Ш.Гунгаадорж: Халх гол 21-р зууны турш ашиглах Монголчуудын үүц
Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд, Хөдөө аж ахуйн ухааны доктор, гавьяат агрономч Шаравын Гунгаадорж
2015.07.04

Ш.Гунгаадорж: Халх гол 21-р зууны турш ашиглах Монголчуудын үүц

Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд, Хөдөө аж ахуйн ухааны доктор, гавьяат агрономч Шаравын Гунгаадоржтой ярилцлаа.

Монгол улсын эдийн засгийг нэг хэсэг нь уул уурхай дээр, нөгөө хэсэг нь хөдөө аж ахуй дээр тогтдог гэдэг. Тэгвэл хөдөө аж ахуйн салбар манай улсын эдийн засагт ямар үүрэг гүйцэтгэдэг юм бол. Сүүлийн үед эдийн засаг уул уурхай дээр тогтоно гэж үзээд бусад салбараа тэр тусмаа хөдөө аж ахуйн салбараа анхаарахгүй байна гэж үзэх хүмүүс бий. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

 - Би өнгөрсөн тавдугаар сард Үнэн сонинд “хөдөөгийн бодлого” нэртэй нэлээд том нийтлэл бичсэн. Түүн дээрээ гол зангилаа асуудлуудыг нэлээд хөндөж тавьсан. Энэ талаар би олон ч удаа ярьж байна. Ер нь Монгол улсын эдийн засгийн үндэс нь мал аж ахуй болоод хөдөө аж ахуй дээр оршин тогтнож ирсэн. Мэдээж уул уурхай, эрчим хүч бол манай улсын тэргүүлэх салбар мөн. Үүнийг үгүйсгэх аргагүй.

Гэхдээ Монгол улс хөдөө аж ахуйгүйгээр хөгжих боломж байхгүй. Түүх уламжлалаа ч бодсон, өнөөгийн эдийн эдийн засгийн нөхцөл байдлаа ч харсан хөдөө аж ахуйгүйгээр хөгжихгүй. 1990 оноос хойш малыг хувьчилсан. Малчид хэдэн мянган жилийн туршид маллаж ирсэн малаа өөртөө авахдаа дуртай байсан.

Энэ үнэн. Гэхдээ төр малыг малчдад нь өгчихөөд энэ салбарыг малчдын бор зүрхээрээ шийдэх суудал болгоод л орхичихсон. Малчин хүн бараа үйлчилгээгээ яаж худалдаж авах, хэрхэн цаашаа борлуулах, сургууль соёл нийгмийн асуудал ямар байх. Малаасаа авсан арьс ширээ хааш нь яаж зарах, хөдөө зах зээлийн орчин ямар байхыг 1990 оноос хойш огт авч хэлэлцээгүй.

Хөдөөгийн хөгжлийн бодлого үндсэндээ орхигдож, уул уурхай гэдэг зүйл рүү чиглэсээр, сүүлдээ энэ “хоёр толгой”-той ноцолдож, “хоёр толгой”-гоо мөлжиж ч чадалгүй тойруулж “мэрсээр” л дуусч байна шүү дээ. Түүний оронд хөдөө аж ахуйдаа анхаарал хандуулж, хөдөөгийн бодлогоо тодорхой болгож, үйлдвэрлэлээ хөгжүүлээд, дээд зэргийн бүтээгдэхүүн хийгээд, махаа экспортлоод, малаа арвижуулах цогц бодлого хэрэжүүлсэн бол өнөөдөр манай оронд эдийн засгийн ийм аргаа барсан нөхцөл байдалд хүрэхгүй байсан. Нэг хэсэг хөдөөнөөс олон хүн хотруу нүүж ирлээ шүү дээ.

