Монгол Японы хамтарсан ХАА-н анхдугаар форум боллоо
Хөдөө Аж Ахуйн анхдугаар форум
2015.06.26

Монгол Японы хамтарсан ХАА-н анхдугаар форум боллоо

Монгол Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дагуу өнөөдөр Монгол Японы хөдөө аж ахуйн салбарын анхдугаар форум боллоо.

Форумыг нээж ХХАА-н сайд Р.Бурмаа, Япон улсаас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Такенори Шимизү нар үг хэлэв. Мөн хоёр орны төр болон хувийн хэвшлийн 200 гаруй аж ахуй нэгжийн төлөөлөл оролцлоо.

Энэ форумын зорилго нь хоёр орны найрсаг хамтын ажиллагаанд чухал нөлөө үзүүлэхээс гадна Монгол-Японы Хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчдийн түншлэлийг сайжруулах юм. Тэр ч утгаараа Монгол, Японы аж ахуйн нэгжүүд ямар нэг зуучлагчгүйгээр шууд хоорондоо уулзаж, санал бодлоо солилцож байгаа нь давуу талтай юм гэж ХХАА-н сайд өөрийн хэлсэн үгэндээ дурдсан юм.

Харин Монгол Японы хөдөө аж ахуйн хамтын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Кога Иссэй “Монгол улсын асар өргөн уудам нутаг, хөдөө аж ахуйн салбарыг Японы өндөр хөгжсөн техник, технологитой хослуулбал гайхалтай үр дүнд хүрнэ. Хэдхэн сарын өмнө хэлэлцээрт гарын үсэг зурсан. Богино хугацаанд бид ажил хэрэг болгож байгаа нь сайшаалтай” гэсэн юм.
Хөдөө аж ахуйн анхдугаар форумд Япон улсын Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын яам болон Хоккайда мужийн хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож өөрсдийн санал бодлоо илэрхийлэн, илтгэл тавьсан юм. Харин Монгол улсын талаас ХХААЯ-ны Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа япон улсруу ямар бараа бүтээгдэхүүн экспортлож болох тухай, ХААИС-ийн багш нар өнөөгийн хөдөө аж ахуйн салбарын техникийн нөхцөл байдлын тухай, харин бизнес эрхлэгчид цагаан будааг хэрхэн тариалж байгаа болон цагаан будааны монголын зах зээлийн тухай илтгэл тавьсан юм.

Форумыг дэмжигч байгуулгаар УИХ-ын байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, Японы Элчин сайдын яам, ЖАЙКА, Монгол-Япон төв оролцлоо.
Тодруулахад Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн урилгаар тус улсад айлчлах үеэрээ Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан.