“Үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдэд бэлэг барьж байна”
Монгол Улсын Засгийн газар, Аж үйлдвэрийн яамнаас өргөн барьсан “Үйлдвэрлэлийг дэмжиж тухай хууль”-ийг өргөн барьж өнөөдрийн УИХ-ын чуулганаар баталлаа.
Энэ хууль Монгол Улсад хэрэглээний эдийн засгаас бүтээлч эдийн засаг руу шилжих хамгийн том түлхэц болох хууль болж гарч байгаагаар онцлог аж.
Хуулийн онцлог заалтуудын талаар Аж үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Батхүү нар мэдээлэл хийлээ.
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өглөө. Тэрээр,
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Үйлдвэрлэлжилтийг эрчимжүүлэх талаар засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг”, “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ийн эрх зүйн орчныг сайжруулах зорилтын хүрээнд бодит алхмуудыг хэрэгжүүлэн энэхүү хуулийг батлан гаргалаа.
Хууль хэрэгжсэнээр монголын аж үйлдвэржилтийн салбарт маш их өөрчлөлт ирнэ гэсэн хүлээлт зөвхөн Засгийн газар, УИХ-д бус нийт баялаг бүтээгч нарт байгаа гэдгийг онцоллоо.
“Үйлдвэрлэлийг дэмжих хуулийн гол утга агуулга нь экспортын чиглэлийн баримжаатай үйлдвэрүүдийг дэмжихэд чиглэгдсэн. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 30-аас дээш хувийг экспортолж байгаа үндэсний бүх үйлдвэрт техник технологийн шинэчлэл болон эргэлтийн хөрөнгөд гаргасан хөрөнгийг арилжааны банкнаас олгосон зээлийн хүүгийн зөрүүг улсаас олгох тухай хуулинд тусгаж өгсөн.
Энэ бол маш том хөнгөлөлт. Өөрөөр хэлбэл төрөөс бодлогоор гаргаж байгаа хүү 9-10 хувь, арилжааны банкнаас гаргаж байгаа хүү 18 хувь байна гэвэл зөрүүг нь Үйлдвэрүүдийг хөгжүүлэх сангаас буюу улсаас олгож дэмжинэ.
Хоёрдахь гол заалт бол бид олон жил үйлдвэрлэл, шинжлэх ухаан, технологи инновацийг хөгжүүлье гэж ярьсан боловч ямар ч үр дүн өгөхгүй шинжлэх ухаан үйлдвэрлэл хоёрын холбоос олон жил хангалтгүй явж ирсэн. Үүнийг зохицуулах зорилгоор өндөр үр ашиг бүхий төсөл технологи болон өндөр технологийг бий болгож нэвтрүүлээд экпортын бараа бүтээгдэхүүн болгож чадсан компаниудад оруулсан хөрөнгө оруулалтын 75 хүртэлх хувийг тухайн аж ахуйн нэгжид буцаан олгоё гэсэн заалт оруулсан. Энэ бол онцгой ач холбогдол шүү.
Түүнээс гадна тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан гэж байгуулж буйгаараа онцлог юм. Үйлдвэрлэлийг дэмжих сан бол Монгол Улсад экспортыг нэмэгдүүлж байгаа үйлдвэрүүдэд нэмэлт боломжийг өгөх юм.
Мөн энэ хуультай холбоотой хэд хэдэн хууль гарсан. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт орж байгаа.
Чанар стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг шалгаруулахыг хориглох заалтыг оруулж ирж байгаа.
Дотоодын үйлдвэрээс худалдан авах барааны жагсаалтыг Засгийн газар батлахаар тусгасан. Мөн нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг юугаар онцолж байна гэвэл манайд арьс шир түүхий эдээ хоорондоо борлуулахдаа НӨАТ төлдөг мөртлөө гадагш гаргахдаа НӨАТ төлдөггүй байсан гаж тогтолцоог зохицуулж буй юм.
Мөн НӨАТ-тай холбоотойгоор малчид үйлдвэрлэгчид хоорондоо түүхий эд бараа бүтээгдэхүүн солилцоо хийхдээ НӨАТ төлөхгүй байх юм. Үүнээс гадна Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Импортын татварын зохицуулалтыг Засгийн газар хийснээр оруулж ирснээр дотооддоо үйлдвэрлэж чадаж байгаа барааг гадаадаас оруулж ирвэл импортын татвар төлөх юм.
Энэ нь дотоодын бараагаа зарж чаддаггүй хүндрэлээс гаргана. Энэ хууль батлагдсан нь наадмын өмнө баялаг бүтээгчид, үйлдвэрлэгчиддээ барьж байгаа нилээн том бэлэг гэж хэлж болох юм.
Хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Батхүү:
“Засгийн газар юм уу, аль нэг сангаас бизнес эрхлэгчдэд зээл олгохдоо төсөл нь банкны шалгуур даваад ашигтай, банк зээл өгөх боломжтой гэж үзвэл зээлийн хүүгийн зөрүүг олгодог болж байгаа нь маш зөв харилцааны систем рүү орж байна гэж хэлж болно.
Энэ нь валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломж болж байгаа юм. Учир нь нэг талаасаа экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийг дэмжиж байгаа.
Зарим томоохон үйлдвэр байгуулах гэхээр Монголын дотоодын зах зээл маш жижиг байдаг. Тиймээс зөвхөн Монгол Улсын зах зээлд зориулж биш, хоёр хөрш, цаашилбал гуравдагч хөршид зориулсан сайн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн үйлдвэрийг дэмжих бодлого явуулж байгаа нь маш зүйтэй.
Энэ хууль батлагдасанаар гаалиар орж ирж байгаа бүтээгдэхүүний татварыг Засгийн газар тухайн үед зохицуулж богино хугацаанд шуурхай шийдвэрлэдэг, зах зээлээ хамгаалдаг байх бололцоог олгох эхний алхам тавигдаж байна” гэсэн юм.
Мөн хэвлэлийн хурлдын үеэр сэтгүүлчдийн сонрхсон асуултад ийн хариуллаа.
-Хуульд зээлийн хүүгийн зөрүүг олгоно гэж заажээ. Энэ мөнгийг төсвөөс гаргах уу. Төсөвт хэр хэмжээний ачаалал үүсэх бол?
-Д.Эрдэнэбат: Зээлийн хүүгийн эх үүсвэрийг Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаар дамжуулан улсын төсөвт баталаж байна гэж хуульд заасан. Тиймээс Засгийн газраас энэ тооцооллыг хийгээд ирэх оноос шаардагдах эх үүсвэрийг УИХ-аар батлаж, санхүүжилтийг суулгаж өгнө. Өнөөдөр хууль батлагдсан учраас тэдэн үйлдвэрт хэдий хэмжээний зээл өгнө гэсэн тооцоолол байхгүй байна. 30-аас дээш хувийн бараа, бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байгаа үйлдвэр байхгүй байна. 20-иос дээш хувиар экспортод бараа бүтээгдэхүүнээ гаргадаг компани нэлээд бий.
-Г.Батхүү: Засгийн газар нийт үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ 50-иас доошгүй хувийг экспортолно гэсэн төсөл оруулж ирсэн. УИХ холбогдох тооцоо судалгаан дээр үндэслээд эхний ээлжинд 50 хувь арай өндөр байна. Олон үйлдвэрийг хамруулахын тулд 30 хувь болгон бууруулсан.