Нөөц бол хязгаарлагдмал, бүтээлч сэтгэлгээ хязгааргүй
Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийн Сургалт,судлагаа,шинжилгээ эрхэлсэн дэд захирал Б.Мөнхбаяр
2015.06.08

Нөөц бол хязгаарлагдмал, бүтээлч сэтгэлгээ хязгааргүй

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийн Сургалт,судлагаа,шинжилгээ эрхэлсэн дэд захирал Б.Мөнхбаяртай Монголын эдийн засгийн цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сүүлийн үед “Эдийн засгийн ил тод байдлын тухай” хуулийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Хуулийн гол зорилтуудын нэг нь далд эдийн засгийг ил болгох. Тэгэхээр хууль батлагдвал дотоодын эдийн засагт бодитойгоор ямар нөлөө үзүүлж болох вэ ?

Энэ тухай ярихын тулд 2008 онд батлагдсан Татварын өршөөлийн тухай хуулийн үр дүнг эргэн харах хэрэгтэй.  Одоог хүртэл ихэнх аж ахуй нэгжүүд татвараас зайлсхийх, санхүүгийн тайлангаа хуурамчаар гаргадаг үзэгдэл хэвээр байна.

Далд эдийн засагт нөлөөлж буй гол хүчин зүйлийг тодорхойлж, шалтгааныг засалгүйгээр  дахин “Эдийн засгийн ил тод байдлын тухай”,“Эдийн засгийн өршөөлийн тухайхуулиудыг ярих нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхгүй.  

Тиймээс асуудлыг том зургаар нь харж нягтлан бодох бүртгэл, аудит, татварын тогтолцоонд цогц шинэчлэл хийх хэрэгтэй байна.

-Зарим аж ахуй нэгжүүд санхүүгийн тайлангаа хоёр хувилбараар гаргаад байгаа том хүчин зүйл нь юу вэ. Асуудал хууль эрх зүйн орчиндоо байна уу ?

Олон хүчин зүйл нөлөөж байгаа. Эдгээр хүчин зүйлүүдээс хамгийн их нөлөөлж байгаа зүйл нь татвар, тэр дундаа нэмэгдсэн өртгийн албан татвар гэж харагддаг.  НӨАТ–ийн босго болон тайлагнаж буй байдал нь гинжин хэлхээ мэт аж ахуйн нэгж байгууллагуудыг татвараас зайлсхийх байдалруу оруулж байна.

Учир нь ашгийн биш борлуулалтын 10 хувь гэдэг бизнес эрхлэгчийн хувьд маш том дүн юм.

Жишээ нь үйлвэрлэгч 100 айлын лангуунаас түүхий эдээ татаж авсан гэж үзвэл /ихэнх жижиг худалдаачид НӨАТ төлөгч биш байдаг/ борлуулалтын орлогын 10 хувийг НӨАТ-т буцаан авалтгүйгээр төлөх болдог.  Үүнээс үүдэн үйлдвэрлэгч борлуулалтын орлогоо багасгаж тайлагнадаг.

Учир нь ашгийн биш борлуулалтын 10 хувь гэдэг бизнес эрхлэгчийн хувьд маш том дүн юм.  Боруулалтаа багасгаж тайлагнана гэдэг нь тухайн үйлдвэрлэгчээс бүтээгдэхүүн авсан дараагийн худалдан авагч үйлдвэр юм уу хэрэглэгч мөн НӨАТ-гүй бараа, үйлчилгээ авах болдог гэхчлэн гинжин хэлхээ маань үргэлжилнэ дээ.   Мөн гаалийн бүрдүүлэлт, тайлагналтай холбоотойгоор татвараас зайлсхийх явдал байдаг.

Энэ өнцөгөөс харах юм бол хууль эрх зүйн орчин, түүнийг хэрэгжүүлэх механизмд асуудал байна гэж хэлж болохоор байна. 

-Ер нь үүнийг бууруулах уу, эсвэл компаниудадаливаа хэлбэрээр урамшуулал үзүүлэх хэрэгтэй юу ?

