Эдийн засаг хүндрэлтэй байгаа болохоос хямарчихсан зүйл байхгүй
УИХ-ын Төсвийн байнгын хороон дарга Б.Болор
2015.06.25

Эдийн засаг хүндрэлтэй байгаа болохоос хямарчихсан зүйл байхгүй

УИХ-ын Төсвийн байнгын хороон дарга Б.Болортой УИХ-ын чуулганы дундуур уулзаж дараах тодруулга ярилцлагыг авлаа. Сүүлийн үед улсын төсөвт зайлшгүй тодотгол хийх шаардлагатай болсон талаар УИХ дахь нам, эвслийн бүлгүүд үндсэндээ санал нэгдээд байгаа.

Нөгөөтэйгүүр хамтарч Засгийн газраа байгуулсан АН, МАН-ын түнжин хагарч, МАН Засгийн газраас гарч ч болзошгүй байдал үүсээд байгаа нь тэртэй тэргүй догонцож байгаа Монгол Улсын эдийн засагт бас л нэгэн гэнэтийн цохилт болно уу гэхээс нааштай үр дүн авч ирэхгүй нь ойлгомжтой. Ялангуяа УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газраас МАН-ыг шахан гаргах талаар олонх нь санал нэгдээд байгаа нь сонгуулийн өмнөх жил Засгийн газар дахин хөрвөөх хамгийн бодит шалтгаан болоод байна. Энэ бүхэн хууль тогтоох дээд байгууллагын хамгийн чухал ажил төвлөрдөг Төсвийн байнгын хороон дарга Б.Болорын чихнээс гадуур өнгөрдөггүй нь тодорхой. Сүүлийн үед үүсээд байгаа эдгээр асуудлуудад хариулт авахаар Төсвийн байнгын хороон дарга Б.Болорт хандсан юм. 

2015 оны эхний хагас жилийн байдлаар төсвийн орлого аль хэр тасарч яваа бол. Сүүлийн үед УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн зүгээс улсын төсвийн орлого бүрдүүлэлт ноцтой хэмжээнд тасарч яваа гээд байгаа л даа? 

-Аливаа улс төсвөө төлөвлөхдөө ер нь л өөдрөгөөр тооцоолж, төсөөлөн хийдэг л дээ. Монгол Улс ч сүүлийн 20 гаруй жил тиймэрхүү л төсөв төлөвлөсөөр ирсэн. Өнгөрсөн хоёр жилтэй харьцуулбал төсвийн орлогын бууралт арай бага буюу боломжийн хэмжээнд байгаа.

Гэхдээ төсвийн орлого тасалдаж л яваа. Одоогоор эхний хагас жилийн гүйцэтгэл хараахан гараагүй байна. Тодорхой тоо хэлбэл 2015 оны эхний таван сарын гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 82.6 хувь, нийт зарлага 68.7 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 347.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан.

Энэ нь нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого өмнөх оны мөн үеэс 79,6 тэрбум төгрөгөөр буурч, нийт зарлага өмнөх оны мөн үеэс 161,1 тэрбум төгрөгөөр өссөн, үүнтэй холбоотойгоор төсвийн нийт тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 240,8 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. 

Нөгөөтэйгүүр Монгол Улс үйлдвэрлэгч орон биш, цэвэр түүхий эдийнхээ экспортод суурилсан эдийн засагтай. Дэлхийн зах зээлд зэс, нүүрсний үнэ буурахаар манай эдийн засаг дагаад буучихдаг. Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногийн эцсээр Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 5772 ам.доллар болж буурсан байна лээ.

Товчхондоо олборлолт нэмэгдээд ч нэмэр алга, үр дүн гарахгүй байна. Монгол Улсад валют оруулж ирдэг уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн үнэ нь буурчихаар валютын хомсдол нүүрлэж, түүнийг дагаад бүх асуудал хүндэрч байгаа нь ойлгомжтой юм. Уг нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдлээ гэсэн мэдээлэл түгэхэд л ам.долларын ханш буурч эхэлснийг бид бүгдээрээ харсан. Товчхондоо үнэ ханш, валютын урсгалаас шалтгаалан манай эдийн засаг савлаад байдаг болохоор бид төсвөө аль болох өөдрөгөөр л харж төлөвлөхөөс өөр аргагүй.