Энэ бол мал, газраа хувьчилчихаад бодлогоо төр нь барьж чадаагүйн л алдаа. Тиймээс малчид хот хүрээ бараадаж, хотоо ч хүндрүүлээд, хөдөөгөө ч хоосон орхих нөхцөл болсон гэж би үздэг. Хөдөөгийн цогц бодлогоо тодорхойлж, хөдөө орон нутагт байгаа иргэдийн нийгмийн асуудлыг сайтар шийдэх бодлого гаргахгүй бол монгол орон ганцхан уул уурхай дээр тогтоод хөгжчихнө гэж юу л бол. Хэцүү...

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг шинэчилж байна. Энэ тал дээр та ямар бар суурь баримталж байна вэ?

-Энэ зөв. Яагаад гэвэл өмнөх бодлгоын барим бичгийг 2003 онд баталсан. Тэр үед би УИХ-ын салбарын Байнгын хороон дарга байсан юм. Тэр үедээ л нэлээд асуудал болж, чамгүй ярьж байж баталсан 10 гаруй жилийн бодлого шүү дээ. Нэгдүгээрт бодлогын баримт бичгийн хугацаа дууслаа. Харин хоёрдугаарт улс, эдийн засаг өөрчлөгдөж, манай улс хөгжиж байна, гадаад харилцаа ч мөн шинэ түвшинд гарлаа.

Тиймээс энэ бодлогыг шинэчлэхээс өөр арга байхгүй. Жил гаруйн өмнөөс энэ бодлогын асуудлыг хэлэлцэж, саяхан УИХ-ын Байнгын хороо дэмжлээ шүү дээ. ХХААЯ ч бодлогоо жил шахуу ярилцлаа. Би ч өөрийн санал бодлоо хэлсэн. Яах аргагүй энэ бодлого гарах ёстой. Энэ баримт бичигт хөдөө аж ахуйг хэрхэн хөгжүүлэх, мал аж ахуйн салбарыг хэрхэх вэ гэсэн асуудал тодорхой орж байгаа.

Ялангуяа малаа эрүүлжүүлэх, мал аж ахуйн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах, дэлхийд зартай бүтээгдэхүүн бий болгож, түүнийгээ гадаад зах зээлд нийлүүлэх асуудлыг оруулсан. Тэр дундаа гадагшаа мах гаргах боломж бүрэн бий. Тиймээс эрчимжсэн, бэлчээрийн мал аж ахуйгаа хөгжүүлэх нь энэ бодлогын баримт бичгийн гол асуудал болж байгаа юм.

Харин энэ бодлогоо хэрхэн хэрэгжүүлэхийг бодлого гарсны дараа Засгийн газар шийднэ. Ингэхдээ эдийн засаг, хөдөөгийн хөгжлийн асуудал гээд бүхий л талыг багтаах нь чухал. Баримт бичиг зөв учраас Байнгын хороон дээр айхтар шүүмжлэл дагуулалгүй дэмжсэн. Тун удахгүй энэ бодлогын баримт бичиг батлагдана гэж найдаж байна.

- Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх нь манайд ашигтай, энэ чиглэл рүү мал аж ахуйг хөгжүүлэх нь илүү гэж ярьдаг. Таны хувьд эрчимжсэн мал ахуйг хэрхэн хөгжүүлэх хэрэгтэй бол?

-Манай улсын 90 гаруй хувь нь бэлчээрийн мал аж ахуйтай. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлнэ гээд бэлчээрийн мал аж ахуйг байхгүй болгоно гэсэн үг биш. Бэлчээрийн мал аж ахуйгаа ч эрчимжүүлэн хөгжүүлэх хэрэгтэй. Нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, нэг хониноос 1200 гр ноос авдаг байснаа 1500 болгох, нэг ямаанаас 300 гр ноолуур авдаг байсныг 500 гр болгоё гэдэг нь бэлчээрийн мал аж ахуйг эрчимжүүлнэ гэсэн үг.

