Авилгачид, албан тушаалтнуудыг өршөөхийг МАН анхнаасаа дэмжээгүй
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2015.08.14

Авилгачид, албан тушаалтнуудыг өршөөхийг МАН анхнаасаа дэмжээгүй

Ээлжит бус чуулганаар баталсан Өршөөлийн тухай хуулийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, гишүүн Ц.Нямдорж нар өчигдөр мэдээлэл хийлээ.

Ийм хуулийг өмнө нь зургаан удаа баталсан. Тэр бүрт насанд хүрээгүй, жирэмсэн, бага насны хүүхэдтэй, өндөр настай, бие махбодийн хувьд ял эдлэх чадваргүй болсон, болгоомжгүй, хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг өршөөж ирсэн. Энэ зарчмын дагуу Засгийн газраас оруулж ирсэн төслийг тэд дэмжиж байжээ. Гэвч хэлэлцүүлгийн явцад авлига, апбан тушаалын гэмт хэрэгтнүүдийг далбаан дор нь хамруулахаар болсныг тэд эсэргүүцэж байснаа хэлэв. Тиймээс хуулийн төслийг батлах эцсийн хэлэлцүүлэгт МАН-ын нэг ч гишүүн оролцоогүй гэдгийг С.Бямбацогт гишүүн онцлов. Бас хуулийг хэрэгжүүлэх комисст гишүүдээ оруулах боломжгүй гэдгээ мэдэгдлээ.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Авлигачдын нурууг атийлгаж, ард түмнийхээ нурууг тэнийлгэнэ” гэсэн уриатай сонгуульд орж байсан АН эсрэгээр нь хийлээ. Энэ үйлдлийнх нь төлөө АН-д эмгэнэл илэрхийлье. “Цэвэр агаар” сан, “Нүүрс” хөтөлбөр, татварын хэрэг, Г.Дэнзэн, Л.Гансүх, төмөр зам, халамжийн хэрэг гэх мэтчилэн 10 тэрбумаас дээш төгрөгийн хохиролтой хэргүүд өршөөлд хамрагдаж байна. Төрд шургалсан авлигачид, төрөөс төрсөн тэрбумтнуудыг хөхиүлэн дэмжсэн

ийм хуулийг хүч түрэн баталж, хууль зөрчсөн ээлжит бус чуулган хийлээ. Ээлжит бус чуулган албан тушаалтан, авлигачдыг өршөөх эцсийн зорилготой байсан нь батлагдлаа. Өчигдөр Ж.Батзандан гишүүн мэдээлэл хийхдээ “Авлигын гэмт хэрэгт буруугаа хүлээж уучлал гуйсан бол, төрд учруулсан хохирлоо барагдуулна гэж хэлсэн бол Өршөөлийн хуульд хамрагдана” гэж хэлжээ. Төрийн хууль ингэж батлагдаж байгаад үнэхээр эмгэнэлтэй байна. Олон улсын авлигын индексээр Монгол Улс 2012 онд 87 дугаар байранд орсон бол 2014 онд 107-д жагсаж 20 байраар ухарсан. Цагаан захтнуудыг өршөөсөн Өршөөлийн хууль баталснаар авлигын индескээр адагт орох нөхцөл байдал үүслээ” гэв. Гишүүн Ц.Нямдорж ‘Төрийн ордонд хууль, төрийн эсрэг чимээгүй эргэлт боллоо. Төрд шургалсан албан тушаалтнуудтай хариуцлага тооцдог Эрүүгийн хуулийн бүх заалт энэ өршөөлд бүрэн хамрагдах улс төрийн алхам хийлээ. Эрүүгийн хууль 305 зүйлтэй.

Үүний 78 нь ерөнхий, 227 нь тусгай ангид хамаардаг. 227 зүйлээс авлигачид, албан тушаалтнуудад хариуцлага тооцох 10 зүйл байдаг нь бүгд уг хуульд хамрагдаж байна” гээд эдгээр заалтыг задалж танилцуулсан юм. Залилан мэхлэх замаар өмч завших, улсын хөрөнгийг завшиж үрэгдүүлэх, банкны хууль тогтоомж зөрчиж асар их хэмжээний луйвар хийсэн хэргийг зохицуулах заалт гэх мэт орж буй юм байна. Мөн тэрбээр “Эрх баригчид 2012 оноос хойш бүрэн эрхийнхээ гуравны хоёрт нь идэж, уучихаад үлдсэн хугацаанд нь бүх хэргээ цуцаллаа” гэсэн юм. Тэднээс зарим зүйл тодруулав.

-Эсэргүүцэж байсан юм бол батлуулахгүйн тулд ажиллаж болоогүй юм уу?

С.Бямбацогт: -Өршөөлийн хуулийн хэлэлцүүлгээс бид өмнө нь завсарлага авч байсан. Гэвч ээлжит бус чуулганаар оруулж ирээд, МАН-ыг Засгийн газраас хөөснийхөө дараа баталчихлаа. Бид уг хуулийн анхны хувилбарыг дэмжиж байсан ч хэлэлцүүлгийн явцад өөрчлөгдсөн тул батлахад оролцохоос татгалзсан юм.

Ц.Нямдорж:       -Өршөөлийн  хуулийн ажлын хэсгийг “Шударга ёс” эвслийнхэн ахалсан. Намайг ажлын хэсэгт оруулсан ч ийм луйвар болохыг мэдээд оролцоогүй. Гэтэл санал гаргасан гишүүдийн тоонд нэрийг минь бичсэн байсан. Тэгчихээд одоо МАН-ын гишүүд далдаас дэмжиж байна гэж буй нь худал. Бид энэ хуулийг батлуулахгүй гээд хүчин мөхөстсөн, МАН оролцсон ч, үгүй ч хуулиа батлах байсан учраас хумс нь ил гарсны дараа ярьж буй юм.

-Дараагийн сайд нарыг оруулж ирвэл МАН дэмжээд явна гэсэн. Тэдний дунд Шадар сайдаар Н.Энхбаярыг санал болговол дэмжих үү?

Ж.Мөнхбаяр:     -Төрийн ажлыг гацаахгүйн тулд дараагийн сайд нараа хурдан оруулж ир, бид дэмжинэ гэж л хэлсэн.

Ц.Нямдорж: -Хэнийг оруулж ирэхээс хамаарна шүү дээ. АН зөв хүмүүсээ оруулж ирнэ гэж найдаж байна. Гэхдээ энэ намд зарчим үйлчилдэггүй, фракцууд нь бүгдийг шийддэг.