Монгол улсын газрыг гадаадын иргэнд эзэмшүүлэх нь хуулиар хориотой
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа
2015.08.24

Монгол улсын газрыг гадаадын иргэнд эзэмшүүлэх нь хуулиар хориотой

Халх гол чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолыг өнгөрсөн сард баталсан.

Халх гол чөлөөт бүс нь 500 мянган га газрыг хамарч, газар тариаланд зориулсан бүс нь 49 мянган га байхаар тогтоолд туссан. Олон янзын эсэргүүцэлтэй тулгарсан ч гишүүд энэхүү тогтоолыг дэмжиж, бодпогын баримт бичиг гаргах нь зөв гэж үзсэн юм.

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн ярьснаар өнөөдөр Халх голын бүс орчимд 42 мянган га газарт газар тариалан эрхэлж байгаа юм байна. Гурвалжин будаа анхлан тариалсан нь маш амжилттай ургаж, арвин ургац авах төлөв ажиглаж буй гэнэ. Мөн улаан буудай тариалалтад технологио нарийн мөрдөж ажилласан аж ахуйн нэгжүүд га-гаас 25 центр орчим ургац хурааж авахаар байна. Гурвалжин буудааны хувьд экспортод гаргана гэхээс илүүтэйгээр дотоодын зах зээлээ өөрийн хөрсөнд ургасан экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах боломжтой гэдгийг сайд баталж байсан юм.

Халх голын бүс орчим нь маш эмзэг хөрстэй учир газар тариалан эрхлэхдээ нарийн технологи баримтлаж, хяналт шалгалт тавьж ажиллана хэмээн анхлан холбогдох яамныхан УИХ-ын тогтоол батлах үед ярьж байсан билээ. Тэгэхээр үүндээ хэрхэн хяналт тавьж  байгааг салбарын сайд тайлбарлахдаа тариалан эрхлэхэд тавигдах горимыг маш нарийн баримталсан, технологийн стандарт дүрэм журмын дагуу ажиллаж чадах аж ахуйн нэгж л  үйл ажиллагаа явуулна. Хэрвээ ингэж чадахгүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцална гэлээ.

Зарим намын зүгээс Халх голын бүс орчимд газар тариалан эрхлэх нь Хятадын бодлогыг хэрэгжүүлж буй гэсэн үг хэмээн албан ёсоор мэдээлэл хийсэн.    Түүгээр ч зогсохгүй гадныханд энэ бүс нутагт газар        олгосон хэмээх мэдээлэл ч буй. Харин салбарын сайд үүнийг эрс няцаав. Га байтугай сөөм газар ч гадныханд эзэмшүүлсэн юм байхгүй. Монгол Улсын газрыг гадаадын иргэндтэзэмшүүлэх нь хуулиар хориотой зүйл. Монгол Улсын иргэн аж ахуйн нэгж л хөдөө аж ахуй, газар тариалангийн үйл ажиллагаа явуулна. Энэ бол бидний өөрсдөө хийж чаддаг, үеийн үед хийсээр ирсэн ажил. Япон, Солонгос гээд гадаадын иргэн ашиглаж байгаа сөөм газар ч байхгүй гэдгийг  албан ёсоор хэлье.

"Бодь "компанийн загвар аж ахуй байгуулах төслийг Солонгосын зүгээс дэмжиж хэрэгжүүлж байгаа зүйл бий. Гэхдээ энэ төсөлд Солонгосын талаас нэг ч хувь байхгүй. "Бодь" компани төслөө дуусгаад Монголын талдаа шууд хүлээлгэж өгнө хэмээн мэдээлэл өгсөн юм. Тэгэхээр  салбарын сайдын хэлснээр Халх голд манайхны айж болгоомжлоод байгаачлан хятадууд олноороо орж ирээд тариа ногоо тариалах ямар ч боломжгүй аж. Одоогоор Монголын аж ахуйн нэгжүүд дөнгөж туршилтын тариалалтаа эхлүүлээд байгаа учраас ирэх жилээс чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын асуудал нэлээн чангаар яригдаж эхлэх бололтой.