Ардчилсан намд үүссэн түймрийн оч Монголын төр рүү битгий үсрээсэй
УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.
-Наадмын өмнөхөн МАН-д “Ардын хүч” гэж шинэ фракц бий боллоо гэсэн яриа гарсан. Яалт ч үгүй үнэхээр “Ардын хүч” гээд зөвлөлдөх уулзалтыг цөөн тооны хүмүүсийн хүрээнд хийсэн байна лээ. Та тус фракцийн гишүүн гэж дуулсан. Фракцийнхаа талаар ярихгүй юу?
-“Ардын нам-Ардын хүч” гэдэг зөвлөлдөх уулзалтыг манай намын хэсэг залуусын санаачилгаар зохион байгуулсан. Энэ арга хэмжээндээ УИХ, Засгийн газар, намын удирдах зөвлөлийн тодорхой гишүүдийг урьж оролцуулсан. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Занданшатар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ хоёр маань дэлхийн хамгийн шилдэг сургууль болох Харвард, Стэнфордын их сургуульд эрдмийн ажил хийгээд ирсэн. Тэд Монгол Улсыг гадна талаас нь харж өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл, үүсээд буй нөхцөл, мухардлыг гадны судлаачидтай хамтарч дүгнэж үзсэн юм билээ. Тэрийгээ бидэнд танилцуулсан. Манай улс яагаад гурав дөрвөн жил гайгүй явж байгаад мухардалд ороод байгаа юм. Ялангуяа 2012 оноос хойш унасан нийгэм, эдийн засгийн уруудалт сүүлдээ хямралын байдалд хүрлээ. Үүнээс бид хэрхэн гарах вэ гэдэг хүрээнд ярилцсан.
-Тэгээд гол буруутан нь хэн болж таарав?
-Муу юмны эх сурвалж болоод байгаа зүйл нь улс төрийн намууд, улс төрийн тогтолцоонд байгаа юм биш биз гэж үзсэн. Тиймээс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж улс төрийн намууд, улс төрийн тогтолцоогоо өөрчилье гэсэн. Бодлого гаргадаг, бодлогоороо уралддаг. Үнэт зүйл зарчим дээрээ тууштай зогсдог, манлайлж чаддаг улс төрийн хүчнийг бий болгож, улс төрийг төлөвшүүлэх нь зүйтэй гэдгийг хэн хэн нь онцолж байсан. Энэ хүрээнд бид ярилцсан. Тэглээ гээд ганц АН-ыг ч биш Ардын нам гээд бүх намыг тойрч ярьсан. Түүнээс таны асуусан шиг “Ардын хүч” гэсэн фракц албан ёсоор байгуулагдсан зүйл алга л байна.
-Цаашдаа иймэрхүү уулзалтууд болох уу. Яах аргагүй ийм фракц бий болсон гээд байгаа юм даа. Намраас тэсэрнэ гэдгийг учир мэдэх хүмүүс дотроосоо хэлээд байгаа шүү?
-Арга хэмжээнд намын дэргэд гишүүдийн байгуулсан Шинэчлэлийн хорооноос эхлээд янз бүрийн хөдөлгөөн, бүлгэм, клубууд оролцсон. Намын анхан шатны байгууллагын төлөөлөл гээд 200 гаруй хүн цугласан юм. Цаашид “Ардын хүч” гэдэг нэрэн доор нэгдэж, зохион байгуулалтад оръё гэсэн санал хуралдааны үед яригдсан. Гэхдээ яг тэгээд явна гэж яриагүй. Тиймээс жигүүр болон ямар нэгэн зохион байгуулалтын хэлбэрт ороогүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар хоёр намдаа төдийгүй нийгэмд хандсан лекц, семинаруудыг цувралаар зохион байгуулж байгаа. Зандаа маань “Монгол Улсын Үндсэн хууль ба зөвлөлдөх ардчилал” гэдэг томоохон уулзалтыг Нобелийн шагналт эрдэмтдийг авч ирж хийсэн. Л.Оюун-Эрдэнэ Харвардын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран хоёр удаагийн танилцах аялал “Asian leadership” уулзалтыг зохион байгууллаа. Монгол бүү хэл дэлхийн оюуны цөм болж байгаа хоёр том сургуулийнхан Монголын асуудлыг гаргаж тавина гэдэг нь өөрөө чухал. Тиймээс журмын нөхдийн хувьд энэ тал дээр нь тусалж дэмжиж ажиллана гэж байгаа юм.
-“Ардын хүч” уулзалтад очсон хүмүүс У.Хүрэлсүх даргын фракцийнхан гэх юм, бас Сү.Батболд бий ч гэх юм?
-Зохион байгуулсан хүмүүс нь ямар хүрээнд хүмүүсээ урьсныг сайн мэдэхгүй байна. У.Хүрэлсүх, Сү.Батболд дарга нар энэ уулзалтад оролцоогүй.
-Өнөөдрийн энэ Засгийн газрын нөхцөл байдлыг та хэрхэн харж байгаа вэ. Наймдугаар сарын 3-нд ээлжит бус чуулганаар Ардын намын зургаан сайдыг солино гэдэг зүйл яригдаж байна. Ерөнхийлөгч ч гэсэн нам эвслийн бүлгийн болон намын дарга нарыг дуудаж уулзаад өөрийн байр суурийг тов тодорхой илэрхийлсэн?
