Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцлээ
Улсын Их Хурлын чуулганы пүрэв гаригийн үдээс өмнөх хуралдаанаар Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Эдийн засгийн хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан танилцууллаа.
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6-д “Бусад байнгын хороо Үндсэн чиглэлийг хэлэлцсэн бол гаргасан санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд өгнө” гэсний дагуу байнгын хороодоос тус үндсэн чиглэлийн төслийг хэлэлцээд ирүүлсэн санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцуулж, тэдгээрээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар нэг бүрчлэн санал хураалт явуулсан байна.
Мөн байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх явцад тухайн жилдээ хэрэгжих боломжгүй санхүүгийн эх үүсвэр нь тодорхойгүй саналыг хасах, мөн агуулга давхардсан зарим саналыг нэгтгэн томьёолж тусгажээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсан. Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь, одоо байгаа нөхцөл байдалд тулгуурлаж эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, энэ онд хэрэгжүүлэх зорилтуудаа бүрэн хэрэгжүүлэх зорилт тавиад ажиллаж байна.
Тиймээс үндсэн чиглэлийг Засгийн газрын оруулж ирсэн санал, бодит байдалд тулгуурлан аль болох биелэх боломжгүй асуудлыг тусгахгүй байх зарчмыг баримталсан. Эдийн засгийг сайжруулах, цаашид төсвийн орлогыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд томоохон төслүүдийн түвшинд шийдэх, ялангуяа улс төрийн ойлголцолд хүрэх асуудлууд байгаа. Эдийн засгийн байнгын хороо ажлын 6 хэсэг байгуулан ажиллаж байна гэв.