Гацуурт чинь Оюунтолгойн шавхруу шиг л зүйл
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Засгийн газраас оруулж ирсэн төслөөр гацууртын ордод төр 34 хувийг эзэмшинэ. Ингэхдээ ямар нэгэн хөрөнгө оруулалтын үүрэг хүлээхгүй. Зөвхөн тусгай рояалти хэлбэрээр 34 хувьдаа тохирсон төлбөр авахаар тусгаад байгаа. УИХ-ын гишүүд гацууртын ордод төр ийм байдлаар хувь эзэмшихийг дэмжиж байлаа.
Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Валютийн нөөц бага байж ийм зүйл зүтгүүлээд байх юм. Сая Д.Ганхуяг гишүүн надаа сайт дээр гарсан мэдээллийг харууллаа. Дубайн гэрээнээс болоод валютын ханш буураад байна гэсэн чинь өсөөд эхэлж байна. Гэтэл өссөнд нь бид буруутай гэнэ.
Үнэхээр гаднынхны тоглоом болж дуусч дуусах. Угаасаа нөөцгүй юм чинь чадахгүй. Гэтэл одоо гацуурт дээр ч гэсэн гаднынхны тоглоом болоод л. Гацууртын орд чинь Оюутолгойн шавхруу шиг л нөөцтэй гэдгийг та бүхэн мэдэж байгаа.
Өнгөрсөн жил Оюутолгой бараг 20 тонн алт гаргалаа. Гуравхан жилд л гаргах алтны хэмжээтэй ордыг заавал ч үгүй нийгмийг бухимдуулан байж зүтгэх ямар хэрэг байгаа вэ. Та нар гэр орноороо л бодоод үзэл дээ. Өөрийнхөө компанийн 51 хувийг хажуу хөршдөө өгчихөөр ямар байх вэ” хэмээн асуулаа.
Харин Уул уурхайн сайд Р.Жигжид хариулахдаа “Бид сайн дураараа хувь эзэмшүүлээд байгаан биш шүү дээ. Хуулийн дагуу л явагдаж байгаа. Стратегийн ордод буюу хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар нөөцийг нь тогтоосон.
Аж ахуй нэгжийн ордод төр 34 хувь эзэмшиж болно гээд заачихсан байгаа. Энэ бол дээд хязгаар. Мэдээж төр 51 хувиа эзэмшиж чадахгүй зөвхөн төлбөр авна гэвэл Монгол талдаа эрсдэлтэй гэдэгтэй чинь санал нэг байна” хэмээн хариулсан юм. Харин Гацууртын орд
Түүнчлэн Ө.Энхтүвшин гишүүн “34 хувийг эзэмшихын бол хүүтэй зээл гэж ойлголоо. Өөрөөр хэлбэл 20 хувийг нь эзэмшвэл хүүгүй зээл, 34 хувь болвол хүүтэй бодогдох юм уу гэдгийг асуух гэсэн. Түүнчлэн тэр Ноён ууланд чинь нөгөө хаадын булшаа ухуулахгүй, хөндүүлэхгүй гэсэн маргаан, жагсаал болоод сүүлдээ хүмүүс өлссөн.
Тэгэхээр нийгэмдээ энэ ордын талаар зөв ойлголт өгч чадсан уу. Үнэхээр булш бунхан хөндөгдөхгүй гэдгийг ойлгуулмаар байгаа юм. Сүүлийн үед УИХ-аар хэлэлцэж байгаа асуудлууд нийгэм рүүгээ зөв биш ойлголтыг өгөөд улам бухимдуулаад нэг хэсэг хүмүүс л хувааж идэх гээд байгаа юм шиг ойлгогдоод байна” хэмээн асуудлын голыг олсон асуулт тавьсан.
Чих халууцуулсан Ажлын хэсгийнхэн
Харин уул уурхайн сайд хариулахдаа “Хамтарсан компаниа 100 мянган ам.доллараар байгуулаад түүний 34 хувь буюу 34 мянган ам.долларыг Монголын тал, үлдсэнийг нь нөгөө тал гаргаж үүсгэн байгуулчихаад компанийнхаа нэр дээр зээл авах хувилбарыг сонгож байгаа.