Өөрөөр хэлбэл бэлчээрийн малынхаа үүлдэр угсааг сайжруулж, малаа арвижуулах асуудал юм. Харин хашаанд хашиж тэжээх нь биш. Үүнийг ч мөн бодлогодоо тусгасан гэж үзэж байгаа. Нөгөө талаас жинхэнэ эрчимжсэн мал аж ахуй буюу байгаль цаг уурын таатай нөхцөлтэй, бэлчээр ус ихтэй нутагт өндөр ашиг шимтэй, мал үржүүлэх асуудал байна. Үүнийг төвийн бүс нутгуудаар хийх нь зөв. Харин газар тариаланг бэлчээрийн мал аж ахуйтай биш эрчимжсэн мал аж ахуйтай хослуулж хөгжүүлэх хэрэгтэй.

Ингэж хөгжүүлэх суурь нь манайд бий. Нөгөө талаас энэ ажлыг хийх боломжтой газраар Дорнод аймаг, Халх голын бүс нутгийг нэрлэнэ. Халх гол бол 21-р зуунд Монголын задлах үүц гэж би үздэг. Үүнийгээ ч олон газарт, олон удаа хэлсэн. Энэ газар бол тэр чигээрээ Монгол Улсын хөдөө аж ахуйн хөгжлийн ирээдүй юм. Энэ бүс нутгийг хэрхэн ашиглах судалгааг бүр 1980-аад онд хийчихсэн юм шүү дээ. Мах үйлдвэрлэлийг Халх голд хөгжүүлж, боломжтой бол тариаланг бий болгох нь зүйн хэрэг.

Хамгийн гол миний байр суурь бол Халх голыг эрчимсэн хөдөө аж ахуйн бүс болгож, нэн түрүүнд эрчимжсэн мал аж ахуй, мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, экспортын чиглэлийн аж ахуй болгож хөгжүүлэх хэрэгтэй гэдэг асуудал. Халх голын улаан үхэр, Эрдэнэцагааны илүү нугаламтай хонь, барга хонь гээд бааз суурь нь ч тэнд бий. Нэг үгээр хэлбэл мах экспортлодог, мал аж ахуйн бүтээгдэхүүн гадагшаа гаргадаг бүс нутаг л болгох хэрэгтэй гэж би боддог. Харин газар тариалангийн хувьд зөвхөн усалгаатай тариалан эрхлэхгүй бол хөрс нь их эмзэг.

Улаан буудай, үр тариа тарина гэвэл усаа хаанаас хэрхэн татах асуудлыг сайтар судлах хэрэгтэй. Тэгэхгүй бол тэр хавийн хөрс эргээд ашиглах боломжгүй болох магадлалтай. Харин эрчимжсэн мал ахуйдаа зориулж тэжээлийн ургамал тарьж болох юм.

-Та халх голд чөлөөт бүс байгуулах асуудлыг 80-аад оноос ярьж судалгаа хийсэн гэлээ. Энэ судалгааны түүхээс хуваалцаач.

-1980-аад онд манай улсын эрдэмтэн судлаачид хэд хэдэн улсын газарзүйн судалгааны багтай хамтраад халх голын бүс нүтгийг бүхлээр нь ашиглах судалгааг хийсэн юм. Тус судалгаа нь 273 мянган га газрыг эзэмших, ялангуяа эрчимжсэн мал аж ахуйг түлхүү хөгжүүлэх гэсэн чиглэлтэй байсан юм. Ингээд 40 мянган га газарт сангийн аж ахуй байгуулаад 30 гаруй жил ажилласан. Ямар малыг хэрхэн үржүүлэх, тариа ногоог хэрхэн тарих тухай 10 гаруй жилийн судалгаа ч бий.

Тэнд одоо судалгаа шинжилгээний ажил хийх хэрэггүй, бүгд байгаа. Харин чөлөөт бүсээ хэрхэн зохион байгуулах вэ гэдэг асуудалд л анхаарлаа хандуулах хэрэгтэй. Чөлөөт бусийн тухай хуулинд яг Халх гол гэж нэр заагаагүй ч зарим газруудыг тусгай бүс болгоё гэдэг асуудал бий. Энэ үндсэн дээр л Дорнодын энэ хэсгийг хөгжүүлье. Мал нь эрүүл, гадагшаа бүтээгдэхүүн экспортлох нөхцөл нь хангалттай бүрдсэн, чөлөөт бүс байдлаар ашиглах боломж бий гэдгийг л би хэлээд байгаа юм.