Татвар нь төсвийн орлого бүрдүүлэх, эдийн засгийг зохицуулах,  хянах үүрэгтэй байдаг. Гэтэл бид зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх үүрэг талаас нь хараад байна.

Тиймээс НӨАТ-ийг бүгд ямар нэгэн босгогүйгээр төлдөг, эдийн засгийг хэмжих арга хэрэгсэл болгож ашиглах хэрэгтэй. НӨАТ-ийг босгогүй болгох нь зардал ихтэй, хянахад хэцүү гэж үздэг боловч өнөөгийн манай нөхцөл байдал, татвар төлөгчдийн хүрээ зэргээс дүгнэхэд хэрэгжүүлэх боломжтой зүйл. Технологийн шийдлээ боловсронгуй болгох шаардлага гарах байх.

-2008 онд Татварын өршөөлийн хуулиар нэлээдгүй олон компаниудыг өршөөлд хамруулсан. Гэтэл зургаан жилийн дараа агуулга адилхан эдийн засгийн өршөөлийн хуулийн тухай ярьж байна. Тэгэхээр аж ахуй нэгжүүдэд өршөөл үзүүлж байгаа хугацаа нь ийм ойр байх нь хэр үр дүнтэй вэ ?

Ойр байх нь тийм сайн зүйл биш. Асуудлын шалтгааныг олж засахгүй бол, татвараас зайлсхийх байдал дахин үргэлжилнэ, шудрагаар татвараа төлж байгаа хэсэгт шудрага бус үйлчилнэ.  

Нөгөө талаас маш нарийн тооцоо судалгаан дээр үндэслэсэн  урт урт хугацааны бодлоготойгоор хийх ёстой.

Урт хугацаанд харж хийхгүй бол түр зуурын шинжтэй, үр дүнг нь хэсэг бүлэг хүмүүс хождог арга хэмжээ болох магадлалтай.  Судалгаа, судалгаанд суурилсан бодлогоо гаргаж түүний дагуу, шийдвэрээ гаргахгүй бол өршөөлийн хуулийн сургаар компаниуд орлогоо худлаа мэдүүлж, татвараа цагт нь төлөхгүй байх зэрэг олон асуудлууд гарч ирнэ. Нэг үгээр хэлбэл эдийн засагт буруу хүлээлтийг үүсгэчихэж байна.

Бид эдийн засгаа өөрсдөө залах хэрэгтэй

-Улстөрчид “эдийн засаг унаад байна” гээд хэвлэл мэдээллээр их ярих болсон. Гэтэл өнгөрсөн жилийн эдийн засгийн үзүүлэлтээ харахаар 7.8 хувийн өсөлттэй гарсан байгаа. Харин салбарын мэргэжилтний хувьд юу гэж харж байна вэ. Үнэхээр эдийн засаг уналттай байгаа юу ?

Эдийн засаг унаагүй. Тиймээс уналт гэж ярих нь зохимжгүй. Харин эдийн засгийн өсөлт удаашраад саармагжиж байна гэж хэлж болно. Ашигт малтмалын үнийн дэлхийн зах зээлд дэхь мөчлөг манай эдийн засагт шууд нөлөөлдөг. Тиймээс бид үнэ цэнэ шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж болох салбарт анхаарах хэрэгтэй.

-Өөрөөр хэлвэл бид бэлэн хоолоо идээд байна гэсэн үг үү ?

Тийм. Бид бүтээгдэхүүндээ үнэ цэн шингээхгүй байна. Зүгээр л түүхий эд хэлбэрээр нь зараад байгаа юм.

Үнэ цэн шингээхийн тулд бидэнд боловсон хүчин, техник, технологи зэрэг олон зүйлүүд хэрэгтэй. Тиймээс хамгийн түрүүнд хүнээ хөгжүүлэхэд анхаарах, залуучуудаа олон улсад өрсөлдөхүйц  түвшинд бэлдэх нь чухал байна.