Ирэх намраас цалингаа тавьж чадахгүй, түүгээр ч зогсохгүй оны төгсгөлөөр Монгол Улс дампуурлаа зарлахаас өөр аргагүй гэж МАН-ын гишүүд мэдэгдсээр байгаа. Энэ талаар Төсвийн байнгын хорооны даргын хувьд ямар тайлбар хийх вэ?

-Өөрсдийгөө дөвийлгөх гэж, бүхнийг мэддэг царайлж олон нийтийн санаа бодлыг үймүүлээд байгаа этгээдүүдээс энэ талаар сайн асуух хэрэгтэй. УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргын хувьд хэлэхэд Монгол Улс цалингаа тавьж чадахгүй байдалд орчих гээд, төсөв нь бүр яадгаа алдчихаад байгаа юм огтхон ч байхгүй.
Өнөөдрийн байдлаар Сангийн яам хийх ёстой төлбөр тооцоогоо цаг хугацаанд нь, зохих ёсоор хийгээд л явж байгаа. Ямар нэгэн тасалдсан, хойшлуулсан санхүүжилт өнөөдрийн хувьд байхгүй. 

Төсвийн тодотголыг зайлшгүй хийх шаардлага үүсчихээд байгаа юм биш үү. Ер нь төсвийн тодотголыг хэзээ хийх гэж байна? 

-Зайлшгүй төсвийн тодотгол хийх шаардлагатай болоод байгаа нь үнэн. Мэдээж төсвийн орлого бүрдүүлэлт ийм хэмжээгээр тасарчихаад явж байгаа болохоор зайлшгүй төсвийн тодотгол хийх ёстой. Үүнийг дагаад ард түмэн бүсээ чангалахаас илүүтэй Засгийн газар бүсээ чангалах шаардлагатай болж байна.

Үүнийг л бид байн байн давтаж хэлээд байгаа шүү дээ. Энэ оны эхэнд оруулж ирсэн төсвийн тодотгол дээр иргэдийн нуруун дээр очих байсан таналт, хасалтуудыг бүгдийг эргүүлэн тавьж өгөөд, Засгийн газрын үйл ажиллагааны зардлыг нэлээн их хэмжээгээр хассан л даа. Одоо үүнээс ч илүү танах боломжтой гэдэг нь харагдаж байгаа.

Тодруулбал хамтарсан Засгийн газар байгуулагдснаас хойш байнга орон тоогоо нэмэгдүүлсээр өнөөдрийг хүрсэн. Энэ нь Засгийн газрын зардлаас илүү их танах, хасах боломж байгааг л харуулаад байгаа юм. Жишээлбэл дэд сайд нарын орон тоог цомхотхож болох л байсан. Гэтэл зардлаа хасъя, таная гэж хамгийн их шүүмжилж байсан МАН-ынхан юу болголоо. Маргааш нь л чуулганы дэг зөрчөөд асуудал оруулан ирж дэд сайд нарыг аваад үлдэж байсан. 

Монгол Улсын эдийн засаг өнөөдөр хямралд автсан уу, аль эсвэл түр зуурын хүндрэлийг туулж явна уу? 

-Эдийн засгийн хямрал гэдэг бол их өөр асуудал л даа. Өнөөдөр Монголын эдийн засаг хямралд автаагүй, хүндрэлтэй л байна. Үүний гол шалтгаан бол түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд огцом унасантай л холбоотой. Жишээлбэл өнөөдөр манай экспортын 60-70 хувийг бүрдүүлдэг нүүрсний үнэ доод цэгтээ хүртэл уначихсан.

Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” компани нэг тонн нүүрсээ 32.4 ам. доллараар борлуулж байгаа юм билээ. Энэ нь үндсэндээ үнэ нь хоёр дахин уначихаад байгаа үзүүлэлт шүү дээ. Эдийн засгийн хүндрэлтэй үед цалин хөлсөө тавьж чадахгүй, дампуурлаа зарлана гэдэг зүйл байхгүй.

Төсвийн байнгын хороо Сангийн яам болон бусад холбогдох байгууллагаас долоо хоног тутам мэдээлэл авдаг. Үүгээр төсөв батлагдсан хэмжээндээ, төсвийн хөрөнгө оруулалт болон урсах зардлууд тавигдаад явж байгаа. Харин төсвийн тодотгол хийх шаардлагатай л байгаа.

Гол нь ямар асуудлыг тойрч төсвийн тодотгол хийх вэ? 