-Ардчилсан намын хийж байгаа үйлдэл цаашаа хэрхэн өрнөх нь тэднээс л шалтгаална. Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгч өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. Яг ямар шийдвэр гаргахыг анхаарал тавин ажиглаж байна. Би л хувьдаа иргэдтэйгээ адилхан харамсч харж байгаа. Монголын улс төр цаашид зөв төлөвшөөсэй, улс төрийн намууд үнэт зүйл зарчим дээрээ зөв төлөвшөөсэй гэж хүсдэг.
Тиймээс Монголд олон намын тогтолцоо байж, намууд хоорондоо шударгаар өрсөлддөг байгаасай гэж хүсэх ч манай намын гол өрсөлдөгч Ардчилсан нам нялхсын өвчнөөсөө салаагүй байгаа юм байна. Уг нь өдийд Ардчилсан нам эрийн цээнд хүрч байх ёстой. Харамсалтай нь эрийн цээнд хүрэх хэмжээний хугацаа болчихоод байхад ухаан бодол нь гурван настай хүүхдээс доогуур сэтгэх хэмжээнд байна. Ардчилсан намынхан төр барихад балчирдаж байна. Тэр утгаараа АН-д харамсал илэрхийлье.
Ардын нам Засагт орохдоо Ардын нам Засагтай зууралдахгүй. Үнэхээр бид ачаагаа аваад үүрье. Бид эрх баригч байя гэвэл ачаагаа үүр. Бид бэлэн байна. Энэ нь зөв ч байж мэднэ. Нэг талаасаа бид энэ Засгийн газарт оръё гэж ороогүй. Хоёр жил гаруй дэлхийд гайхагдаж байсан эдийн засгийн өсөлтийг унагаж хаячихаад чадахаа болилоо ирээч гэж гуйсан. Зургаан сарын хугацаанд нэлээд зүйлийг нь цэгцэлж өглөө. Дахиад бид аваад нэг мөсөн дуусгачихъя гэж байгаа бол хамаа алга. Бидэнд албан тушаалтай зууралдах сонирхол байхгүй ээ.
-Одооны нөхцөл байдлыг та хэрхэн харж байна вэ?
-Нийгэм, эдийн засгийн байдал ийм хүнд байхад сандал ширээ болж цөөн хэдэн хүн сонгуулиас урьтаж дахиж сонгуульд ялахгүй юм чинь нэг ялсан дээрээ ямар ч хамаагүй аргаар сайд болъё гэж бодож байгаа бол түүн шиг ойрын зайн бодол байж болохгүй. Одоо бол тийм л замаар яваад байна.
-Ардын намынхан ажил хийх гэж Засагт орсон ч гэсэн Ардчилсан намынхан харин эсрэгээр нь яриад байгаа. Хийж байгаа ажлыг байнга гацаадаг. Завсарлага авдаг гээд л?
-Хоёр намын хамтын ажиллагааны гэрээг нийтэд ил болгоосой гэж хүсч байгаа. Түүнийгээ ил болгоод сонгогчдод өөрсдөд нь эрхийг нь олгох ёстой. Ардын намын гишүүн толгойлсон ажлын хэсгийн ажлууд биеллээ олсон. АН-ын гишүүн толгойлсон ажлын хэсгийн ажлууд Их хуралд ч орж ирээгүй байна. Үндсэн хуулийн ажлын хэсгийг Н.Батбаяр, Сонгуулийн хуулийг Р.Бурмаа, Улс төрийн намуудын тухай хуулийг С.Баярцогт, Таван толгойн ажлын хэсгийг Л.Эрдэнэчимэг ахалж байгаа. Аль нь ч Их хурлаар орж ирээгүй.
Ялангуяа эдийн засагтай холбоотой томоохон төслүүдийг АН-ынхан санаатайгаар гацааж байгаа. Ерөнхий сайд нь ийм ийм ажил хийнэ гээд телевизээр ярингуут маргааш нь Их хурлын дарга нь гацаасан. Төрийн хоёр том институцийг тодорхойлж байгаа Ардчилсан намын гаралтай хоёр хүний зөрчилдөөн дээр, АН-ын улс төр, эдийн засгийн бүлэглэлийн авалцсан гал дээр л ажил явагдаж байна. Ардчилсан намд үүссэн түймрийн оч Монголын төр рүү битгий үсрээсэй. Ардчилсан нам дотор албан тушаал эрх мэдлийн асар том түймэр авалцаж байна.
-Монгол Улс дампуурлаа зарлахад ойрхон байна гээд таны өгсөн ярилцлага нэлээд хэл ам дагуулав даа. Хамтарсан Засгийн үед ийм зүйлийг ярьж байгаа нь өөрөө хариуцлагагүй зүйл гэдгийг АН-ынхан хэлж байсан?
