"Ганга нуурын чуулган" өдрүүд болно
2015.08.26

"Ганга нуурын чуулган" өдрүүд болно

“Ганга нуурын чуулган” хэмээх түүх соёл, байгаль экологи, аялал жуулчлалын өдрүүдийг Сүхбаатар аймгийн Дарьганга суманд ирэх есдүгээр сарын 5-6-нд зохион байгуулах гэж байна.

 

Дарьгангын түүх соёл, өв уламжлал, зан заншил, байгаль экологи, ард иргэдийн ахуй амьдралын хэв маягийг үзүүлэх цогц хөтөлбөрт нүүдлийн шувуудын гайхамшиг болсон Ганга нуурыг хамгаалах байгаль-экологийн хөтөлбөр гол байр эзлэнэ.

Өнөө жил хоёр дахь удаагаа болж буй уг үйл явдалд Дарьганга уламжлалт соёлыг харуулсан сумдын нүүдлийн үзэсгэлэн, Дарьгангын түүх соёл, эрдэм шинжилгээний хөтөлбөр, уул усандаа зориулсан дуу хуурын тахил, Дарьганга судлалын номын яармаг, Дарьганга адууны соёл, “Жаахан шарга” дуугаар бэлгэ тэмдэг болгосон урлагийн тоглолт, Дарьгангын түүх соёлын дурсгалт газруудаар аялал хийх ажээ.

Энэхүү төсөл нь  байгаль экологи – түүх соёл, нүүдэлчний зан үйлийн өвөрмөц онцлог бүхий Дарьганга нутгийн ай савыг хамгаалах, бүс нутгийн хөгжлийг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол нутгийн нэгэн гайхамшигт баян бүрд болох Ганга нуурыг хамгаалах үйлсэд бүх нийтийн анхаарлыг хандуулахад чиглэжээ.

“Ганга нуурын чуулган” соёл, аялал жуулчлалын өдрүүдийг жил бүрийн намрын дунд сард Ганга нуурын орчимд төвлөрөн, нийт Дарьганга нутгийг хамруулан зохион байгуулах бөгөөд бүс нутгийн түүх соёл, уламжлалыг сэргээн, байгалийн өвийг хамгаалж, улмаар Монголын аялал жуулчлалын нэгэн томоохон брэнд болно хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

Уг үйл ажиллагааг Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яам, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар, Нью Жуулчин Турс компани, Соёл Яруу найргийн Академи нар хамтран зохион байгуулж байгаа юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг “Ганга нуурын чуулган” фэйсбүүк хаягаас үзнэ үү?