Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг дэмжлээ
Өнөөдрийн Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай болон “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа танилцуулсан юм.
Уг тогтоолын төсөл нь хоёр хэсэгтэй бөгөөд нэг дэх хэсэг нь Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хавсралтаар батлах, хоёр дахь хэсэг нь Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого баталсантай холбогдуулан тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан агуулгатай юм.
Хөдөө аж ахуйн салбар нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 12.2 хувийг бүрдүүлж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 28.6 хувийг ажлын байраар хангадаг. Улсын хэмжээнд 2003 оны байдлаар 25.3 сая толгой малтай, эрчимжсэн мал аж ахуй уналтад орсон, жилд 165 мянган тн үр тариа хураан авдаг, махны дотоодын хэрэгцээг хангадаг боловч сүү, гурил, төмс, хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж чаддаггүй байв.
Харин 2014 оны байдлаар салбарын эдийн засгийн өсөлт 14.4 хувь, нийт ДНБ-д эзлэх хувь 12.2 хувьд хүрч, 51.9 сая толгой малтай, эрчимжсэн мал аж ахуй сэргэн хөгжих эхлэл тавигдаж, жилд 518 мянган тн үр тариа, 270 гаруй мянган тн төмс, хүнсний ногоо хураан авч, 7000 тн ноолуур, 23000 мянган тн ноос, 11 сая ширхэг арьс, шир бэлтгэж, хүн амын мах, гурил, төмсний хэрэгцээг бүрэн хангадаг болсон.
2003 онд батлагдсан “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого” нь 2003-2008, 2009-2015 гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжин дуусч байгаатай холбогдуулан хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дараагийн түвшинд хүргэх энэхүү бодлогыг боловсруулсныг сайд Р.Бурмаа танилцуулгадаа онцоллоо. Түүнчлэн хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын үзэл баримтлалд дурдсаны дагуу чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна.
ХХААЯ-ны зүгээс Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг Монгол Улсын газар зүйн байршил, эко систем, дотоодын болон олон улсын зах зээл, дэд бүтэц, техник, технологийн хөгжлийн чиг хандлага, салбар хоорондын уялдаа холбоо зэрэг олон талт хүчин зүйлд тулгуурлаж, салбарын тогтвортой хөгжлийг хадгалан 2016-2025 оны хооронд хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм.
Ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Төрөөс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай болон Халх гол чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.
Энэхүү бодлогыг хэрэгжүүлснээр хөдөө аж ахуйн гол нэрийн бүтээгдэхүүнүүдээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, чөлөөт бүсээр дамжуулан экспортлогч орон болох, тухайн салбарын ДНБ-д эзлэх хувийг нэмэгдүүлэх зэрэг эерэг дүн гарна хэмээн Засгийн газар үзэж байгаа юм.