчнээн тонн буудай, төмс, хүнсний ногоог хураан авахыг ХХААЯ-ны сайд Р.Бурмаагаас тодрууллаа.

-Ургацын урьдчилсан балансыг гаргасан гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Энэ онд улсын хэмжээгээр нийтдээ 512.3 мянган га талбайд тариалалт хийлээ. Ургацын     урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай хураан авна. Мөн 117,3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамлыг хураан авахаар төлөвлөөд байна.

- Тариалан эрхлэгчид цаг агаарын мэдээг буруу өгснөөс ургацаа алдлаа гэсэн гомдол гаргаад байгаа. Тухайн үед зөрүүтэй мэдээллийг тариаланчдад өгч байсан нь үнэн юм уу. Ургац хураах үед цаг агаар ямар байх бол?

-Цаг агаарын урьдчилсан мэдээг холбогдох газруудаас асуусан. Цаг уурын хүрээлэнгээс энэ сарын сүүл ирэх сарын эхний урьдчилсан мэдээг гаргана гэх хариуг өгсөн. Учир нь арван хоногийн мэдээг лурьдчилсан байдлаар гаргадаг юм билээ. ХХААЯ-ныхан бусад хүмүүсийн адил л хэрэглэгч. Манай яам цаг агаарын мэдээг гаргадаггүй. Бид холбогдох мэдээг авч тариаланчдад өгдөг. Байнгын ургацын комисс ажиллаж, ургацын мэдээгээ цаг бүрт нь авдаг. Газар тариалангийн бүс нутгаар тавдугаар сард хүйтэн, хур тунадас багатай байсан. Харин зургадугаар сард аагим халуун болж, хур бороо багатай байснаас гангийн нөхцөл үүслээ. Байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр улаанбуудайн 49.9 мянган га талбайн ургац алдсан.

-Манай улс жилийн хэрэгцээт гурилаа дотооддоо үйлдвэрлэхэд 320 мянган тонн улаанбуудай шаардлагатай гэдэг. Гэтэл улаанбуудайныхаа тодорхой хувийг алдчихлаа. Гурилын үнэ өсчихсөн байгаа. Ахиад ч өсөх магадлалтай гэсэн. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

-Ургацын урьдчилсан балансаар Нийтдээ 252.3 мянган тонн буудай үтрэм дээр бууж, цэвэр жингээр 241.4 мянган тонн буудай зарцуулах төлөвтэй байна. Үүнээс гурил үйлдвэрлэхэд 186.2 мянсэн тонн буудай нийлүүлнэ. Жилийн гурилын хэрэгцээг дотооддоо үйлдвэрлэхэд 320 мянган тоон улаанбуудай шаардлагатай. Гэтэл 2015-2016 оны гурилын хэрэгцээнд 106,4 мянган тонн буудай дутагдахаар байгаа юм.

-Тариалан эрхлэгчид ургацынхаа 70 хувийг алдах нь гэсэн урьдчилсан мэдээтэй байгаа. Гэтэл яамнаас 50 хувийг алдсан гэх юм. Иргэд тариалж байгаа хүмүүст итгэх үү. Эсвэл та нарын мэдээлэлд итгэх нь зөв үү?

-Яамнаас        гаргасан мэдээлэл албан ёсных. 14 аймгийн 1000 орчим иргэнээс авсан мэдээллийг нэгтгэж гаргадаг. Би ирэх пүрэв гаригт тариалангийн бүс нутгаар явна. Сонирхож байгаа хэвлэлийнхэн явах боломжтой.     Ган гачиг, байгалийн үзэгдлээс болоод ургац алдсан газрууд байгаа. Зарим аймагт тариалангийн технологийг дагаагүйгээс болж алдсан ч тохиолдолд байна. Халх голд очиж ажиллахад хоёр тариалангийн талбайн нэг нь ургацаа алдсан нөгөө нь сайхан ургасан байдалтай байна лээ. Үүнээс харахад тариалалтын технологи мөрдөж ажиллаагүй. Хугацаа алдаж тариалсан гэх мэтчилэн олон хүчин зүйлээс нөлөөлж ургацаа алдсан. Тэгэхээр тариалангийн тухай хуульдаа тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүдзаавал мэргэжлийн хүнийг ажиллуулах хэрэгтэй гэсэн шаардлагыг тавьсан байгаа.

-Ургац хураалтын ажил удахгүй эхэлнэ. Үүнд шаардлагатай ямар бэлтгэл ажил зохион байгуулж байна вэ?

 -БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 125- 165 морины хүчтэй трактор 132 ширхэг, үр тарианы 51 комбайныг 20 хувийн урьдчилгаатай таван жилд эргэн төлөх нөхцөлтэй зээлийг тариалан эрхлэгчдээ олгоод байна. 21 аж ахуй нэгжид өндөр хүчин чадлын трактор, үр тарианы комбайн, үрлэгчийн иж бүрдлийг худалдан авахад зориулж 7.5 тэрбум төгрөгийн зээлийг олгосон. Тариаланчид тоног төхөөрөмжөө аваад үйл ажиллагаагаа явуулж байна.

-Жил бүр үр тариагаа агуулах сав байдаггүй гэж ярьдаг?

-Үр тариа хадгалах 36 мянган тоннын багтаамжтай төмөр бетон элеваторыг Дархан-Уул аймагт     ашиглалтад оруулсан. Ингэснээр тариалан эрхлэлтийг дэмжих сангийн буудай хадгалах хүчин чадлыг 182 мянган тоннд хүргэлээ.