Буудайны үнийг ХХААЯамнаас зарлахгүй
2015 онд улсын хэмжээгээр нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийж, ургацын урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252,3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 76.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар төлөвлөжээ.
Газар тариалангийн бүс нутгаар тавдугаар сард хүйтэн сэрүүн, хур тунадас багатай байсны дээр зургаадугаар сард өдөр, шөнийн температурын хэлбэлзэл их, олон хоног үргэлжилсэн аагим халуун болж, хур бороо багатай байснаас гангийн нөхцөл байдал үүссэн хэмээн Хүнс Хөдөө Аж Ахуйн Яамнаас мэдээллээ.
Ялангуяа таримал ургамлын чийгэнд хамгийн эмзэг үе болох бутлалтаас гол хатгалтын үе буюу зургаадугаар сарын 10-наас долоодугаар сарын 08-ныг хүртэлх хугацаанд тариалангийн гол бус нутгаар агаарын хамгийн их температур 34-38 градус, хөрсөн дээрх хамгийн их температур 60-64 градуст хүрч 18-27 хоног үргэлжилсэн нарны хэт их халалт явагдсан нь таримал ургамлын ургалт, өсөлт хөгжилтөд нөлөөлсөн байна.
ХХАА-н сайд Р.Бурмаа “Байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр улаанбуудайн 49.9 мянган га талбай ургац алдаж, 32.5 мянган га талбай тэжээлд шилжсэнээр улаанбуудай тариалсан талбайн 77,1 хувийг хурааж, төлөвлөсөн ургацынхаа 53.7 хувийг, хэрэгцээт гурилын 58,2 хувийг хангахуйц хэмжээний буудай авахаар урьдчилсан төлөв гарч байгаа.
Тиймээс ургац алдсан тариаланчдын ургацын зээлийн эргэн төлөлтийг нэг жилээр хойшлуулахаар болсон.
Ургац алдсан тариаланчдын ургацын зээлийн эргэн төлөлтийг нэг жилээр хойшлуулахаар болсон.
Энэ жил буудайны үнийг ХХААЯамнаас зарлахгүй. Зах зээлийн зарчмаараа зохицуулагдана. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авсан зээлээ буудайгаар төлдөг тариаланчдын хувьд гурилын үйлдвэрүүдэд буудайгаа худалдаж байгаа дундаж үнээрээ тооцож зээлээ төлнө.
Мөн улаанбуудайн хэрэгцээгээ дотоодоосоо хангаж чадахгүй болсонтой холбоотойгоор гурил, талхны үнэ өснө гэсэн мэдээлэл тараад байна. Тиймээс яамны зүгээс гурил үйлдвэрлэгчдэдээ нэгдүгээр гурилын бөөний үнийг 850 төгрөгт барих шаардлагыг тавьж байгаа. Талхны үнийг барих шаардлагыг ч тавих болно” гэлээ.
Ургац хураалтын ажилтай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлжээ
- БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 125-165 морины хүчтэй 132 ширхэг трактор, үр тарианы 51 комбайн нийлүүлэгдэж 20 хувийн урьдчилгаатай 5 жилд эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлээр олгох ажил хэрэгжиж эхлээд байна.
- Тэг элдэншүүлгийн технологи нэвтрүүлэх төслийг зарлаж, сонгон шалгаруулалт явуулснаар нийт 21 аж ахуйн нэгжид өндөр хүчин чадлын трактор, үр тарианы комбайн, үрлэгчийн аж бүрдлийг худалдан авахад зориулж 7.5 тэрбум төгрөгийн зээлийн дэмжлэг үзүүлэв.
- Үр тариа хадгалах 36.0 мянган тоннын багтаамжтай төмөр бетон элеваторыг Дархан-Уул аймагт ашиглалтад оруулснаар ТЭДС-гийн буудай хадгалах хүчин чадлыг 182.0 мянган тоннд хүргэв.
2015-2016 оны хэрэгцээнд 106.4 мянган тонн буудай дутагдах төлөвтэй байгаа гэв
Урьдчилсан балансаар таримлын болц жигд бус, намхан, товчин толгойтой байгаагийн зэрэгцээ наймдугаар сарын эхэн болон дунд арав хоногт орсон борооны улмаас тариа хэнзлэн ургах, болц удаашрах, улмаар ургац хураалтын ажил сунжирч болзошгүй байгаа ажээ.
Ургацын урьдчилсан балансаар нийтдээ 252.3 мянган тонн буудай үтрэм дээр бууж цэвэр жингээр 241.4 мянган тонн буудай зарцуулагдах юм байна. Үүнээс 2015 оны тариалалтад зориулан 29.4 мянган тонн үр, улсын үрийн нөөцөд 4.2 мянган тонн, тэжээлд 12.6 мянган тонн, спиртийн үйлдвэрт 9.0 мянган тонныг тус тус зарцуулснаар үйлдвэрлэлд нийтдээ 186.2 мянган тонн буудай нийлүүлэгдэнэ. Үүн дээр ТЭДС-гийн 27.4 мянган тонн буудайг нэмж тооцвол 213.6 мянган тонн буудайн нөөц бүрдэж байна.
Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320 мянган тонн улаанбуудай шаардлагатай бөгөөд балансаас харахад 2015-2016 оны хэрэгцээнд 106.4 мянган тонн буудай дутагдах төлөвтэй байгаа ажээ.