-Сүүлийн үед ОУВС-ийн хөтөлбөр хэрэгтэй гэж яриад байна. Яг үнэндээ бидэнд Стенд бай хөтөлбөр хэрэгтэй юу ?

Бид эдийн засгаа өөрсдөө залах хэрэгтэй. Уг хөтөлбөрийг хэрэгжүүллээ гэж бодоход Монголын онцлогийг мэдэрсэн шийдлүүд хийгдэж чадах уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Тиймээс монголын төлөө монгол хүн л чин сэтгэлээсээ санаа тавина уу гэхээс гадаадын ямар ч өндөр мэргэжлийн хүн биднээс илүү сэтгэл гаргаж чадахгүй л дээ. Бид өөрсдөө л өмнө байгаа асуудлаа шийдэх хэрэгтэй.

Хүлээх нь зөв шийдэл

Манай эдийн засаг маш жижиг учраас улстөрийн шийдвэрүүдээс ихээхэн хамаардаг. Нэг өглөө л УИХ-ын дарга нь Тавантолгойн гэрээг хэлэлцэхгүй гэхэд л хөрөнгийн бирж дэх хувьцаа нь хэлбэлзэх жишээтэй. Таны хувьд эдийн засагт хэрэгжүүлж байгаа улстөрийн арга хэмжээг хэрхэн дүгнэдэг вэ ?

Миний хувьд улстөрийн шийдвэрүүдийг сайн муу гэж дүгнэхийг хүсэхгүй байна. Яагаад вэ гэвэл бүгд л салбар тус бүрдээ хөгжиж байна. Мэдээж сайжруулах шаардлагатай зүйлүүд байгаа.

Бүх зүйлийг хараар будах биш сайн , гэрэл гэгээтэй зүйлээ харж урамшиж, болохгүй зүйлээ засаж залруулж урагшлах хэрэгтэй. Хөлд орж буй хүүхэд шиг тэнтэр тунтар алхаж буй манай нийгэмд цаг хугацаа хэрэгтэй.  Эдийн засгийн хөгжил  хүний хөгжлөөс шалтгаалдаг. Харин хүнээ хөгжүүлэхдээ л хөрөнгөө зараачээ гэж хүсэх байна.

-Ер нь эдийн засгаа сайжруулж, нөгөө талаар хүнээ хөгжүүлэхийн тулд юу хийх ёстой вэ ?

Нөөц бол хязгаарлагдмал, бүтээлч сэтгэлгээ бол хязгааргүй гэсэн үг бий. Бидэнд нөөц байгаа. Тиймээс зөвхөн нөөцөө л хараад байгаа юм. Магадгүй энэ нь бидний хөгжлийг чөдөрлөх хүчин зүйл болох гээд байна. Гэтэл ямар нэгэн нөөцгүй бол юуг хийж бүтээх вэ гээд бодоод эхэлдэг. Ялгаа нь эндээ байгаа юм. Одоо эдийн засгийн сорилт бидэнд тулгараад байгаа.

Энэ сорилтыг даван туулахын тулд бүтээлч сэтгэлгээ бидэнд хэрэгтэй байна. Юу бүтээж, дэлхийтэй юугаар өрсөлдөх вэ. Улсаа хөгжүүлэх, ард иргэдээ сайн сайханд хүргэх зүйлийг бүтээхийн тулд зориход сурах, мэдэх зүйл маш их гарна үүнд нь улс бодлоготойгоор туслаад тэр чиглэлийн мэргэжилтнээ олон улсын жишгээр бэлдэхэд хөрөнгө оруулах хэрэгтэй.

Тодорхой жишээ хэлэхэд хүнд хэцүү үед Монгол улсыг аварч гардаг мал аж ахуйн салбараа хөгжүүлж болно. Үүгээрээ бид олон улсад ялгарал хийе

Манай үйлдвэрлэгчид өнөөдөр хамгийн бага үнийн өсөлт гардаг боловсруулалт хийгээд борлуулчихаж байгаа юм. Бид ноосоо угаагаад гаргахад үнийн өсөлт нь 2 дахин, харин үүнийг гадны үйлдвэрлэгчид  худалдаж аваад Европын зах зээлд тэмээний ноосон хөнжил болгоод 100 дахин өсгөөд зарчихаж байгаа юм. Түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн болох хүртэл 500-2000 дахин өсдөг жишиг байдаг.

