Ээлжит бус чуулганыг 9 сард зарлах санал өгчээ
УИХ-ын чуулган
2015.07.17

Ээлжит бус чуулганыг 9 сард зарлах санал өгчээ

Хаврын чуулганыг өндөрлүүлэх үеэрээ УИХ-ын дарга З.Энхболд ирэх наймдугаар сарын 3-нд ээлжит бус чуулган зарлаж, Засгийн газрын танхимын зургаан сайдын асуудал, мөн зарим чухал хуулиудыг батлахаа мэдэгдсэн.

Түүнчлэн ирэх есдүгээр сард дахин чуулганыг хуралдуулж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээ мэдэгдсэн билээ.

Гэхдээ ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах саналыг гишүүдээс авах үед олонхи нь “Есдүгээр сард ээлжит бус зарлах нь тохиромжтой” гэсэн санал хүргүүлсэн мэдээлэл байна. Парламентад олонхийн саналаа хүндэтгэж ирсэн. Тиймээс УИХ-ын дарга олонхийн саналаа хүндэтгэх үү, эсвэл өөрийн тааллыг нэгдүгээрт тавих уу гэдгийн аль нэгийг сонгох болж байгаа юм. Одоогоор УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг зарлах захирамжаа гаргаагүй байгаа.

УИХ-ын гишүүд есдүгээр сард ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргасан нь намрын чуулган эхлэхээс урьтаж 2015 оны нэгдсэн төсөвт тодотгол хийхгүй бол байдал амаргүй болж, хүндэрч буйтай холбоотой байж мэдэх гэнэ.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан энэ оны хоёрдугаар улирлын мэдээгээр төсвийн нийт тэнцэл 534.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, төлөвлөсөн дүнгээс 716.3 тэрбум төгрөгөөр бага гарсан юм.