Хууль зүйн байнгын хороо ажлаа тайлагналаа
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат
2015.07.17

Хууль зүйн байнгын хороо ажлаа тайлагналаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2015 оны хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар тус Байнгын хорооны дарга Д.Ганбат өнөөдөр /2015.07.17/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хаврын чуулганы хугацаанд Байнгын хороо 19 удаа хуралдаж, 85 асуудлыг хэлэлцсэн бөгөөд 64 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 13 тогтоолын төслийг  хэлэлцэн, 37 санал, дүгнэлт, 8 танилцуулга, зарчмын зөрүүтэй 317 саналын томьёоллыг бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлжээ.

 

Байнгын хороо нийт 61 цаг 46 минут хуралджээ. Тухайлбал, Эрүүгийн хуулийн төсөл болон Зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны 3 өдрийн хуралдаанаар дарааллан хэлэлцэж, нэг өдөр хэлэлцэхэд 11 цаг 37 минутыг зарцуулсан хэмээн Байнгын хорооны дарга Д.Ганбат мэдээлэлдээ дурдсан.

Байнгын хорооны тогтоолоор 16 ажлын хэсэг байгуулагдан 53 удаа хуралдаж, хууль, тогтоолын төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд бэлтгэх үүрэгтэйгээр ажилласан байна.

Тайлант хугацаанд иргэдээс ирүүлсэн 38 өргөдөл, гомдол болон байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 190 албан бичиг, санал хүсэлтийг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж, хариуг хугацаанд нь өгчээ.

Байнгын хороо бие даасан 6 хууль, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 19 хууль, хүчингүй болсонд тооцуулах тухай 7 хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг  тус тус хэлэлцэн, нэгдсэн хуралдаанаар батлуулсан байна.

Сэтгүүлчдэд хийсэн мэдээллийн үеэр Байнгын хорооны дарга Д.Ганбат УИХ-аар батлуулсан бие даасан 6 хуулийн талаар танилцуулсан юм.  

 

Захиргааны ерөнхий хууль батлагдсанаар захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуулийн зохицуулалтад орж, нэгдсэн стандарт, жишигтэй болох, захиргааны байгууллагыг нээлттэй, ил тод, хариуцлагатай болгох ач холбогдолтой аж. Энэ хууль батлагдсанаар Монгол Улс Азидаа Захиргааны ерөнхий хуультай хоёр дахь улс болж байна.

Монгол Улсын Их Хурлаас 2012 онд баталсан Шүүх байгуулах тухай хууль Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарч, уг хууль 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болох болсонтой холбогдуулан Шүүх байгуулах тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлэх, шүүх байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс дээрх хуулийг шинэчлэн баталжээ.

Хууль тогтоомжийн тухай хууль батлагдсанаар хууль санаачлагчаас хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хэлэлцэн шийдвэрлэх үйл ажиллагааг илүү боловсронгуй болгох, дээрх ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг хэвлэн нийтлэх, олон нийтэд таниулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах болон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан. Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэн, олон нийтийн оролцоог илүү хангахад чиглэсэн хууль болсон хэмээлээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль батлагдсанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэг олгох сургалтыг сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын үндсэн хөтөлбөрт тусгуулах, хэрэгжилтэд хяналт тавих, эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар болж байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 384 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар хасах, дээрх үйлдлийг давтан үйлдвэл 384-768 мянган төгрөгөөр торгож, 30 хоног баривчилж, жолооны эрхийг 3 жил хүртэл хугацаагаар хасахаар болжээ.

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль батлагдсанаар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон өөрийн гэх үл хөдлөх эд хөрөнгөгүй иргэн, хуулийн этгээд хөдлөх хөрөнгөө барьцаалан зээл, санхүүгийн аливаа үйлчилгээнд хамрагдаж, хэрэгцээтэй санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэр олж авах эрх нээгдэж байгаагаас гадна барьцаалж байгаа хөдлөх хөрөнгийн барьцааны цахим бүртгэлийн эрх зүйн зохицуулалт бий болж, барьцаалагч, барьцаалуулагчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах юм. Хөдлөх эд хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулснаар улс орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, далд эдийн засагт эргэлдэж байгаа хөрөнгийн урсгал ил болох ач холбогдолтой гэж Байнгын хорооны дарга тайлбарласан юм.    

Галын аюулгүй байдлын тухай хууль батлагдсанаар галын аюулгүй байдлыг хангуулахад төрийн байгууллагаас гадна иргэн, олон нийтийн байгууллагын оролцоог нэмэгдүүлж, галын аюулаас урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа, хичээл сургалтыг ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад явуулах ажлыг шилжүүлэх, алслагдсан сум, суурин газарт амьдарч байгаа иргэд, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага нь төрийн үйлчилгээ авч чадахгүй байгаа тул сум бүрд гал түймэр унтраах сайн дурын нэгжтэй байх, гал түймэр унтраах хувийн болон гэрээт ангитай байхаар хуульчилсан ажээ.

Хууль зүйн байнгын хороо хаврын чуулганы хугацаанд Хууль тогтоомжийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн талаар холбогдох байгууллага, эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллагыг оролцуулан хэлэлцүүлэг тус тус зохион байгуулж, ажиллажээ. Түүнчлэн “Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь” хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг зүүн бүсийн аймгуудын төлөөлөлтэйгөөр Баянхонгор аймагт зохион байгуулсан байна.

“Үндсэн хууль тайлбарлах онол, арга зүй” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Хууль зүйн яам, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц болон хуулийн сургуулиудын эрдэмтэн багш нарын төлөөллийн оролцоотойгоор зохион байгуулсан.  

 “Эрх зүйт төр-эрхэм зорилго” олон улсын онол, практикийн бага хурлыг Ханнс-Зайделийн сантай хамтран зохион байгуулж, Хууль зүйн яам, харьяа байгууллагууд, Хууль зүйн үндэсний хүрээлэн, хуулийн сургуулиудын эрдэмтэн багш нарын төлөөллийг оролцуулж санал бодлоо солилцсон байна.

Хүний эрхийн дэд хорооны 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хийсэн Хүний эрхийн Үндэсний Комиссын шалгалтын дүнг сонсч, Хууль зүйн байнгын хороо чуулганы завсарлагааны хугацаанд Хаврын ээлжит чуулганаар батлагдсан хуулиуд болох Хууль тогтоомжийн тухай, Захиргааны ерөнхий хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай зэрэг хуулиудыг хөдөө орон нутаг болон олон нийтэд сурталчлан таниулах ажлыг хийхээр төлөвлөжээ.

Хууль зүйн байнгын хорооноос чуулганы завсарлагааны хугацаанд Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төсөл, Зөрчлийн тухай хуулийн төсөл, Өршөөлийн тухай хуулийн төсөл, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төсөл, Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд, Казиногийн тухай хуулийн төсөл, Галт зэвсгийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл, Өмгөөллийн тухай болон холбогдох бусад хуулийн төсөл, Дотоодын цэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулах бэлтгэл ажлыг хангаж, холбогдох ажлын хэсгийг хуралдуулахаар төлөвлөжээ.

Байнгын хорооны дарга Д.Ганбат мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2015 оны хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлын талаарх хэвлэлийн бага хуралд Хуульзүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд нар байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.