Гэхдээ хэлбэр нь ийм боловч эцсийн алхамдаа зөвхөн хувь эзэмших биш тусгай төлбөрийг нь авах нь бидэнд хэрэгтэй гэсэн утга бүхий тогтоодын төслийг өргөн барьж байгаа юм” гэх хариултыг өгсөн юм. Түүнчлэн Ноён уулийн тухай нийгэмд зөв мэдээлэл өгөхийн тулд баримтат кино хийж телевизүүдээр цацна гэдгийг Р.Жигжид сайд онцоллоо.
Түүнчлэн сайдын хэлснээр олборлолт хийх гэж буй газарт түүх соёлын дурсгалт зүйл байхгүй. Ноён уулаасаа шулуун шугамаар 4-5 км метр зайд бий. Одоо ашиглах гэж байгаа талбай бол өмнө нь шороон орд ашиглаад ихэнх хэсгийг эвдэлчихсэн. Харин шинээр эвдрэлд орох нь нийт талбайн 20-30 хувь юм.
Харин арван жилийн дараа нөхөн сэргээлт хийлгэлээ гэхэд хоёр том хиймэл нуур, овоолсон шороогоор толгод үүсээд, хуучин байсан горхи, голыг нь сэргээгээд Аялал жуулчлал хөгжүүлэх боломжийг бүрдүүлнэ гэсэн тайлбарыг хийлээ.
Харин өнгөрсөн хаваржингаа л “Ноён уул” гэж дуугарсан УИХ-ын гишүүн Г.Уянга “Цэвдэгийн судалгаа хийгдсэн үү. Монгол орны говийн бүс л мөнх цэвдэггүй. Би энэ талаар ШУА-ын гурван эрдэмтнээс асуухад гурван хүн ирж уулзаад цэвдэггүй гэсэн бичиг хийчих л дээ гэж гуйсан байна лээ” хэмээн хэллээ.
Мөн тэрээр үргэлжлүүлэн Гацууртын ордыг ашиглахын тулд заавал ч үгүй гадаадын хөрөнгө оруулалт оруулах шаардлага юу вэ хэмээн асуусан. Миний судалж мэдсэнээр бидэнд байгаа технологиар олборлох боломжтой” гэлээ.
Ингээд асуулт асууж, хариулт хэлж дууссаны дараа үг хэлэх гишүүдийг бүртгэлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга бухимдлаа хүчтэй илэрхийллээ. Тэрээр “Та нар яахаараа иргэдийг ингэж дорд үздийн. Би хүмүүстэй нь уулзсан. Тэгэхэд иргэд 100 хувь эсэргүүцэж байна лээ. Эсэргүүцэж байгаа хүмүүс тусгай зорилготой гэж хэнийг хэлээд байгаа юм.
Үүнийгээ тодорхой хэл. Ард иргэдийг ингэж гүтгэж болохгүй. Бүх хуулиа гадны компанид зориулж өөрчилж болохгүй. Ерөөсөө л Сентерра Гоулд-д зориулсан өөрчлөлтүүд яваад байгаа юм. Ямар ч гадны хөрөнгө оруулалт байх шаардлагагүй. “Сентерра Гоулд” чинь Бороо гоулд-аас ашгаа хийгээд явчихсан.
Тайлбараа сайн хийлээ гээд дэмжлэг авчихна гэсэн зүйл байхгүй. Өнөөдрийг хүртэл үй олон ордыг ашигласан нь эдийн засгийн үр өгөөж нь ганцхан хүнд очсон. Жишээлбэл “Боро гоулд” 12 тонн алтыг Сүхбаатарын Батболд зүгээр л ачаад явчихсан. Энэ хүнээс төр муу ухаантай байж болохгүй биз дээ.
Та нар өөрсдөө бизнес хийхээр ашигтай талыг нь хараад төрийнх болохоор ажиллахаа байчихдаг ямар сонин толгойнууд вэ” хэмээн нэлээд ширүүн хэдэн үгийг яамны нөхдүүдэд хэллээ. Ерөнхийдөө АН-ын бүлэг энэ ордын асуудлыг дэмжиж байгаа. Харин МАН-ын бүлгийн зарим гишүүд ил, далд байдлаар дэмжиж байгаа гэдгийг нэмж хэлэхэд илүүдэхгүй байх.
Энэ мэтээр гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалгасан. Ингэхэд Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.