Ээлжит бус чуулганы нээлтэд оролцоогүйг боекот гэж ойлгож болохгүй
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2015.08.04

Ээлжит бус чуулганы нээлтэд оролцоогүйг боекот гэж ойлгож болохгүй

Харин  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос ээлжит бус чуулганы нээлтэд ямар шалтгааны улмаас бүлгийнх нь гишүүд суугаагүй талаар тодруулсан юм.

-МАН-ын бүлгийн гишүүд ямар учраас ээлжит бус чуулганы нээлтэд оролцсонгүй вэ. Боекот хийгээд байгаа юм уу. Ямар нэгэн шахалт үзүүлэх зорилгоор ийм шийдвэр гаргасан юм уу?

-Үүнийг боекот гэж ойлгож болохгүй. МАН-ын бүлгийн гишүүд өглөө эрт цуглахад 26 гишүүнээс 20 нь ирсэн. Бидний зүгээс Монгол Улсын Их хурлын даргын гаргасан ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай захирамж хууль зөрчсөн эсэх талаар Тусгаар тогтнолын ордонд ярилцаж байгаад ирлээ. Цаашдаа энэ тал дээр анхаарч ярьж байхгүй бол хууль зөрчин захирамж гаргадаг, Ерөнхий сайдын бланкан дээр намынхаа ҮЗХ-г хуралдуулах шаардлага тавьдаг, АН-ын Гүйцэтгэх зөвлөл намын бүлэгтээ үүрэг өгдөг ийм байдалтайгаар төрийн дээр нам гарсан энэ байдал хэр зохимжтой юм. Цаашид энэ байдлаар асуудалд хандах нь зөв юм уу, буруу юм уу гэдэг талаар ярилцсан. Үргэлжлүүлээд бүлэг хуралдана.

-Зургаан сайдыг огцруулах асуудалд танай намын бүлэг оролцох уу. Танай намын зүгээс сандал ширээтэйгээ зууралдахгүй гэдгээ мэдэгдэж байсан?

-Тэр байр суурь хэвээрээ байгаа. Бид сандал ширээтэй зууралдаад байгаа асуудал огт байхгүй. Харин зургаан сайдыг томилох асуудлыг оруулж ирсэн Ерөнхий сайд нь өөрөө энэ асуудлаа Их хуралд оруулж ирээ гэдэг байр суурьтай байна. Түүнээс манай сайд нар өөрсдөө дуртайдаа “Би сайд болъё” гэж гүйж ороогүй. Тиймээс сайд нар маань өөрсдөө өргөдлөө өгөх учиргүй.

-Ерөнхий сайд зургаан сайдыг огцруулах нэрсийг оруулж ирэхгүй гээд хэлчихсэн байгаа. Тэгэхээр яаж явна гэсэн үг вэ ?

-Тэрийг мэдэхгүй  Ерөнхий сайдын 5 эрхийн асуудал. Ерөнхий сайд кабинетаа бүрдүүлж,  сайд нараа томилдог. Сайд  нарын асуудлыг оруулж ирэх  нь Ерөнхий сайдын хуулиар олгогдсон бүрэн эрхийн асуудал. Харамсалтай нь  Ерөнхий сайд өргөн бариагүй сайд нар өргөдлөө өгөөгүй  байхад УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд  оруулж ирсэн нь зөрчсөн үү гэдэг дээр манай бүлгийн гишүүд янз бүрийн  байр суурьтай байгаа.

-Намын дарга нь Ерөнхий сайд байх ёстой гэдэг байр суурийг шаардлагаараа  Ч.Сайханбилэг сайд илэрхийлчихсэн. Тэгэхээр  Ерөнхий сайд солигдчихож ч магадгүй байна уу?

-Энэ манай намын асуудал биш. Гэхдээ ийм жишигбайдаг. Улс төрийн намуудын  тухай хуульдаа ч гэсэн намын дарга Ерөнхий сайд байж  болно гээд заачихсан байдаг. Ачаагаа үүрсэн шиг үүрээд,  хариуцлагаа хүлээсэн шиг хүлээгээд, эрхээ эдэлсэн шиг эдлээд явах нь зөв ч байж магадгүй.

-УИХ-ын даргын  захирамж ямар хууль зөрчсөн гэж үзэж байгаа вэ?

-УИХ-ын тухай хуульд өргөн баригдаагүй асуудлыг хэлэлцэхгүй гээд байгаа.