-Бид хамтарч үзээгүй биш үзсэн. Хамтарч байх үед хоёр талдаа гоморхох үйл ойлголцол гарвал жоомоо алах гээд гэрээ шатаадаггүй байлаа. АН-ынхан Засагт хамтарч байгаад сонгуулийн өмнө хаяад гарч байсан тохиолдол бий. Үүнийг нь хүн бүр өөрийнхөөрөө дүгнээд үлдсэн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацааг аваад үзэхээр албан тушаал авсан нэг хэсэг нь өөр зүйл ярьдаг. Их хуралд байгаа З.Энхболд, Н.Батбаяр тэргүүтэй нөхдүүд партизаны дайн хийж байгаа мэт асуудалд ханддаг байсан үе бий. Бид бол тэгээгүй. Харин манайхан болохоор асуудалд анхнаасаа бодитойгоор хандана. Ухаандаа зөвийг дэмжиж, бурууд нүд хурц байна гэдгээ хэлсэн. Энэ ч зарчмаараа ажиллаж байгаа. Түүнээс биш АН-ын, МАН-ын, хамтарсан Засгийн газар байна уу аль нь ч хамаагүй. Бизнес эрхэлж байгаа, ажил амьдралаа авч явах гэж байгаа, тэтгэврийн зээл авч байгаа хүмүүсээс “Амьдрал сайн уу. Хэр боломжийн байна” гэж асуувал дийлэнх нь хүнд байна. Энэ улс орон чинь дампуурч байгаа юм биш үү гэж хариулж байгаа.
Авлигын мөнгө авсан, бондын мөнгө цохисон цөөн хүмүүст энэ хүндрэл бэрхшээл мэдрэгдэхгүй байгаа байх. Тэр хүмүүс л ийм үгийг хэлэхгүй байна. 2014 оны нийгэм, эдийн засгийн байдлыг дүгнэсэн төсвийн гүйцэтгэлийн тайлан, 2015 оны эхний улирлын статистик гарчихсан. Үүнийг харахад ойрын үед Монголын ирээдүйд гэрэл гэгээ харагдахгүй байгаа юм. Улаан гэрэл асаалттай байна. Ослын гэрэл асаалттай байгаа тул аваарт орчих вий гэж анхааруулж хэлсэн юм.
Бидний өмнө ойрхон хоёр жишээ бэлхнээ харагдаж байна. Эхнийх нь эдийн засгаа улстөрчид нь яаж үймүүлж, дампууруулж болдгийг Грекийн жишээ харууллаа. Бие биенээсээ өрсч нийгмийн хамгааллын амлалт амладаг, улстөрчид нь төрийн нэрээр компани байгуулж эдийн засаг руу ордог. Гаднаас буруу гарын мөнгийг улс орондоо оруулж ирж, бужигнуулдаг. Бодлогогүйгээр өр зээл авч өөрсдөө олсон мэт авирладгийн балгаар 10-хан жилийн өмнө олимпийн наадам зохион байгуулж байсан Европын холбооны гишүүн орон дампуурлаа зарлаад сууж байна.
Гадны янз бүрийн хүмүүсийн гар хөл болсон хүмүүсээр дүүрсэн парламенттай, парламент дотор байгаа болон гадна байгаа улстөрчид нь эдийн засаг улс төрийг холилдуулаад, улс төрийн намууд нь алга болж лидерүүд нь хоорондоо сүлэлдсэнээс болж Украин гэдэг улс тусгаар тогтнолоо алдах хэмжээнд хүрлээ. Эдгээр хоёр улсын хувьд аль аль нь хөгжлийн болон соёлын хувьд ч манайхаас түрүүлж явсан орнууд. Энэ хоёр орны хувь заяа манай улсад ирэхэд тун ойрхон байгаа.
-Одоо хэрхэх нь зүйтэй вэ?
-Манайхан тодорхой гарц ярих ёстой. Тодорхой зарчмын зүйл дээр нэгдэн улс төрийн намууд тунхаг гаргаасай гэж хүсч байна. Үндэсний эв нэгдлийг нэгдүгээрт тавьж, бүх шатандаа энэ талаар ярих цаг болсон. Нам дотроо, гэр дотроо гэр бүлийнхэн нь хүртэл учраа олохоо байчихлаа. Улс даяараа намууд нь учраа олохоо байчихсан.
Төрийн институци нь гурван тийшээ хараад суучихсан байна. Ядахдаа төрийн гурван өндөрлөгөөсөө эхлээд айл өрх бүр үндэсний эв нэгдэл, ойлголцлоо нэгдүгээрт тавих ёстой. Хоёрдугаарт, нэлээд олон жил дуншсан тогтолцооны шинэчлэлээ энэ парламент хийх хэрэгтэй. Үүнд Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн хууль гэсэн томоохон хуулиудаа өнгөрөгч хугацааны алдаа онооны дэнсэн дээрээс батлах шаардлагатай. Гуравдугаарт, томоохон төслүүд дээрээ хувийн эрх ашгаа жаахан хойш тавиад, компанийнхаа ашиг сонирхлыг ардаа үлдээж байгаад шийдмээр байна. Хэрэв ингэж чадахгүй бол парламент ээлжит бус сонгууль руугаа явах нь зүйтэй.