Монгол улс агаарын температурын өсөлтийг хязгаарлах нь чухал
“Уур Амьсгалын Өөрчлөлт Нэгдсэн Үндэсний Байгууллагын Суурь Конвенц (УАӨНҮБСК)-ийн хүрээнд 2015 оны хэлэлцээрт Монгол улсын оруулах хувь нэмэр” урдчилсан төслийг магадлах хэлэлцүүлэг өчигдөр болов.
Монгол Улс 1993 онд УАӨНҮБСК, Киотогийн протоколд нэгдэн орсон. Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн хэрэгжүүлэх гол механизм болсон Киотогийн протокол аж. Уг протоколын үйлчлэх хугацаа дуусч байгаа тул шинээр ижил төрлийн хянах механизм гаргах зорилгоор өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа аж.
Хэлэлцүүлгийг нээж Байгаль хамгаалах сангийн Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зөвлөх З.Батжаргал үг хэллээ.
Тэрбээр, “Манай орны хувьд өнгөрсөн 5 дугаар сард эл асуудлаар нээлтийн хэлэлцүүлгийг хийж байсан. Тухайн үед оролцогчдоос гарсан санал зөвлөмжид тулгуурлан шинэчлэхээр ажиллаж байна.Монгол Улсын хувьд 2030 он гэхэд агаарын темпратурын өсөлтийг 2 хэмээр хязгаарлаж хүлэмжийн хийн ялгарлыг 51 хувь хүртэлх бууруулах зорилго тавин ажиллаж байна. Мөн ирэх сард Парис хотноо “Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц”-ийн 21 дүгээр хурал болно. Уг хуралд НҮБ-ын гишүүн орнууд уур амьсгалын өөрчлөлтийн эрчийг сааруулах чиглэлээр хэлэлцэх юм. Одоогийн байдлаар АНУ, Канад, Япон, ОХУ, Хятад, Австрали зэрэг 26 орон уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийг бууруулах саналаа боловсруулан НҮБ-д хүргүүлсэн” гэлээ.
Хэлэлцүүлэгт НҮБ-ын Байгаль Орчны хөтөлбөрийн зөвлөх Конрадо Эрула, Голландын эрчим хүчний судалгааны хүрээлэнгийн зөвлөх Метью Халстед нар НҮБ-ын Байгаль Орчны хөтөлбөр, Данийн Техникийн их сургуулийн түншлэлийн зөвлөх Пракрити Насва зэрэг гадаад, дотоодын төрийн болон ТББ-ын 60 гаруй төлөөлөл, багш, эрдэмтэд оролцлоо.
Хурлын үеэр Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр ямар ажил хэрэгжүүлж байгаа талаар БОНХАЖЯ-ын Байгаль Хамгаалах Сангийн Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн төслийн менежер Б.Тэгшжаргалаас тодруулав.
-Монгол улс хүлэмжийн хийг бууруулахад ямар шат дараатай үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Манай орны хувьд агаарын темпратурын өсөлтийг хоёр хэмээр хязгаарлах зорилт дэвшүүлэн ажиллаж байна. БНХАУ хүлэмжийн хийг ихээр ялгаруулдаг хэрнээ энэ чиглэлийн үйл ажиллагаанд нэгддэггүй. Харин хөгжиж буй Монгол, Конго, Донминик улс хүлэмжийн хийг бууруулахад ихээхэн анхаарч байна.
-Иргэд хүлэмжийн хийг бууруулахад хэрхэн хувь нэмэр оруулах вэ?
-Иргэд цахилгаан, усны хэрэглээг багасгахад л хувь нэмрээ оруулж байгаа юм. Түүнчлэн ойр замд автомашинаар зорчихгүй байх хэрэгтэй. Мөн сэргээгдэх хүч,нарсалхины эрчим хүчний нөөцийг хэрэглээнд нэвтрүүлэх нь чухал.