Хүнсний зориулалтын бус савнаас татгалзъя
ХХАА-н дэд сайд Б.Батзориг
2015.06.23

Хүнсний зориулалтын бус савнаас татгалзъя

Төрөөс Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулан, хэрэгжүүлэхээр бэлтгэж буй энэ цаг үед ХХААЯ-наас “Хүнсний сав, баглаа боодлын аюулгүй байдлыг хангах” дэд хөтөлбөрийг боловсруулан, 2015-2018 онд хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

     Энэхүү дэд хөтөлбөрийн зорилго, ач холбогдол болон хүнсний зориулалтын бус савны хор уршгийн талаар ХХАА-н дэд сайд Б.Батзориг мэдээллээ.

Тэрбээр “Хүнсний сав, баглаа боодол нь хүнсний бүтээгдэхүүний шим тэжээл, амт, чанарыг алдагдуулахгүйгээр хэрэглэгчид хүргэх, гадны нөлөөлөл, хими, физик, биологийн гэмтэл бохирдлоос хамгаалах, тээвэрлэх, хадгалах хуваарилах, хэрэглэхэд тохиромжтой нөхцлийг бүрдүүлэх, хорогдол, жин, эзлэхүүний алдагдал гарахаас сэргийлэх үүрэгтэй.

Тэгвэл 2014 оны байдлаар 149,7 мянган малчин өрхийн 52 сая малаас 450 сая орчим литр сүү, сүүн бүтээгдэхүүний ихэнх хувийг зориулалтын бус химийн саванд авч хадгалж, боловсруулж, худалдаж байна. Дээрх 149,7 мянган малчин өрх болон Улаанбаатар хотын гэр хорооллын 197,4 мянган өрх ундны усаа “хөх сав ба канистр”-т зөөвөрлөж, хадгалж байгаа нь Монгол Улсын нийт өрхийн 42,1 хувь нь химийн бодист нэрвэгдэх эрсдлийг дагуулж байна.

Мөн түүнчлэн малчдаас түүхий сүү, айраг зэрэг цагаан идээ худалдан авч хэрэглэдэг суурин газрын иргэд ч химийн хуванцар савнаас шилжсэн хорт бодисын агууламж бүхий хүнс хэрэглэж байгааг манай мэргэжлийн байгууллагаас тодорхойлсон байгаа. Тэгэхээр иргэд бид өөрсдөө санаачлагатай байж эрүүл мэндэд хортой нь тогтоогдсон хүнсний зориулалтын бус хуванцар савыг өрхийн ахуйн хэрэглээнд хэрэглэхгүй байж энэ савнаас татгалзья” хэмээн уриаллаа.
2014 онд Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн Нарантуул худалдааны төвд худалдаж буй хүнсний зориулалтын бус хуванцар саванд хийсэн шинжилгээгээр эдгээр савнаас ундны ус, сүү, айраг, даршилсан ногоо зэрэгт химийн хорт бодисууд шилжиж, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх өндөр эрсдэлтэй, хүнсний зориулалтаар хэрэглэх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Тухайлбал, хуванцар саванд хонуулсан усанд хийсэн шинжилгээний дүнг төвлөрсөн сүлжээний устай харьцуулахад төмөр 2 дахин, нитрит 11 дахин, аммиак 48 дахин их, сүүнд хүнд металл болох кадьми стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-4 дахин, айрганд 4,4 дахин их гарсан.
Хүнсний зориулалтын металл болон хуванцар савны дотоодын үйлдвэр хөгжөөгүй, хангамж бага, үнэ өндөр байх тул иргэд, аж ахуйн нэгж олдоц сайтай бөгөөд хямд төсрийг бодож химийн бодисын сав сонгож хэрэглэсээр байгаа нь нийгмийн эрүүл мэндэд уршиг учруулахуйц ноцтой асуудал болоод байгаа юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хүнсний зориулалтын савны дотоодын үйлдвэр байгуулахад хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх, хуванцарын үйлдвэрийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл болон ахуйн хэрэглээний аюулгүй сав суулга, бидон, гал тогооны хэрэгсэл, усны ёмкостийн хангамжийг нэмэгдүүлэх зэрэг өргөн хүрээтэй ажлуудыг хийнэ.