Экспортын 81.9 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх тухай байлаа. Хууль санаачлагчийн илтгэлийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат тавьсан юм.
Манай улсын аж үйлдвэрийн салбарын бүтэц нь уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд тулгуурласан, хялбар технологи дээр суурилсан өрөөсгөл бүтэцтэй байгаа бөгөөд экспортод гаргасан бараа бүтээгдэхүүний 81,9 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Түүнчлэн экспортын бүтээгдэхүүний 97 хувийг технологийн багтаамжгүй болон нам технологит бүтээгдэхүүн эзэлж байгаа нь манай улсын аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадвар сул байгааг харуулж байгаа аж.
Аж үйлдвэрийн салбарын талаар бодлого, хөтөлбөрүүд УИХ, Засгийн газрын тогтоолоор удаа дараа батлагдсан боловч хэрэгжилт хангалтгүй, хэрэгжүүлэх механизм тодорхой бус, олон салбарт бодлогын асуудал хуваагдаж нэгдсэн бодлого, удирдлага зохион байгуулалтгүй байсан нь салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа юм байна.
Иймд Аж үйлдвэрийн сайдын тушаалаар “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ыг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан энэхүү баримт бичгийн төслийг боловсруулсан байна.
Бодлогын баримт бичгийн төсөлд мэргэжлийн холбоод, бизнес эрхлэгчид, салбарын эрдэмтэн, судлаачид болон яамдын саналыг тусгажээ.
Бодлогын зорилго нь аж үйлдвэрийн салбарыг дэвшилтэт техник, өндөр технологи, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгож Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд оршиж байгаа хэмээн сайд танилцуулсан юм.
Бодлогыг хэрэгжүүлснээр боловсруулах аж үйлдвэрийн салбарын дотоодыннийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн жин нэмэгдэж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дотоодын хэрэгцээгээ хангаж, дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн экспортлогч орон болно гэж тооцож буй аж. Түүнчлэн судалгаа хөгжлийн боловсруулалтын ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулж, үйлдвэрлэл, технологийн парк, үйлдвэрийн кластер, логистикийн сүлжээг хөгжүүлнэ хэмээн сайд онцолсон.
Эдийн засгийн байнгын хороо тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг уншиж сонсгосон.
Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолын төслийг хэлэлцэхээр болж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.Чуулганы нэгдсэн хуралдаан байнгын хороодын хуралдааны дараа үргэлжилнэ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.