Тэрнээс биш чөлөөт бүс гэхээрээ гаднаас баахан хүмүүс орж ирээд газар эзэмшээд, мал маллаад байх асуудал биш. Бид өөрсдөө л тэр бүсдээ дүрэм журмаа тогтоогоод, үйл ажиллагаа явуулна. Харин гадаад орнуудад бүтээгдэхүүнээ гаргахдаа чөлөөтэй байна л гэсэн санаа. Ёстой л нөгөө эзэн нь юмаа мэддэг, эрэг усаа хашдаг гэдэг зарчмаар үйл ажиллагаагаа явуулна гэсэн үг. Ингэсэн нь бүр илүү ашигтай ч байж болох юм.

-Чөлөөт бүс байгуулснаар мал эрүүл байна, олон улсын стандарт шаардлагад нийцнэ, гадаад худалдаа ч өснө гэх мэт давуу талыг тоочдог...

- Чи хэллээ. Манай орны мал аж ахуйн зарим нэг бүс нутагт мал нь өвчинд өртөмтгий гэх зэрэг эрсдэлтэй тал бий. Хэрэв бид чөлөөт бүсээ байгуулчихвал тэр бүсэд байгаа мал нь өндөр хяналтанд дор, эрүүл, өвчингүй байх боломж 100 хувь бүрдэх болно. Хоёрдугаарт тэнд үйл ажиллагаа явуулах хууль журам, дүрмийн асуудлыг бүрэн шийдэх юм. Хариуцлагагүй явдал гаргахгүй гэсэн үг.

Чөлөөт бүсэд өөрийн гэсэн дүрэм үйлчлэх учраас дээд зэргийн журамтай байна гэж хэлж болох юм. Дэлхийн улс оронд үнэлэгдэж, итгэмжлэгдэх талаасаа давуу юм. Сөрөг тал гэхээсээ давуу тал нь олон. Энэ нь эргээд эдийн засагт чухал нөлөөтэй. Нэг үгээр хэлбэл чөлөөт бүсийн давуу талуудыг харж байгаа болохоос муу тал байхгүй гэж болно.

-Гадаад зах зээлийн хувьд яривал...

-Гадаад зах зээлийн хамгийн боломжтой бүс нутаг. Хойд Солонгосын нэр бүхий далайн боомт байна. Хамгийн хямд тээврийн зардалтайгаар махаа гаргах боломж тэнд байна. Цаашлаад европын орнууд, урд хөрш гээд гадаад зах зээлийн хамгийн боломжтой цэг гэж хэлээд байгаа юм. Халх голын бүс нутаг бол бидний 21-р зууны туршид ашиглах үүц юм аа гэж би хэлээд байгаа шүү дээ.

Чөлөөт бүс байгуулах үйл ажиллагаагаа их л нарийн зохион байгуулалт, судалгаатай эхэлж, хөдөө аж ахуйн эрчимжсэн бүс гэдгээ л анхнаас нь хамгаалж, төлөвлөгөө болон төсвөө сайтар гаргах учиртай юм. Хэдхэн жилийн дотор ашиглах биш түрүүн хэлсэн 21-р зууны туршид эзэмших явдал чухал байгаа юм. Гэтэл энэ үүцийг маань өөр шугамаар буюу уул уурхайн чиглэлээр ашиглах вий гэхээс эмээж байна.

Английн нэг компани ашиглалтын лиценз авахаар яваад байгаа сураг сонссон. Мал, аж ахуй газар тариалангийн том бүсэд геологи уул уурхайн асуудал дагаад байвал юун 21- зууны турш ашиглах. Хэдэн жил ч ашиглаж чадахгүй болно. Чөлөөт бүс болгож зарласнаараа бусад салбарынхан орж ирэхгүй байх нөхцөл бүрдэх юм.