Монгол улс аж үйлдвэржилтийг даллан дуудлаа
Дэлхийн эдийн засгийг бүхэлд нь Нарантуул шиг зах гэж үзвэл бидэнд зөвхөн нэг төрлийн бараа байгаа. Тэр нь уул уурхайн бэлэн бус бүтээгдэхүүн. Тиймээс улсын эдийн засгийн өсөлт хэлбэлзэлтэй, цөөн тулгууртай, экспортын дийлэнх хувийг бүрдүүлж буй уул уурхайн салбарын түүхий эдийн үнэ гадаад хүчин зүйлээс шууд хамааралтай байгаа нь эдийн засгийн бие даасан байдал, тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлдгийг эдийн засгийн мэргэжилгүй захын хүн ойлгохтойгоо болсон.
Харин цаашид эдийн засгийг олон тулгуурт, бие даасан, тогтвортой хөгжлийн хэлбэрт шилжүүлэхийн тулд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлийг төрөөс онцгойлон анхаарч нэгдсэн бодлого зохицуулалт, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, төрөөс санхүүгийн интервенц хийх зэрэг бодит алхмуудыг төлөвлөн цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлага нилээд тулгарч байгаа.
Европын хөгжингүй орнуудын туршлагаас харахад өөрсдийн гэсэн бэлэн бүтээгдэхүүн байхгүй ч аж үйлдвэржилтийн ачаар дэлхийд эдийн засгаараа тэргүүлсэн байх. Гэтэл бидний хувьд бүх бололцоо, түүхий эд нь байхад аж үйлдвэржилтийг дэмжихгүй байсан нь хөгжлөөс хойш татаж байлаа. Үүнийг мэдэрсэн шийдвэр гаргагчид хаврын чуулганы төгсгөлд Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталлаа. Хэдий жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай хууль байдаг ч төдийлөн сайн биш юм. Тиймээс энэ удаагийн батлагдсан хууль агууллагынхаа хувьд нилээд том болохыг хууль санаачлагчид үзэж буй.
Хууль хэрэгжсэнээр Монгол Улсын нутаг дэвсгэрт тарьж ургуулсан, өсгөж үржүүлсэн, олборлосон, эсхүл импортын түүхий эдээр үнэ цэнэ шингээж боловсруулалт хийсэн экспортын чиг баримжаатай, импортыг орлох эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төрөөс дэмжих харилцааг зохицуулах ба ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах үйл ажиллагаа, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хуулийн этгээдийг дэмжих харилцаанд хамаарахгүй.
Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөлд үйлдвэрлэлийн салбарт үзүүлэх төрийн дэмжлэгийн хэлбэрийг дараах байдлаар тусгажээ:
1.Экспортын чиг баримжаатай үндэсний үйлдвэрт технологийн шинэчлэл хийсэн хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх хэмжээний хөнгөлөлттэй зээлийг төрөөс 10 жилийн хугацаатай нэг удаа олгох;
2.Өндөр үр ашиг бүхий дэвшилтэд технологи болон өндөр технологи нэвтрүүлж нутагшуулсан, экспортын үйлдвэрийн эхний бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх хугацаанд судалгаа, хөгжилд зарцуулсан зардлын 75 хувь хүртэлх хэмжээтэй тэнцэх дэмжлэгийг улсын төсвөөс нэг удаа үйлдвэрт буцааж олгох зэргүүд хамаарч байгаа аж.
Харин эдгээр зохицуулалтуудын үр дүнд:
1.Экспортод чиглэсэн худалдаа, үйлдвэрлэлийн сүлжээ бий болсон байна.
2.Судалгаа хөгжилд зарцуулсан нийт зардлын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 2020 онд 2.374 хувьд хүргэнэ.
Одоогийн байдлаар аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2013 онд ДНБ-ний 30.3 хувийг бүрдүүлж, оны үнээр 9.8 их наяд төгрөг болж өссөн. Өсөлтийн ихэнх хувь нь уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд тулгуурласан, технологийн агууламжгүй бүтээгдэхүүний үйлдвэрлэл байна.
Түүнчлэн аж үйлдвэрийн гол салбар болох боловсруулах үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ ДНБ-ний 8.3 хувийг эзэлж байна.
Манай улс 2014 оны урьдчилсан гүйцэтгэлээр дэлхийн нийт 131 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт эргэлт 11.01 тэрбум ам.доллар /20.01 их наяд төгрөг/, үүнээс экспорт 5.8 тэрбум ам.доллар /10.54 их наяд төгрөг/, импорт 5.2 тэрбум ам.доллар /19.45 их наяд төгрөг/ байгаа ба гадаад худалдааны нийт эргэлтэд экспорт 52.44, импорт 47.56 хувь байна.
Экспортын хэмжээ өмнөх онтой харьцуулахад 35.2 хувиар өссөн нь зэсийн баяжмалын экспортын өсөлтөөс шалтгаалсан бөгөөд ЭЗХАБ /OECD/-ын аргачлалын дагуу манай орны экспортын бүтээгдэхүүний бүтцэд хийсэн дүн шинжилгээгээр экспортын 97 хувь нь анхан шатны боловсруулалт хийсэн технологийн агууламж багатай бүтээгдэхүүн байна. Өөрөөр хэлбэл, бид ихэнхдээ нэмүү өртөг шингээлгүйгээр экспортод гаргаж байгаа ба цаашид боловсруулах үйлдвэрийн чадавхийг сайжруулах, нэмүү өртөг шингээх, экспортын бүтээгдэхүүний технологийн агууламжийг нэмэгдүүлэх шаардлагатай.
ЭЗХАБ /OECD/-ын аргачлалаар аж үйлдвэрийн бүтээгдэхүүний технологийн агууламжийг тодорхойлохдоо судалгаа хөгжлийн ажилд зарцуулсан хөрөнгө оруулалтын хэмжээг гол шалгуур үзүүлэлт болгон авч үздэг. Судалгаа хөгжилд оруулсан хөрөнгө оруулалтын үр өгөөж нь дунджаар 30 хувь байдаг тул өндөр технологи бүхий өрсөлдөх чадвартай үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхийн тулд судалгаа хөгжилд хөрөнгө оруулах шаардлагатайг харуулж давхар давхар харуулж байгаа юм.
Иймд хөрөнгө оруулалтын үр өгөөж өндөртэй, үнэ цэнэ шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх хэрэгтэй байна. Тиймээс уг хууль биднийг хөгжлийн томоохон давалгаанд хүргэх эсэхийг цаг хугацаа харуулах л үлдлээ.