Энгийнээр тайлбарлахын тулд үйлдвэрлэгчдийн өнөөгийн байдалд хийсэн судалгаагаар жишээ авъя.

Дээрх зургаас харахад хагас боловсруулалт хийдэг үйлдвэрлэлд зарцуулсан 1 төгрөгний үр дүн нь 1.7 төгрөг болж байхад гүн боловсруулалтанд зарцуулсан 1 төгрөг 5.4 төгрөг болж илүү үнэ цэнийг бий болгох нь харагдаж байна.  Бид нийт мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний 80 хувьд зөвхөн угаах, хагас боловсруулалт хийж 20 орчим хувьд дараагийн шатны боловсруулалт хийж байна. Энэ нь бидэнд үнэ цэнийг бүтээх маш их боломж байгааг харуулж байна. Илүү нарийн боловсруулалт хийхэд илүү нарийн технологи, түүнийг эзэмших шаардлага гарна тэрийг манай залуус сурч, хийж чадна шүү дээ.

МАЛЧНЫ ХОТНООС-ЭЦСИЙН ХЭРЭГЛЭГЧ загвараар  мах, сүү, арьс, шир, ноос, ноолуур, дайвар бүтээгдэхүүн гэсэн мал аж ахуйн бүтээгдэхүүнээ үнэ цэнэд хүргэж экспортын бүтээгдэхүүн бүтээх боломжийн талаар манай сургуулийн судлаачид судалж байгаа.

Манай улсын мал аж ахуйн нөөцийн хувьд их хэмээгээр, хямдхан зарахад тохиромжгүй тиймээс үнэ цэнэ бүхий,  олон улсын зах зээлийн өрсөлдөөнийг давж чадах ялгарал бүхий өндөр үнэтэй бүтээгдэхүүнийг бий болгох тухай асуудал юм.  Тэгэхээр зарах биш бүтээх тухай бодох хэрэгтэй болж байна.

Уг нь монголчуудын уламжлалт мал аж ахуй эрхэлдэг туршлага өөрөө ялгарал түүнийг л зөв олж хараад  эрүүл ахуй, стандартын талаас өндөр шаардлага тавиад ажиллачихвал дэлхийн шилдэг экологийн цэвэр бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх боломжтой. Тээвэрлэлтийн бусад гарцуудыг ч харах хэрэгтэй Африкийн орнууд европруу агаарын тээврээр бүтээгдэхүүнээ тээвэрлэж байна шүү дээ.

-Эдийн засгаа солонгоруулаад хэт нэг салбарын хараат байдлаас гарахын тулд мал аж ахуйгаас гадна өөр ямар боломжит салбар бидэнд байгаа вэ ?

Байлгүй яахав,аялал жуулчлалын салбар. Тэр дундаа “Эко аялал жуулчлал”. Манай улс бусад орнуудтай харьцуулахад хүний гараар хөндөгдөөгүй нутаг ихтэй. Тиймээс экологийн тэнцвэрийг хадгалсан, хүн байгалийн харилцааны жишгийг тодорхойлсон орчин бол эко аялал жуулчлалыг хөгжүүлэх гол түлхүүр болох боломжтой.

Түүнчлэн уг аялал жуучлалаар дамжуулан дээр дурьдсан малын гаралтай, үнэ цэн шингэсэн бүтээгдэхүүнээ сурталчилах, худалдах боломжтой.

Төгсгөлд нь уламжлалаа, орчин үеийн бизнесийн ухаан, технологитой хослуулж, олон улсад өөрсдийн шинэ зах зээлийг бий болгож хөгжлийн шинэ гарц нээцгээе гэж хэлмээр байна.