“Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл-7 хоног” болж байна
“Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл- 7”-г тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Уг арга хэмжээ энэ сарын 15-19-нд Улаанбаатар хотод болно. Энэ талаарх мэдээллийг өчигдөр БОНХАЖ-ын дэд сайд М.Хүрэлсүх, НХБСТГ-ын ахлах мэргэжилтэн Ц.Уранчимэг, НЭЗТТ-ийн зохицуулагч С.Алтанцэцэг, Цэвэр технологийн хэлтсийн дарга н.Түвшинбаяр нар өглөө.
Монгол Улс 2013 онд ногоон эдийн засгийн төлөөх түншлэлд нэгдэн орсон. Мон 2014 онд БОНХАЖЯ болон НҮБ-ын байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран ногоон эдийн засгийн бодлогын дүн шинжилгээ, ногоон хөгжлийн шалгуур үзүүлэлт мөн сургуулийн ногоон барилга байгууламж, тогтвортой худалдан авалт, ногоон эдийн засгийн боловсрол бодлогоор хог хаягдлын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд БОНХАЖЯ, Сангийн яамтай хамтран систем динамикийн загварыг ногоон хөгжлийн бодлоготой уялдуулан хөгжүүлэх, макро эдийн засгийн урт хугацааны төлөвлөлт, прогноз хийх чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх аж.
Түүнчлэн БОНХАЖЯ- тай хамтран ногоон барилгын стандарт, бодлогыг боловсруулах, түүнийг Засгийн газрын хөрөнгөөр шинээр барьж байгуулах боловсролын барилга байгууламжид нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр болжээ.
Дээр нь хог хаягдлыг дахин боловсруулах боломжийн талаарх судалгааг дэмжин ажиллахаа албаныхан хэлэв. Ногоон эдийн засгийн боловсролын бодлогын хүрээнд Үндэсний ногоон хөгжлийн боловсролын бодлогыг боловсруулах, үндэсний их сургуулиудтай хамтран ногоон эдийн засгийн сургалтыг одоогоор эхлүүлээд байгаа аж.
Мэргэжлийн байгууллагаас НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн чуулган РИО +20”- иос гаргасан. Бидний хүсч буй ирээдүй баримт бичгийн хариу арга хэмжээ нь Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл юм. Гол зорилго нь 2020 он гэхэд 20 улс орны ногоон эдийн засгийг хөгжүүлж, зохистой ажлын байр, ур чадварыг бий болгож, цэвэр технологийг нэвтрүүлж, байгаль орчны доройтол, эрсдэл, ядуурлыг буруулахад дэмжлэг үзүүлнэ.
“Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл-7” хоногийн хүрээнд Ногоон хөгжлийн бодлого, ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, макро эдийн засгийн “Т21” загварчлал, ногоон хөгжлийн бодлогын үнэлгээ, ногоон ажлын байр, ногоон барилга сургууль цэцэрлэг, тогтвортой худалдан авалт, ногоон эдийн засгийн боловсрол, ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн Монгол Улсад хэрэгжүүлэх үйл ажиллагааны дунд хугацааны зорилт, хамтран ажиллах чиглэлээр үндэсний семинар зохион байгуулна. Түүнчлэн энэ сарын 16-18-ны хооронд салбар хуралдаанууд болно.