Аялагчдад зориулсан эко ариун цэврийн байгууламжтай боллоо
Сүүлийн үед аялагчдын зорин очих дуртай газрын нэг болоод буй Аглаг бүтээлийн сүм хийдэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан эко ариун цэврийн байгууламж ашиглалтад орлоо.
Өнгөрсөн ням гаригаас аялагчдад үйлчилж эхэлсэн уг ариун цэврийн байгууламжийг ашиглалтад орох үед УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд асан Д.Оюунхорол, тус яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Маргад нар очиж танилцсан юм. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол БОНХАЖ-ын сайдаар ажиллах хугацаандаа аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэр дундаа аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр багагүй хүчин чармайлт гаргасан нэгэн. Тиймдээ ч салбарын сайдаар ажиллахдаа гаргасан бодлого, хичээл зүтгэл нь түрүүчээсээ бодитой ажил хэрэг болж байгаад баяртай байгаагаа хэлсэн юм. Өнгөрсөн зургадугаар сард Засгийн газраар батлагдсан Аялал жуулчлалын үндэсний хөтөлбөрт аялал жуулчлалын бүсүүдэд 2025 он хүртэл аялагчдын тав тухыг хангах цогцолборууд барьж байгуулах асуудлыг тусгажээ.
Эхний ээлжинд аялал жуулчлалын 26 цэгт тус тусынх нь онцлогт тохирсон технологиор эко ариун цэврийн байгууламж, бусад үйлчилгээний цогцолборыг барьж байгуулах шийдвэр гараад хэрэгжиж байна. Үүний анхдагч гэж хэлж болохоор ариун цэврийн байгууламжийг Аглаг бүтээлийн хийдэд барьж байгуулан ашиглалтад орууллаа.
Улсын төсвийн 79 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан уг ариун цэврийн байгууламж үйлчилгээний ил хэсгээс гадна халаалтын систем, шугам хоолой, бохирыг тосч авах сав болон бохирыг саармагжуулах лагийн талбай зэргээс бүрдэж байна. “ШУА-аас гаргасан бохир задалж, хоргүй болгох бодисоор саармагжуулах учраас байгаль орчинд ямар нэгэн хор нөлөөгүй” хэмээн уг байгууламжийг барьж байгуулах гүйцэтгэгчээр ажилласан “АААЗ” ХХК-ийн ерөнхий захирал Н.Цогтбаатар ярилаа. Тус компани уг ариун цэврийн байгууламжийг нэг сарын дотор л барьж байгуулжээ. Эднийх аялал жуулчлалын компаниудын захиалгаар эко ариун цэврийн байгууламж барихад нэлээд туршлагажиж байгаа аж. Аглаг бүтээлийн хийд байх аманд 70 орчим булаг урсдаг байсан ч уур амьсгалын өөрчлөлт зэргээс болоод өдгөө 20 орчим булаг шанд урсдаг. Цэвэр усны эх булаг учраас бохирыг хөрсөнд шууд шингээж, байгаль орчныг бохирдуулахгүй технологиор барьсан гэж Н.Цогтбаатар ярив. Мөн газрын хөрсөн доогуур татсан суваг нь халаалттай учраас өвлийн цагт ч хэвийн горимоор ажиллах юм байна.
Улсын төсвийн 79 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан уг ариун цэврийн байгууламж үйлчилгээний ил хэсгээс гадна халаалтын систем, шугам хоолой, бохирыг тосч авах сав болон бохирыг саармагжуулах лагийн талбай зэргээс бүрдэж байна.
Бурханч лам Пүрэвбатын ур ухаанаар байгаль дэлхийн гайхамшигтай хослуулан урлан бүтээж байгаа бүтээлийн сүм хийдийг зорих аялагчдын тоо жилээс жилд нэмэгдэж, амралтын өдрүүдэд гэхэд л гадаад, дотоодын 2500-3000 орчим аялагч зорин очих болжээ. “Гадаадын жуулчид Монголыг Буддын шашны төв гэж үздэг. Аглаг бүтээлийн сүм хийдийн “Бурхны замаар аялахуй” аялал жуулчлалын бүтээгдэхүүн нь жуулчдын сонирхлыг татах гол маршрут” болж байгаа тухай БОНХАЖ-ын сайд асан Д.Оюунхорол ярилаа. Ариун цэврийн байгууламж үнэхээр тулгамдсан асуудал болоод байсныг тэндхийн ажилтан ярьсан юм. Шинэхэн 00 ашиглалтад орох үед ердөө 30 минут хажууд нь ажиглахад л аялагчдын тав тухтай аялж амрах нэг чухал нөхцөл нь ариун цэврийн байгууламж үнэхээр мөн юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн юм. “Аглагийн хийдэд өмнө ирэхэд бие засах асуудал үнэхээр хүнд байсан. Өнөөдөр машинаас буугаад л ийм сайхан 00-той болсныг харлаа. Ялангуяа гадныханд маш их хэрэгтэй эд” гэж иргэн С.Сарангэрэл хэллээ. Дараагийн ээлжинд Элсэн тасархай, Отгонтэнгэрт ийм ариун цэврийн байгууламж барихаар төлөвлөжээ.
Мөн засмал замаас Аглаг бүтээлийн сүм хийд хүрэх долоон км замыг Засгийн газрын шийдвэрээр концессын гэрээгээр барьж эхлээд ажил ид өрнөж байна. Замыг аравдугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулах ажээ.