-Орлого буурсантай холбогдуулан л тодотгол хийнэ л дээ. 2015 оны төсөв батлахдаа цахилгааны зардлыг багасгах асуудал хөндсөн юм. Тодотгол орж ирэхэд их хэмжээгээр багасгая гэсэн боловч дэмжлэг аваагүй. Үүнийг дахин ярилцаж хасалт хийх ёстой. Түүнээс гадна Засгийн газрын зардлыг бууруулах гээд асуудал бий. 

“Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль” яагаад хэлэлцэгдэхгүй хойшлоод байгаа юм бол. Аль эсвэл УИХ дахь нам, эвслийн бүлгүүд энэ хуулийг хэлэлцэхийн эсрэг лоббидоод байгаа юмуу?

-Төсвийн байнгын хороон даргын хувьд энэ хуулийг зайлшгүй батлах нь л зөв гэсэн байр суурьтай байгаа. Харамсалтай нь өргөн баригдаад нилээн удсан ч хэлэлцэгдэхгүй хугацаа их алдаж байна. Хойшлогдоод байгаа шалтгаан нь намын бүлгүүд дээр гишүүд саналаа нэгтгэж чадахгүй байгаатай л холбоотой.

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед гишүүд горимын санал гаргаж хойшлуулаад байдаг. Гэхдээ ямартай ч хэлэлцэх эсэх асуудал нь шийдэгдсэн учраас хууль хөдөлчихсөн л дөө. Нөгөө талаар “Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль” Монголын нийгэмд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа.

Мэдээж Монголын төр нэг удаа бизнес эрхлэгчдэдээ өршөөл үзүүлэхэд болохгүй зүйл байхгүй.
Гэхдээ хуулийн төсөлд дан ганц өршөөлийн хэлбэр агуулагдаагүй. Гишүүдийн байр суурь янз бүр байгаа, нэг хэсэг нь дэмжиж, зарим нь дэмжихгүй байна, шалтгаан нь энгийн шударга ёсны зарчимтай холбож тайлбарлаж байна. Тиймээс олон талаас нь ярилцаж, аль аль талдаа өгөөжтэй хуулийг яаралтай батлан хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. 

-“Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль” батлагдснаар Монголын эдийн засагт ямар бодитой нөлөө үзүүлэх бол?

-Ер нь ийм төрлийн хууль дэлхийн улс орнуудад маш олон удаа гарсан байдаг. Дандаа тухайн улсынхаа эдийн засаг хүндэрсэн үед гаргаж байсан байдаг. Манай улс ч гэсэн өмнө нь гаргаж байсан туршлагатай, эдийн засагт бодит үр дүнгээ үзүүлж байсан тоо баримт бий.

Товчхондоо далд эдийн засгийг ил болгож эдийн засгийг идэвхжүүлэн хувь хүн, хуулийн этгээдүүд нуусан хөрөнгөө ил болгон бүртгүүлэх, албан татвар, хүлээх хариуцлагаас чөлөөлөх нөхцөл хангагдах юм. Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлсэн Шилэн дансны хуультай адилхан иргэдийн талархлын хүлээсэн хууль болох нь дамжиггүй гэж харж байгаа. 

Сангийн яамны данс улайчихсан зүйл байхгүй гэж та батлаад байна аа даа? 

-Сангийн яамны үйл ажиллагаа хэвийн явж байгаа гэж би түрүүн хэлсэн. Миний хувьд төсвийн талаарх мэдээллийг албаны шугамаар байнга авч байдаг. УИХ дахь МАН-ын тодорхой улстөрчид “Эдийн засгийн хямрал” гэж яриад байх юм. 
Уг нь хямрал гэдгээ манай мундаг улстөрч хүмүүс мэдчихмээр юм. Хямрал болоход ажилгүйдэл, инфляцийн төвшинд өөрчлөлт орох, хүн ам зүйтэй холбоотой үзүүлэлтүүд буурах зэрэг маш олон зүйлд нөлөөлдөг юм. Гэтэл одоо бидэнд тулгараад байгаа зүйл нь ердөө эдийн засгийн хүндрэл.

Үүний буруу, эх үндэс нь тэгж яривал олон жилийн өмнөх бодлогын алдаанаас үүдэлтэй.Зарим хүмүүс гадаадын хөрөнгө оруулалт буурлаа гээд хэлээд байгаа нь өнгөрсөн парламентын үед баталж гаргасан хуулиас болсон. Гэтэл үүгээр улстөр хийгээд, өнөөдөр л саран дээрээс буугаад ирчихсэн мэт л зүйл яриад байгаа нь утгагүй. Надад лав хямрал гэж ярих нь арай эртэдсэн асуудал гэж харагдаж байгаа. 

-Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг эсэргүүсэн таны байр суурь хэвээрээ байгаа юу? 

-Хэвээрээ. Засгийн газар, Уул уурхайн яамнаас өргөн барьсан Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол анхнаасаа Монгол Улсын эрхийг ноцтойгоор зөрчсөн луйврын гэрээ байсныг эсэргүүцэж, сайжруулах шаардлагатай гэсэн хатуу байр суурьтай байсан нь хэвээрээ. Ер нь бол хамтарсан Засгийн газраас оруулж ирсэн Тавантолгой, Гацууртын ордын эзэмшлийн хувь тогтоох тухай, Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон уул уурхайтай холбоотой гэрээнүүд илт нэг талыг баримталсан, Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй байгаа тул хувь гишүүнийхээ хувьд дахин нарийвчлан авч үзэх, сайжруулах шаардлагатай гэдэг байр суурин дээрээ зогсоно. 

Сонгууль болоход жил үлдлээ. Таны хувьд Сонгуулийн тухай хуульд ямар байр суурьтай байгаа вэ ?

-Мэдээж өөрчлөх нь зөв. Пропорциональ элемент хуулинд зайлшгүй орох шаардлагатай. Жишээлбэл 2000 оны сонгуулиар МАН буюу тухайн үеийн МАХН нийт сонгогчдын 50 орчим хувийг авсан. Гэтэл үлдсэн 50 орчим хувь нь тэр хүмүүсийг сонгохгүй гэж байхад 76 гишүүний 72 нь нэг намаас бүрдсэн нь маш том гажиг. Түүнчлэн бид тойргийн хамааралтай зүйл ярихаас илүүтэйгээр одоо байгаа тойргийг жижигсэж болохгүй.

Ингэвэл дахиад л мөнгөтэй хүмүүс нь гараад ирнэ. Хэрвээ тойргоо багасгаад нэг тойрог нь найман сум гэвэл мөнгөтэй хүн яахав дээ л болгоно. Байдал ингэж эргэвэл миний мэтийн хүмүүс өрсөлдөөд нэмэргүй. Яагаад гэвэл мөнгөний сонгууль болно. Харин тойрог нь томсговол илүү том зүйлүүдийг ярьж, улс орны хэмжээний ажлууд яригдана.
Тийм учраас би жижиг мажоритарыг дэмжихгүй. Уг нь болж өгвөл тойрог нь томорвол зүгээр. Гэхдээ энэ хувилбар дэмжигдэхгүй л дээ. Уг нь энгийн иргэдийн хувьд сонгууль нь ямар системээр яваад байгаа нь огтхон ч сонин биш л дээ. Ирэх намар, дараа оны төсөв батлах үеэр жинхэнэ популизмыг сонгогчид харах болно. Бүгд л тойрог яриад. 
Ингээд л бид 2016 оноо баллаж хаяна. Хэрэв санаж байгаа бол өнгөрсөн сонгуулиар яг ингэсэн л дээ. 2012 оны төсөв 2011 оныхоос хамаагүй их гарсан. Гишүүн бүрт нэг тэрбум өгөнгүүт тэр мөнгөөр нь сонгуулийнхаа бэлтгэл ажлыг хийгээд олон суманд барилгын ажлууд эхлүүлээд орхичихсон. Олонх нь дараа жил нь байтугай одоо ч дуусаагүй л байгаа. Бид ингээд л эдийн засгаа өөрсдийнхөө гараар сүйтгээд байгаа улс. 

Монгол Улсын өрийн тааз нэмэгдсээр л байгаа юу?

-Нэгэнт улсын өрийн таазыг хуульчилчихсан болохоор нэмэгдээгүй. Төсвийн тодотголоор хуульчлаад гаргачихсан болохоор өрийн тааз огтхон ч нэмэгдэхгүй. Одоо яригдаж байгаа хөнгөлөлттэй томоохон зээлүүд, Засгийн газрын нэг тэрбум ам. долларын үнэт цаасны хувьд энэ жилийн төсвийг батлахдаа тооцоод оруулчихсан учир өрийн таазад нөлөөлөхгүй.